Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, тус ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар өнөөдөр /2017.08.11/ хэвлэлийн бага хурал хийж, улс орон даяар зохион байгуулагдаж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийн явц байдал, ард иргэдээс санал авах хэлбэрүүдийн талаар мэдээлэл хийж, шуудангаар иргэд саналаа үнэ төлбөргүй илгээх боломжтой болсныг дуулгалаа.
Тэрбээр хэлэлцүүлэг зөвхөн аймгуудад бус бүх сум, баг, нийслэлийн бүх дүүрэг, 150 хороонд явагдана гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцон олон шинэ саналууд ирүүлж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж буйд талархаж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийг зохион байгуулагчид болон оролцогч бүх хүнд хүргэхээр УИХ-ын Тамгын газраас бэлтгэж хэвлүүлсэн ‘Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар’ номын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гэнэт гарч ирээгүй. Энэ асуудал сүүлийн дөрвөн удаагийн УИХ-ын үед яригдаж байсан гээд хамгийн сүүлд 2012-2016 оны парламентын үед УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байсныг дурдав. Үүний дараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, эрдэмтэд оролцсон төслийн баг УИХ-ын Тамгын газарт ажиллаж Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах чиглэл гарсны дагуу УИХ-ын гишүүний 45 гишүүний гарын үсэгтэй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ-аар хэлэлцэгдэж амжаагүй тэрхүү төсөлд тусгагдсан нэлээд хэдэн заалтууд, тухайлбал УИХ, Засгийн газрын харилцаа, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой болгох асуудал одоо хэлэлцэгдэж буй төсөлд тусгагдсан гэлээ.
Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон удаагийн хэлэлцүүлэг, эрдэмтдийн судалгаа, иргэдээс авсан саналуудад үндэслэн анхдугаар Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлсний дараа улс төрийн намуудын тэгш төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон Ажлын хэсэг боловсруулсан бөгөөд ард нийтээр одоо хэлэлцүүлж байгааг тодруулж хэлсэн юм.
Энэхүү хэлэлцүүлгээр ард иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн төслийг дахин боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-аар ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд бүх үе шатанд олон нийтийн оролцоог хангахын төлөө ажиллаж байгааг онцлов.
Иргэдийн мэдээлэл, ойлголт дутмагаас энэ удаад орон даяар явагдаж байгаа хэлэлцүүлгийг ард нийтийн санал асуулга мэтээр хольж хутгах ташаа ойлголт байгааг Ажлын хэсгийн ахлагч залруулаад энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах багц асуудлыг ард иргэдээрээ тал бүрээс нь ярилцан шүүн хэлэлцэж байгаа гэлээ. Хуулийн төсөл батлагдангуут шууд хэрэгжээд явна гэсэн буруу мэдээлэл байгааг мөн тэрбөээр залруулаад хуулийн төсөлд төр, засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс хэрэгжих хугацааг нь 2020 оны 07 сарын 01, 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр тусгасан болохыг онцолсон юм.
Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгээр иргэдийн өгсөн бүх саналыг нэгийг нь ч орхигдуулахгүйгээр тусгай программын дагуу хяналттай бүртгэгдэнэ гэдгийг тодотгоод хуулийн төслийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор иргэдийн хамгийн ихээр ашигладаг Фэйсбүүкт нээсэн шинэ хуудасын талаар мэдээлэл хийсэн юм.
‘Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт’ нэртэй пэйж хуудсыг Фэйсбүүкт нээжээ. Энэхүү хуудаст дээрх хуулийн төсөлтэй холбоотой бүх мэдээллийг оруулсан бөгөөд уг хуудас дахь шинээр нээсэн холбоосуудаас хуулийн төсөлд нэмэгдэж, бас өөрчлөгдөн тусгагдсан зүйл, заалтуудыг файлаар татаж авахаар болон шууд унших боломжтой.
Мөн албан ёсны санал асуулга бүхий forum.parliament.mn хуудас руу дамжин нэвтэрч, тэнд хэрхэн бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах, санал өгөх талаар дэлгэрэнгүй зурган тайлбарыг оруулсан байна.
Тус хуудаснаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрийг тайлбарласан анимейшн видеонуудыг үзэхээс гадна асуухыг хүссэн асуултдаа автомат хариулагчаас мэдээлэл авч болох аж.
Хэвлэлийн бага хуралд оролцсон “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар Монгол Улсын бүх сум, суурин газарт салбартай “Монгол шуудан” ХК бүх нийтийн үйлчилгээний хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналаа шуудангаар үнэ төлбөргүй илгээх боломжийг олгохоор шийдвэрлэснийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Иргэд өөрийн амьдарч буй сум, суурин газарт хамгийн ойр байрладаг “Монгол шуудан” компанийн салбарт очиж тэнд байршуулаад буй саналын хуудсыг бөглөж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэгт үнэ төлбөргүй илгээж болох юм байна.
Мөн УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс олон нийтээс ирүүлсэн саналыг нэгтгэх тусгай программыг бүтээсэн бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдээс анкетаар ирсэн, цахимаар өгсөн, шуудангаар дамжуулж ирүүлсэн бүх саналыг тухайн программд оруулан нэгтгэж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн заалт тус бүрт иргэдээс ирүүлсэн саналаар тайлан гарах аж. Ингэхдээ хичнээн хүн саналаа ирүүлсэн, тэдний нас, хүйс, боловсролын байдал, иргэд аль саналыг илүү дэмжсэн талаархи мэдээллээс гадна аймаг, нийслэл, сум, баг, хороо тус бүрээр санал өгсөн иргэдийн тоог нэгтгэж гаргах юм байна. Түүнчлэн иргэдээс ирүүлсэн саналаас гадна байгууллагуудаас ирүүлсэн саналын тайлан ч бүртгэгдэн гарах юм байна хэмээлээ.
+ There are no comments
Add yours