Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр Элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байна. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны баярын захидлыг уламжилсанд талархал илэрхийлье гээд уулзалтыг нээж сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хоёр талын хооронд өмнө нь ярилцаж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг шинэ Засгийн газар үргэлжүүлэн ажиллана. Манай Засгийн газрын бодлого хэвээр байх болно.
Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр мөн тогтвортой бодлого үргэлжилнэ. Онцгойлж үзэх нэг асуудал нь сүүлийн саруудад Гашуунсухайт – Ганц мод боомтоор гарч буй манай экспортын хэмжээ ихээхэн буурч буйд сэтгэл зовниж байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэх нь хоёр орны хооронд 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх “Бүс ба зам” санаачилгын саадгүй худалдааг хэрэгжүүлэхэд ихээхэн тустай хэмээн үзэж байна.
Манай хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр улам идэвхтэй хөгжсөөр байна. Оюутан залуусын солилцоо өргөжиж байгаа нь иргэдийн харилцан ойлголцол найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи анхны уулзаж байгаа Элчин сайд болсондоо баяртай байна гэсэн юм. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Таны өнөөдөр тавьсан экспортыг нэмэгдүүлэх тухай асуудлыг анхааралдаа авна гэлээ.
+ There are no comments
Add yours