Saturday, April 27 2024

БҮТ: ЭЕШ-ын материалыг газар дээр нь засаж оноог гаргадаг системийг нэвтрүүлнэ

Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлсэнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийж. Шалгалтын журамд орсон зарим өөрчлөлтийг танилцүүллаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл орон даяар онлайнаар 24 цагийн турш  үргэлжилнэ. Энэ жил ЕБС-ийг 42.000 орчим хүүхэд төгсөж байгаа бөгөөд өмнөх оны төгсөгчдөөс 3000-4000 төгсөгч нэмэгдэн 45000 шалгуулагч ЭЕШ өгөх тооцоолол байгаа аж.

Энэ жилээс эхлэн ЭЕШ-д бүртгүүлэгч регистрийн дугаараа хийхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй бүх мэдээлэл гарч ирэх бөгөөд үүн дээрээ үндэслээд хичээл сонголт болон төлбөрөө хийх  боломж бүрдэж буй аж. Ингэснээр шалгуулагчийн хувийн мэдээлэл алдаагүй байх, батламж хуудсан дээр хувийн мэдээлэл үнэн зөв бичигдэх, их дээд сургуульд элсэхэд асуудал гарахгүй байх давуу талтай болжээ. Ингэж бүртгүүлэх үед хувийн мэдээлэлтэй холбоотой зөрүү гарсан тохиолдолд бүртгүүлэгч сургуулийн сургалтын менежерээрээ дамжуулан боловсролын мэдээллийн нэгдсэн системийн бүртгэлд өөрчлөлт оруулна.

Шалгалтын бүртгэлийн хураамжийн төлбөрт өөрчлөлт ороогүй нэг шалгалтын үнэ 5800 төгрөг байх бөгөөд төлбөрийг Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх банкны системээр болон Мобикомын кэнди оноогоор гүйлгээ хийх боломжтой аж. Энэ жилийн ЭЕШ-ын Монгол, Анли Орос хэлний шалгалтын сонсоод ойлгох даалгаврыг нэмж хугацааг уртасгасан бөгөөд заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтад задгай хэлбэрийн даалгавруудыг нэмжээ. Математик, хими, физикийн хичээлийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, бусад хичээлийн шалгалт 80 минут үргэлжлэх аж.

Бүртгэл дууссаны дараа тавдугаар сарын 15-наас хойш өөрсдийн бүртгэлийн дугаараар БҮТ-ийн  цахим хуудсанд нэвтэрч шалгалт өгөх байр, суудлын хувиараа мэдэх боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын дунд 10 хоногт болох бөгөөд дүн оноо долдугаар сарын 1-нд гарна.

Мөн тус төвөөс шалгалтын материалыг газар дээр нь засаж дүнг гаргадаг системийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд 2019 оноос бүрэн хэрэгжих талаар БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат мэдээллээ.

БҮТ-өөс 5, 9, 12-р ангийн сурагчдаас авдаг улсын шалгалтын нээлттэй даалгаврын санг бүрдүүлээд ажиллаж байна. Шалгалтын санд 21000 даалгаврыг байршуулах бөгөөд үүний дагуу багш, сурагчид шагналтандаа бэлтгэнэ. Улсын шалгалт эхлэхээс өмнө БҮТ-ийн сангаас улсын шалгалтын даалгаврын агуулгыг  тодорхойлж гаргасан үнэлгээ хийх төлөвлөгөөг гаргаж тэр төлөвлөгөөний дагуу тухайн сургуулийн улсын шалгалт зохион байгуулах комисс даалгаврын санг ашиглаад өөрсдөө сэдэв даалгавраа боловсруулж сонгон шалгалтаа авна. Мөн дүн оноогоо БҮТ-ийн цахим хуудсанд шивж оруулна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: