Төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 34 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан дөрвөн зарчмын зөрүүтэй саналаар санал хураав.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ (тэрбум төгрөг) 2018 онд “9,651.9 гэснийг 9,651.5 гэж, нэгдсэн зарлагын өсөлтийн хэмжээг (тэрбум төгрөг) 2018 онд “497.3” гэснийг “497.0” гэж, 2019 онд “671.5” гэснийг “671.8” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг) 2018 онд “-2,420.4” гэснийг “2,420.1” гэж,нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ (тэрбум төгрөг) 2018 онд “1,989.5” гэснийг “1,928.5” гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “6.5” гэснийг “6.3” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Д.Думаа

+ There are no comments

Add yours