Утаа ба улс төр

 Хүйтний эрч чангарч, идэр есийн жавар тачигнасан өдрүүд айлчилсан үе. Хөдөө аж ахуйгаа түшин амьдардаг манайхны хувьд өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 80-аад хувь нь цас ихтэй, олонхи аймаг сум зудын байдалтай байгаа. Энэ тухай Онцгой байдлын газар болон холбогдох яамдаас хааяа нэг мэдээлэл хийж ам ангайх. Цасан бүрхүүлд хучигдсан учраас мал хоолгүй болж, хүйтний эрч -35 хэмээс дээш гарсан энэ үед хэдэн малаа хоол бараадуулахын тулд хөр цасан дундуур нүүж, цас багатай газар бараадаж явна.

Харин энэ үед улаанбаатарчууд улигт утааныхаа тухай ярьцгааж, бүр жагсч, зарим хэсэг нь хэвтэж, “…Эрүүл, аюулгүй орчинд амьдрах учиртай…” гэж Үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн эрхээ сануулахыг хичээлээ. Гэвч энэ байдалдаа чих нь дөжирч, нүд нь таглагдсан төр, засгийнхан анай л таг чиг. Тэгснээ он солилцох мөч буюу иргэд олон түмэн бүгд хуучин оноо үдэж, шинэ оноо сэтгэл тайван гэрэл гэгээтэй угтах тэр мөчид анхаарлыг өөрсөд рүүгээ татах гэж айл өрхөөр явж “гийгүүлэв”. Утаа судлах гэж хэдэн айлаар орсныг дагаж явсан биш мэдэх юм алга. Дэгсдүүлээд хэлсэн ч тэд 20 айлаар ороогүй. Очсон айлдаа ууттай бэлэг барьж очоод, зургаа авахуулж, сошиалаар цацахаа зарим нэг дуртай гарууд мартаагүй. Өгсөн бэлэгтэйгээ зургаа татуулж байснаас уугиж, униартах утаан дундаа авахуулсан бол уг нь хийж байгаа гэх ажил руу нь ойртож очих байсан. Гэвч өгдөг, авдаг занг хаана ч, хэзээ ч орхихгүй байна гэдэг нь тэдний маань араншин болохоор яалтай билээ.

  Аль хэдийнэ галлагаа эхэлчихээд байхад УИХ-аас “Ажлын хэсэг” байгуулсан хэмээн олныг төөрөлдүүлж, цаг хожиж сурсан ганц мэхээ хийгээд байгаа дүр зураг нь нэг иймэрхүү. Арай л басамжилсан мэт төрх байгаа биз…

   Хэн нэгний хийж буй ажлыг үгүйсгэх, шүүмжлэх, өөлөх гэсэндээ ийм дүгнэлтэнд хүрээгүйг тодотгоё. Яадаг, юу хийдэг ажлын хэсэг вэ гээд жаахан өнгийгөөд харвал ажил хийх гэж бус ам таглах гэж байгаа дүр зураг нь иймэрхүү байдалтай тодоос тод харагдаад байгаа учраас бухимдал, цөхрөл рүү түрэгдээд байна.  

               “Ажлын хэсгийнхэн эхлээд айл өрхөөр явж судалгаа хийнэ гэнэ ээ. Утаа судлах  юм байх”…

      Халаасандаа гараа хийж ирээд л хачин сайхан инээд алдсан эрхэм гишүүн айлд орлоо, очлоо гэж бодъё. Утааг нь яаж судлах вэ. Уушгилж үзэх үү? Аль эсвэл яндангаар гарч байгаа утааны их, багыг харах уу. Үнэнээс дэндүү хол бөгөөд “Үлгэрт итгэдэг” хэмээн олон түмнийг басамжилж байгаа нь тодорхой байгаа юм л даа..

