“Орны толгой” биш хүчирхийлэлд автсан охин “буруутай”

– Хүчирхийллийн том хохирогч хүүхдийн эрхийг хамгаалсан хууль алга-

  Гудамж уруудан алхах ээжийнхээ араас дагаж явсан хүү  гэнэт зогсч, ээжийгээ дуудах гэснээ болиод буцаж гэр рүүгээ гүйсэн байна. Хашааны хаалгаа таттал түгжээтэй байсан тул шууд даван оржээ. Гэрийн нь хаалга бас түгжээтэй байжээ. Ширүүхэн таттал хаалга онгойчихож…

-Нүдэндээ юу харсныг минь та нар төсөөлдөг ч болоосой. Би өөрийнхөө ааваас төрсөн эгчийгээ л хамгаалах гэж түлээний мод барьсан… Энд эгчийн буруу байхгүй. “Миний дүү, наадахыгаа орхи. Хоёулаа ээжийгээ олоод энэ айлаас явъя” гээд уйлж байсан. Тэр хүн амь алдсан нь миний эгчтэй ямар ч холбоогүйг тогтоогоод өгөөч. Заавал шийтгэх учиртай бол намайг шийтгэ…

  Энэ бол эрүүгийн шүүх хурал дээр 15 настай хүү Эрдэнэбаярын хэлсэн өчиг. Түүний эгч 19 настай Эрдэнэчимэг эгчийн хувьд дүүгээ гэсэн сэтгэлээр ийн өчжээ.

-Намайг таван настай байхад манай ээж энэ хүнтэй суусан. Бага байхад минь загнаж зандарч хатуу ширүүн үг дуугарч байгаагүй ч гэсэн өсч том болох тусам энэ хүний ааш авир хувирсан. Тэр хүний над руу давшилсан, намайг цагдаж мөрдсөн бүх үйлдлээс болж ээжтэй муудалцдаг. Сүүлийн хэдэн жил ажил хийгээгүй. Архи ууж, ээжийг минь зодож, занчдаг. Ганцаараа ажил хийж амьдралаа залгуулж яваа ээж минь тэр орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа ирсэн. Орж ирээд хоолоо ч идэж амжаагүй байхад нь талийгаач гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд мөнгө нэхэж хэрүүл үүсгээд, ээжийг барьж авч зодсон. Энэ үед дүү гэртээ  байгаагүй. Хажуугийн айлд байсан. Би талийгаачийн гараас ээжийг арайхийн салгаад, ээжийн гадуур хувцсыг авч өгөөд ”Яв. . . Зугт” гэж хашгирсан. Ээжийн нүүр, амнаас зөндөө их цус гараад, нүд нь час улаан болсон байсан. Ээжийг дөнгөж гарсан чинь араас нь ухасхийсэн талийгаачийн хүрэмнээс би зуурч, зогсоосон. Ээжийг барьж аваад дахиад л зодно шүү дээ. Тэгсэн чинь намайг багалзуурдаад, нөгөө гараараа хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгснээ миний аманд даавуу чихчихээд:

-Чи одоо надтай жаргаж чадах юм уу… гэснээ намайг орон дээр дарж, өмд рүү гараа хийж, тайлах гэж оролдсон. Намайг хүчтэй тийрэхэд арагшаа савж,  модон орны хөлийн хэсэгт толгойгоо цохисон.

-Чи угаасаа их зэвүүн. Толгой хагалчихлаа, харж байна уу… гээд толгойгоо дарснаа цус болсон гараа надад харуулаад байсан. Тэгснээ аман дахь алчуурыг авч, үнсэж, хачин муухай амьсгаа гаргаад, өмдтэй ноцолдож эхэлсэн. Чих, нүүр амыг самардаж, өөрийн чадлаар тэмцэж байх үед хаалга онгойж, дүү минь орж ирсэн.

