Saturday, April 20 2024

МИАТ компанид бага оврын онгоцууд угсарч байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн зөвлөх Т.Билэгт нар МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж буй ТВС-2МС агаарын хөлгийн их засварын ажлын явцтай өчигдөр танилцжээ.

ИНЕГ, МИАТ компани хамтран АН-2 онгоцыг засварлан ТВС-2МС агаарын хөлөг шинээр угсрах ажлыг хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр ширхэг ТВС-2МС агаарын хөлгийг угсарсан байна. Энэхүү агаарын хөлгийг хөдөө аж ахуй, газар тариалан, түймрийн үед гал унтраах, хортон шавьжтай тэмцэхэд агаараас хор цацах, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэх, алслагдсан сум орон нутагт зорчих зэрэгт ашиглах боломжтой юм байна.

Инженерүүдийн судалснаар ТВС-2МС онгоцыг манай улсын нөхцөлд хамгийн тохиромжтой гэж үзсэн бөгөөд өмнө нь ашиглаж байсан АН-2 онгоцны суурин дээр босч байгаа тул ажиллах хүч, инженер техникийн ажилчид хүртээмжтэйн дээр иргэний нисэхэд хамгийн элбэг хэрэглэдэг онгоцны түлшээр ажиллах тул зардал хямд байх боломжтой гэж үзэж байгаагаа танилцуулжээ.

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын  газрын дарга Т.Батжаргал, “Манай улсад богино агаарын зайн жижиг агаарын хөлгүүд шаардлагатай байгаа. Үндэсний агаарын тээврийн компанийн  энэ чиглэлийн материаллаг бааз нэлээд бэхжиж байгаа тул энэхүү жижиг онгоцыг угсарч үйлдвэрлэн хөдөө аж ахуй, байгаль орчноо хамгаалах чиглэлд өргөнөөр ашиглах эдийн засгийн ач холбогдолтой” гэв.
Монголд өмнө нь өргөн хэрэглэж байсан “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед их засвар хийж АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс тавьж шинэчилсэн ТВС-2МС агаарын хөлөг бүтэж байгаа ажээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: