“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аас баталлаа

2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д дэвшүүлсэн санал зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоолын төслийг хэлэлцэж, 72,7 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг 2017 оны 3 дугаар сард өргөн барьсан бөгөөд илтгэлийг 10 дугаар сард УИХ-аар хэлэлцэх явцдаа хамтарсан Ажлын хэсгийг байгуулан ажилласан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлд тусгасан санал зөвлөмжийг Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөлд тусгахдаа өвлийн цагт хүүхдээр хурдан морь унуулах, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай асуудлыг оруулаагүй байгааг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж сануулсан юм. Түүнчлэн хэлэлцэж буй Байнгын хорооны тогтоолын төсөлд “… Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, ажилтны үндсэн эрх, зарим нэр томьёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн конвенц, зөвлөмж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх…” хэмээн тусгагдсан байгаа учир хүний хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаагаа хэллээ. Мөн тэрбээр 16 дахь илтгэлийн дөрөвдүгээр бүлэгт Монгол Улс дахь эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар бүтэн бүлэг байгааг сануулаад Монгол Улсын Засгийн газар Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколоор олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм болон эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах бие даасан байгууллагыг нэн даруй байгуулах ёстой. Үүн дээр Улсын Их Хурал анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг хэллээ.“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аас баталлаа

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэллээ. “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны энэхүү тогтоол нь хүний эрхийг хангах чиглэлээр асуудлуудыг шийдвэрлэхэд нийгмийн, бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэхүйц хэмжээний ач холбогдолтой гэдгийг гишүүд тэмдэглэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санал оруулсанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах, түүнийг хэрэгжүүлэхийг дэмжиж, тогтоолын төсөлд нэмж оруулахаар боллоо. Тогтоолын төсөлтэй танилцана уу.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 01 дугаар сарын 31-ний өдөр хот          Дугаар …                                 Улаанбаатар

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан

авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.5 дахь заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд дэвшүүлсэн санал, зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос ТОГТООХ НЬ:

НЭГ.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд дэвшүүлсэн санал, зөвлөмжийг сайшаасугай.

ХОЁР.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд дэвшүүлсэн санал зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр дараахь асуудалд анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авч, ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-д чиглэл болгосугай:

Нэг.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар

1.1.Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгаж, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах арга хэмжээ авах.

1.2.Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхэд сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлал, нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зэргээр хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах.

1.3.Өсвөр насны охид эрт бэлгийн харилцаанд орох, хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвдөх нь жилээс жилд нэмэгдэж байгааг онцгойлон анхаарч, бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.

1.4.Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг төрийн албан ёсны хэл дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах.

1.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах үүднээс Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилга байгууламжийг шинэчлэн ашиглалтад оруулах, төсөв, хөрөнгийг шийдвэрлэх.

1.6.Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нийцүүлэх.

1.7.Төрийн болон хувийн өмчийн тусгай хэв шинжтэй цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтанд ажлын байрных нь чиг үүргээс хамаарч албан тушаалын үндсэн цалингийнх нь 10-30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс олгох асуудлыг шийдвэрлэх.

1.8.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд байнга асруулж, сувилуулж буй хүнд хэлбэрийн болон давхар хөгжлийн бэрхшээлтэй нийт 34 хүүхдийг Өнөр бүл хүүхдийн төвийн харьяанд шилжүүлэх, тухайн байгууллагыг мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хангах, бүтэц, орон тоог нь нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх.

Хоёр.Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар

2.1.Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, ажилтны үндсэн эрх, зарим нэр томьёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн конвенц, зөвлөмж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2.2.БНМАУ-ын 1991 онд баталсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

Гурав.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаар

3.1.Жендэрийн асуудал нь нийгмийн бүх салбарыг хамарсан цогц асуудал тул салбар дундын жендэрийн асуудлыг зохицуулах бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх үүднээс Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг бие даасан бүтэцтэйгээр дахин зохион байгуулж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог бүрэн хангах.

3.2.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний шинэ хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх.