-Новш оо… гээд муухай хашгирснаа түлээний мод шидсэн. Ичих нүүргүй тэр хүн:

-Чи ээжийгээ олж ирэхгүй яасан юм гэснээ дүү рүү дайрсан. Биерхүү бас эрүүл учраас дүү барьж аваад, унагасан… Огт хөдөлгөөнгүй болчихоор нь айлаас хүн дуудсан.

  Эгч дүү хоёрын мэдүүлэг энэ. Дүү нь эгчийгээ хүчирхийлэлд орсон байгааг хараад, түлээний мод шиджээ. Тэгтэл согтуу эр өөр рүү нь дайрч агсамнасан учир амиа хамгаалах гэж 15-хан настай хүү өвдөглөж аваад цохисон. Эгч нь мөн л  хүчирхийлэлд өртөхгүй гэсэндээ өөрийн чадлаар архины халуун, агсам, бузар тачаалдаа хөтлөгдсөн эрийн чихийг сэт хазаж, нүүр амыг маажсан нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогджээ.

   Ханилсан ханиа зодож, нүдэж, байх аргагүй болгочихоод эцэст дагавар охиноо хүчирхийлэхийг завдсан энэ эр хорвоог орхин одохдоо хүний, өөрийн хоёр хүүхдээ гэмт хэрэгтний ширээнд суулгасан байна.

  Цогцост хийсэн шинжилгээгээр “… толгойн тус газраа хүчтэй цохилт авсны улмаас амь насаа алдсан” гэх дүгнэлт гарчээ. Тэгвэл нэг эцгийнх биш ч гэлээ нэгэн эхийн хэвлийгээс гарсан эгчийгээ өмөөрч, өөрийнхөө амь насыг хамгаалах гэж түлээний мод барьсныхаа төлөө хүү хуулийн өмнө буруутан болох шахжээ.

   Согтуу эрийн бузар хүсэл тачаалын доромжлолооос өөрийгөө хамгаалах гэж тийрэх үед нь орны хөл мөргөн авсан гэмтэл нь амь насанд нь хүрсэн бол өөрийгөө хамгаалсан охин буруутай гэж үү.

  Хэрцгий эрийн хүчирхийлэл, зодуураас арайхийн зугтаж гарсан эх хүн өнөөдөр сэтгэл дүүрэн харуусал тээж явна.

-Охины минь үгэнд ороод унтчих байх гэж бодсон. Хоёр гудамжны цаана худгийн дэргэд сууж байгаад ирэхэд ийм юм болчихсон байсан. Түргэний машин талийгаачийн цогцсыг, миний хүү, охин хоёрыг цагдаа аваад явсан…

    Би гарч явахгүй тэрний гарт үхсэн бол миний хоёр хүү ингэж зовохгүй л байсан даа…

 Эхийн харамсал энэ.

-Хууль үнэнийг тогтоохдоо миний дүүг буруутгасанд харамсч байсаан. Харин сайн өмгөөлөгчийн ачаар дүүг минь хэргээс мулталж авсан. Намайг хүчирхийлэлд өртсөн гэдгийг тогтоох талаар нэг ч асуулт асуугаагүй. Нэг ч нотлох баримт аваагүй. Гэхдээ толгойн тус газраа гэмтэл авахад би буруутай учраас шүүхээс надад ял оноосон. Ээжийгээ өрөвддөг. Насаараа өөрийгөө буруутгаж, зэмлэж яваад нь. Миний ээж буруугүй ээ. Амиа аврах гэж л зугтсан: “Унтаад өгөх байх даа” гээд харайнхуй шөнө худгийн дэргэд сууж байна гээд бодохоор миний ээж өөрөө ямар их хүчирхийлэл дор байсан нь харагдаж байгаа биз дээ. Охин ингэж ярьсан.

