Шатахуун импортлогч цөөн хэдэн компанийн харцан дор амьдардаг болсоор удаж байгаа билээ. Энэ хэдэн компани дуртай цагтаа шатахуун, бензинийхээ үнийг нэмнэ. Тэдэнд хэн ч хориг саад тавьж чаддаггүй. Өөрөөр хэлбэл шатахуун импортлогчдод үйлчилдэг хууль Монгол улсад байхгүй. Ингэж хэлэхээр бид хуулийн дор ажиллаж, амьдардаг гэх байх л даа. Гэвч баталсан, баримталж хэрэгжүүлэх ёстой зарим нэг хууль нь тэдэнд үйлчилдэггүй учраас ингэж оодроод байгаа юм.
Монгол улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун импортлогч хэдхэн компанийн өмнө Монгол Улсын Засгийн газар хоёр гараа өргөн, өвдөг сөгдөж байна гээд бод доо. Энэ бол дэндүү эмгэнэлтэй дүр зураг. Ийм засаг, төрийн хэрэг гэж юу байна? Энэ том сэтэр албан тушаал баг бүрэлдэхүүний оронд иргэний хэдэн хөдөлгөөн байсан бол арай ч ингэж өвөр түрийдээ орж, өөрсдийн улаан нүүрийг хоохойлоод иргэд ард, түмнээ сөхрүүлж, үнийн дарамт, амьжиргааны өртгөөр балбахгүй байсан гэж цахимаар шуугисаар.
Үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 65 сандал бөглөөд байгаа МАН-ын мөрийн хөтөлбөрийг сонгогч олон одоо бол цээжээрээ мэдэж байгаа. Харин сандал бөглөчихөөд байгаа та нөхдүүд мартсан бололтой. Татвар, үнийн дарамтаар ингэж сөхрүүлж, мөлхүүлнэ гэх үг өгүүлбэр танай намын мөрийн хөтөлбөрт алга. Харин “…татвараас чөлөөлнө…. хөнгөлнө…. бууруулна… “ гээд жигтэйхэн сайхан амлалтууд чинь ярайж байна.
Хэдэн зуун мянган хувиар хэвлүүлж тараагаад, амаа цангатал яриад байсан Мөрийн хөтөлбөр гэгч цаас сонгуулийн маргаашнаас ямар ч үнэгүй, хэрэггүй болдгийн жишээ энэ. Сонгогч бид амлалтанд хууртахгүй шүү хэмээн яривч үнэн хэрэг дээрээ хууртсаар л байгаа. Энэ 76 хүнийг бид сонгоогүй бол тэд УИХ-ын танхимд ороод суухгүй шүү дээ. Тэгэхээр сонголт гэдэг маань эргээд бидний амьдралд ийм айхтар хүчтэй нөлөөлөөд байна аа гэдгийг мартаж боломгүй.
Энэ шатахууны үнийн өсөлт болоод утааны асуудал бол зөвхөн олонхийн, эрх баригчдын ч асуудал биш. Ер нь бол УИХ-д бүлэгтэй, 10 суудал эзэлсэн АН-ынхан буюу сөрөг хүчнийхэн үнэхээр сүг сүлдгүй болчихож. Сөрөг хүчин ийм байдагггүй юм. Ингэж суганд хавчуулагдсан үс болж явдаггүй. Эрх баригчдын алдаатай бодлого ажлыг ил гаргаж өөрсдийн дуу хоолойгоо сонгогч олонд хүргэж, нийлүүлэх учиртай. Гэтэл одоо яаж байна. Одоогийн УИХ-д сөрөг хүчин гэж огт алга. Сайхан найр, найзан дундаа тэврэлдсэн бөөгнөрөл болчихсон байна шүү дээ. Тэр бүү хэл зарим үед олонхийн дохиогоор кноп дараад сууж байгаа нь гашуун үнээн. Ардчиллын нэр хүндийг шал руу шидэж, шороотой хутгаж байгаа намын нэр барьсан нөхдүүд бол бас л цөөврүүд буюу олигархиуд. Хэдхэн гэр үл найз нөхдийн хүрээлэл болоод хана хэрэм үүсгэчихсэн. Иймээс сөрж чадахгүй, ам нээж чадахгүй суга руу шигдээд байгаа нь нууц биш ээ.
Бүх ашиг сонирхлоороо гинжлэгдчихсэн. Тиймээс хэдхэн импортлогч компанийн өмнө хэлгүй хүн шиг сууж байна. Утаа, утаа л гэнэ. Сөрөг хүчин юу хийж юу гэж дуугарсан юм бэ. Шатахууны үнээр шантааж хийсэн энэ заваан тоглолтыг сар шахам харж чив чимээгүй сууж байснаа татвараас чөлөөлөх тэр мөчид АН-ын С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар “Импортлогчид бол МАН-ын Бага хурлын гишүүд…” гэх маягийн үг хэлж байгаа юм. Ингэж сөрөхгүй, ингэж сөрдөггүй гэдгийг тэд сайн мэдэх хэдий ч нэг гинжинд орсон учраас эвгүй хөдөлбөл гогцоо тайлагдах аюулаас айгаад байгаа бололтой.
Сар шахмын өмнөөс зарим ШТС:
–Бензин байхгүй. Одоо ер нь шатахуунгүй болж байгаа. Манайх л лав нөөц байхгүй гэх тайлбартайгааар хомсдол үүсгэж эхэлсэн. Тэгснээ зарим нь цаг цагаар дугаарлуулан байж өгдөг болсон. Сүүлдээ А-92, А-80 гээд хамгийн өргөн хэрэглээний бензинээр шоу хийж “тасарсан” гэх тоглолт хийсэн. Иргэд арга буюу өндөр үнэтэй А-95 бензин авсан. Нэг литр нь 2050 төгрөг түүнээс дээш гарсан үнээр шүү дээ. Үүнийг дагаад хэрэглээний барааны үнэ огцом өссөн. “Атар” талх гэхэд 100-200 төгрөгөөр үнэ нь нэмэгдсэн бол хүнсний бараа болон өргөн хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувь нэмэгдлээ гэдгийг худалдаачид төдийгүй мэргэжилтнүүд хэлж байгаа. Ийнхүү иргэд үнийн дарамтанд орж, хуруу хумсаа хугалах шахам байх мөчид өнөөх үнэ нэмэх шоу хийсэн шатахуун итпортлогчид алгаа ташин ялалт тэмдэглээд сууж байна.
Засгийн газар тэдэнд зориулсан хуулийн төслөө батлуулаад, баяр хөөр дүүрэн гардуулжээ. Хэрэглээ ихтэй А-92, А-80 бензинийг татвараас нь бүрэн чөлөөлөх болсон байна. Төр, засаг нь ийнхүү хоёр гар, хөлөө өргөн тэднийг татвараас чөлөөлж өгснөөр шатахууны үнийн өсөлтийг арайхийн зогсоов бололтой шүү, хөөрхий. Засгийн газрыг бүрэн шантаажилж чадсан шатахуун импортолдог хэдэн компанийн энэ их эрх мэдлийг хазаарлах ёстой юм байна гэдгийг олж харсан биз.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газрын тосны үйлдвэртэ байгуулах” тухай ам ангайсан. Үнэхээр баялагтай, байгаа гээд яриад бараг 30 жил болж байгаа. Газар дорихи баялгаа ашиглаад газрын тосоо үйлдвэрлэхгүй бол Монгол улс шатахуун импотрлогчдыг тэжээдэг, тэтгэдэг орон болох нь ээ.
Д.Нямдорж
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