    УИХ-д сонгогч олныхоо итгэлийг авч, төр түшилцэж байгаа нөхдүүд ийм ажлаар ам хаах шалтаг хайж ядан явахад Засгийн газар яаж чимээгүй суух билээ. За, бас нэг ам нээх ёстой гэсэн шиг салбарыг саяхнаас тэргүүлэх болсон сайд нь  “зуух тараах” тухай ам алдаж орхилоо. Гэтэл танхимын тэргүүн Ерөнхий сайд “Манай Засгийн гзар зуух тараахгүй ээ. Тэр нөхөр юу ярьчихав. Зуух тарааснаар утаа багасах байсан бол багасах болсон. Харин одоо утааг саармагжуулах салхин сэнс байвал арай үр дүнтэй” хэмээн хэллээ.

 Хуучин, шинэ оны зааг дээрээс эхлээд л УИХ-ынхан утаа судлах, Засгийн газар нь утааг саармагжуулах тухай ярьсаар бараг сарын нүүр үзэх нь. Утаа хэвээр. Улаанбаатарчууд хахаж цацан гүйсээр л байна. Судалж, саармагжуулах ажил нь дуусаагүй байтал  хаврын эхэн сар айлчлан ирэх нь ээ. Идэр есийн жавар нугарч хаврын урь жамаараа орох энэ цагт хүссэн хүсээгүй утаа багасна.

  Төр, зсагтай засаггүй байгалийн жамаар утаа багасах энэ цаг хүртэл арга саам хайж, алиа зан үйлдэл гаргасандаа эрх мэдлийг гартаа барьсан түшмэлүүд ичих болов уу. Тэртээ тэргүй сарын дараа багасах утааны талаар ингэж улиглахгүй байж бас л чадаагүйн учир нь ирэх жилийн энэ үед “Ийм судалгаа хийсэн… Ингэж саармагжуулсан….” гэх тайлан тавихаа тэд сайн тооцоолсных.

   Сүүлийн 12 жилийн хугацаанд “Утаа бууруулах” төсөл, санхүүжилтэнд 210 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх статистик байна. Тэгвэл энэ 210 тэрбумаар хэдэн айлын орон сууц барьж болохыг тооцоод өгөөч, Ерөнхий сайд аа. Хотын мээр ээ.

  Утаатай хамт уугиулаад хаясан энэ их мөнгөөр орон сууц бариад хашаа байшин, гэрт амьдарч байгаа айл өрхөө оруулсан бол утаа багасна гэдгийг мэдэхгүй байсан гэвэл үнэнээс их хол санагдана. Харин мэдсээр байж ийм их хөрөнгө мөнгө зарцуулсны учир юу вэ. Хариултыг хаанаас хэн өгөх бол…

   Ер нь утаа бол улс төрийн маш том сэдэв болжээ.

 Утаа өөрөө улс төр үү? Эсвэл улс төр нь утаа юу?  Энэ асуултын хариу нь яг адил гарна. Яагаад?

 Утаагаар улс төр хийж, “Манай нам ийм арга хэмжээ авсан төдөн хувь бууруулсан…”  Аль ч нам, Засгийн газар, эрхэм гишүүн, сайд хэнбугай ч ингэж хэлнэ. Хэлсээр ч ирсэн шүү дээ. Улс төрийн намуудад утаа хэрэг болоод байна. Тиймээс утааг бууруулах, утаагүй болох тухай яриа ийм олон жил үргэлжилж байгаа юм. Утаа багасах юм уу, утаагүй болчихвол улс төрийн намууд, тэр дундаа эрх баригч хүчин, төсөл халааслагчдад мөнгө олдохоо болино. Тиймээс утаатай улс төр хийх нь төр, засгийн толгой руу мацагсдад хэрэгтэй байгаа биз. Утаагүй болчихвол улстөрчдийн халаас, санхүүжилт нимгэрч, буурах нь гээч. Утаа иргэдэд хортой. Харин улстөрчдөд ашигтай.

+ There are no comments

Add yours