3.3.Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь жендэрийн тэгш байдал гэсэн ойлголтын нэг хэсэг тул уг хуулийн нэрийг “Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль” гэж өөрчлөх асуудлыг холбогдох журмын дагуу боловсруулах.

3.4.Төр, захиргааны байгууллагууд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хүлээсэн чиг үүргийнхээ хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл гаргадаг байх журмын зохицуулалтыг хуульд шинээр тусгах.

ГУРАВ.Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-түүрэг болгосугай.

1.Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомж шинэчлэн батлагдсантай холбогдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2.Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүсэж байгаа тул дээрх хуулиудын зарим зүйл, заалт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэхийг судалж, шийдвэрлэх.

3.Хүүхдийг гадаад улсын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулсан журмыг хүчингүй болгож уг асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан дүрэм, журмыг баталж, чиг үүргээ биелүүлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөтөлбөр, төлөвлөгөө гарган мөрдөж, ажиллах.

5.Эрүүл мэндийн яам Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа хохирогчийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хохирогчийн бэртэл гэмтэл, өвчлөлийн шалтгааныг тэмдэглэж, баримтжуулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангаж, ажиллах.

6.Олон нийтийн хэвлэл, мэдээллийн байгууллага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл, нийтлэлийн агуулга, хөтөлбөрт хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах асуудлыг тусгах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглосон заалтыг чанд мөрдөж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан чиг үүргээ биелүүлж, ажиллах.

7.Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагын эрүүл мэндийн ажилтнууд дээрх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахад анхаарах, мөн нийгмийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийллийн үзүүлж байгаа нөлөө, осол, гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлах үйл ажиллагаа зохион байгуулах.

8.Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, дээрх үйл ажиллагаанд шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулахад анхаарах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, хорооны цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн нийгмийн ажилтныг ажиллуулах.

9.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо, гэмт хэргийн тоо улсын хэмжээнд нэгдсэн байдлаар гардаг нэг мэдээллийн санг бий болгож системчлэх, гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар нэгдсэн мэдээлэл, судалгаатай байх.

10.Бага насны хохирогч хүүхдийн эрхийг хамгаалахад мэргэшсэн өмгөөлөгч, нарийн мэргэшсэн шүүхийн шинжилгээний шинжээч, хүүхдийн асуудал хариуцсан мөрдөгч ажиллуулах.

11.Төлбөрийн чадваргүй хохирогчид өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх талаархи эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

12.ОХУ, БНХАУ-ын хил залгаа аймаг болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөх, орон тоог нэмэгдүүлэх, дээрх сумдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр бүрэн камержуулах.

13.Хүний эрх, хүүхдийн эрхийн боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх.

14.Төрийн бүх шатны байгууллага болон аж ахуйн нэгжид хүний эрх, хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа сэдвүүдээр мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах.

15.Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарсан багийн бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг нэмж оруулах.

16.Хүүхдийн аюулгүй, халдашгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэг, сургууль, дотуур байр, хүүхдийн асрамж, халамжийн төв, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчийн байр, мөрдөн байцаалтын өрөө, саатуулах болон цагдан хорих байр, хорих ангид хууль тогтоомжид нийцүүлэн камерын хяналтын системийг бүрэн нэвтрүүлэх.

17.Баар, зочид буудал, саун, цахим тоглоомын газар, интернет төвүүдэд тавигдах стандарт, шаардлагыг шинэчлэх, хууль, хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагатай хамтран тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг тогтмолжуулах, хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүлэх.

18.Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавих хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

19.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжийг байгуулан ажиллуулж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх ажилд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтныг оролцуулах.

20.Уул уурхай, барилга, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуйн нэгж, байгууллагуудтай хийх гэрээнд “Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.

ДӨРӨВ.Энэ тогтоолыг хэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, биелэлтийг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд тайлагнахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

ТАВ.Энэ тогтоолын биелэлтэд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/ хяналт тавьж ажилласугай.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.РАДНААСЭД

+ There are no comments

Add yours