Манай улсын 1,753 иргэн солонгос хүнтэй гэрлэжээ

БНСУ-д 46,212 Монгол иргэн оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үеэр тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд “Манай улсаас авах гэрээт ажилчдын тоог энэ жил нэмэгдүүлнэ” хэмээн хэлсэн. Ерөнхий сайдын айлчлалын дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол, Солонгос иргэд визгүй зорчих боломж бий болох талаар мэдээлж байсан юм. Үүнээс үзэхэд манай улсаас БНСУ-д оршин суух иргэдийн тоо нэмэгдэх магадлалтай. БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээс харахад өнгөрсөн оны байдлаар БНСУ-д Монгол Улсаас 46 мянган иргэн оршин сууж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 33.7 хувиар өсжээ. 

БНСУ-д оршин сууж байгаа 46,212 иргэнээс гэрээт ажилтан 6,881, аялал жуулчлалаар 22,062, оюутан 7,404, оршин суугчийн гэр бүл 1,109, хамтран амьдрагч 2,967, солонгос иргэнтэй гэр бүл болсон 1,753, бусад зорилгоор 4,308 иргэн оршин сууж байна. Харин визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар БНСУ-д оршин сууж байгаа иргэдийн тоо 12,476 байгаа ажээ. Түүнчлэн зөвхөн манай улсын иргэд БНСУ-д зорчих биш Монгол Улсад зорчсон БНСУ-ын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил гэхэд 65,388 солонгос иргэн манай улсад аялал жуулчлалаар иржээ. Монголд ирсэн солонгосын жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь Солонгос, Хятадын эдийн засгийн хоригтой холбогдолтой гарсан өөрчлөлт болохыг холбогдох хүмүүс мэдээлж байлаа. БНСУ-ын Хууль зүйн яамнаас гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг мөн гаргасан байна.

БНСУ-д 2016 онд 1,758 Монгол иргэн гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх 2015 оныхоос 26.6 хувиар өсжээ. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийн 55 хүнийг хорьж шалгасан байна. Үүнээс хүн амины хэрэг 7, дээрэм 5, бэлгийн хүчирхийлэл 42, хулгай 279, хүчирхийлэл 431, оюуны өмчийн 77, мөрийтэй тоглоом 9, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 526, бусад гэмт хэрэг 382 байна. Хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 2012 онд байгуулсан “Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын” хэлэлцээрийн дагуу 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж байна. Энгийн паспорттай иргэд 90 хоногийн визтэй харилцан зорчдог. Үүний зэрэгцээ сүүлийн хоёр жилд 4-өөс дээш удаа нийт 10 удаа зорчсон, оршин суухтай холбоотой зөрчил гаргаагүй, энгийн паспорттай иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд оршин суух 5 хүртэлх жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн визийг 2017 оноос харилцан олгож байгаа юм.

С.Саран

+ There are no comments

Add yours