    Өнөөдөр хүчирхийлэлд автсан энэ мэт хохирогчид нь яллуулдаг, шийтгүүлдэг хуулийг бүрмөсөн устгах сан. Хуучин гэх хуулиар шийтгүүлээд ял эдэлж байгаа хүчирхийллийн золиос болсон олон хүн байгаа. Тэд шинээр батлагдсан Хүчирхийллийн тухай хуулиар өөрсдийнхөө эрхийг сэргээж, ялаас мултарна, үр хүүхэдддээ очно гэж хүлээж, баярлаж байсан ажээ. Гэвч нэгэнт эрүүгийн хуулиараа хүний амь нас бүрэлгэсэн гээд яллачихсан учраас хүчирхийлэлд автсан, амиа хамгаалах явцдаа аминд нь хүрчихсэн, үнэн хэрэг дээрээ тэр олон жилийн хохирогчид өнөөдөр өргөст торны цаана сууж байна. Тэднийг шинэ хуулийн заалтандаа хамруулаад хэдэн хүүхэд дээр нь аваачиж, элгийг дэвтээх энэрэнгүй сэтгэлтэн алга. Нэг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд ордог аймшигтай дүр зураг зөвхөн хүчирхийллийн хар сүүдрээс л үүдэлтэй гэдгийг хэрэг бүрдүүлдэг, байцаадаг, нотолдог, шүүдэг, ялладаг бүх хүн мэдэхгүй биш мэддэг. Гэвч хуулиндаа “Амь” гэдэг асар том хар нүх бий болгочихсон. Түүн рүүгээ үхсэн л бол алсан гээд чихээд байдаг нь гашуун үнэн билээ.

 Хүчирхийлэл тойрсон энэ их эмгэнэл, түүний ард хамгийн том хохирогч болдог хүүхдийн хувь заяаг бодсон, тусгасан хууль л хэрэгтэй байгаа юм даа.

С.Галбадрах

   

10Comments

Add yours
  1. 3
    Залуу

    Тэгээд тийм хуулиа яаралтай гаргах талаар 76-д мэдээлэл өгнө үү, Галбадрах гуай. Хууль санаачлах эрх нь тэдэнд байгаа шүү дээ. Сэтгүүлч та нар л ийм юмыг хийж чадна шүү дээ. Юуны төлөө дөрөвдэх засаглал билээ. Жирийн иргэд мянга хашгираад нэмэргүй шүү дээ.

  2. 4
    зочин

    Эмэгтэйчүүдэд захихад архичидаас маш түргэн сал. Хоног хугацаа битгий алд. Архичин хүн хэнийг ч хайрладаггүй юм. Бүр хэнийг ч шүү. Эцэст нь үр хүүхдэдээ гай чирнэ. Ганц жишээ бол энэ.

  3. 6
    Харуусал

    Хууль шударга бус байгаад би харамсаж байна.
    Өнөөгийн нийгэм би болоод бид маш их Хүчирхийлэлийг амсаж байна
    энэ Асуудлыг хуулиндаа Олон улсын жишиг болсон хүүхдийн болоод хүчирхийллийн хуулийг Жишээ болгон авч оруулах хэрэгтэй байнаа.
    чимээгүйд Алуурчдаас болоод хэн нэгэн үргэлж хохирдог тогтолцоо биднийг сөнөөж байна

  4. 7
    Харуусал № 1

    Хууль шударга бус байгаад би харамсаж байна.
    Өнөөгийн нийгэм би болоод бид маш их Хүчирхийлэлийг амсаж байна
    энэ Асуудлыг хуулиндаа Олон улсын жишиг болсон хүүхдийн болоод хүчирхийллийн хуулийг Жишээ болгон авч оруулах хэрэгтэй байнаа.
    чимээгүйд Алуурчдаас болоод хэн нэгэн үргэлж хохирдог тогтолцоо биднийг сөнөөж байна

  5. 10
    Oyun

    End jiriin irged halaglaad yamar ch hereggui, nemergui, 76 “buzruudaar” uursduur ni huuliig ni ‘Zasuulaad ” uguuleh heregtei, ard olnii duu hooloi bolson geed bgaa 4 deh zasaglal ch geed baidag nuhduud zuvhun niitlel bicheed zogsohgui mergejil negt nuhduud chin ter 76 dotor chin buun buunuuruu suuj bga tedend handaad huuliig ni iirchluuleed uguurei

Leave a Reply to зочин Cancel reply