Сайхан хүүхэн сайн морь хоёр буг болдог гэсэн үг байдаг. тэгээд ч энэхүү итгэл үнэмшлийг ашиглан “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг адуучин эр ажнай сайн хүлгээ шунаг ноёнтноос салгаж авч байгаа тухай гардаг шүү дээ.
Тэгвэл ямар ч эрийн нүд унаж, сэтгэл хямармаар сайхан төрсөн Д. Сарангэрэл гэдэг бүсгүй амьдаараа шулмас болсон явдал 1985 онд тохиожээ. 1982 онд Нийслэлийн 24-р сургуулийг төгссөн тэрээр Ахуйн үйлчилгээний ТМС-д элсэн орсон байна. Тэгээд ТМС төгсөх жилээ Зөвлөлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан С. Занданшарав гэгч 40 гарсан эхнэр хүүхэдтэй эртэй холбогдож орхижээ. С. Занданшарав түүний үзэсгэлэн гоо бие цогцос, гэнэн хонгор ааш аалинд унаж тустлаа дурлахдаа эхнэр гурван хүүхдээ гаргуунд нь гаргаж, үнсэнд хаягдсан шалз шиг орхихоо юман чинээ бодсонгүй.
Д. Сарангэрэл тэр үед аав нь өнгөрөөд удаагүй. Бас ээж нь бие нь муудаад хэвтэрт орчихсон байсан учраас айлын ганц охины хувьд амьдрал нь хүнд байжээ. Яг тэр үед нь С. Занданшарав эхнэр, хүүхдээ хаяад тэдний гэрт ирээд суучихаж. Д.Сарангэрэлийн ээж нь ухаан нь орон гаран байхдаа ” Охин минь, энэ хүн нэг л хүйтэн харцтай юм. Чамайг их л зовоох байх даа” гэж хэлэхэд анхны хайраа өгсөн тэнэгхэн охин нь ямарч ухаарал авсангүй. Тэгээд ч ханиасаа салсандаа сэтгэл санаагаар унасан байсан эх нь тун ч удалгүй өөд болжээ. Тэр цагаас эхлээд хайлсан тугалга шиг л бөмбөрч байсан Занданшаравын ааш зан өдөр ирэх тусам хувирч залуу эхнэрээ хардаж зовоох болов. Сүүлдээ гэрээс ч гаргалгүй гаднаас нь цоожилчихоод явдаг болжээ. Нэгэн удаа эхнэр нь хог асгаж яваад айл асуусан залуутай үг сольсоных нь төлөө зодож, нүдээд зогссонгүй нүүрийг нь эрэмдэглэн хүн харахын эцэсгүй болгожээ. Энэ бүх дарамтнаас зугтах санаа өвөрлөн гэрээсээ оргоод гурван хоног нэг найзындаа бүгэж байгаад нөхөртөө баригдав. Тэрээр үхтлээ зодуулчихаад гэртээ хагас сар шахам санаа нь орон гаран тарчилж байхдаа нэг л жир бусын болж байгаа нь мэдрэгджээ. Наадмын шөнө тэдний гэрээс ” Аллаа, таллаа” гэсэн эр хүний орилох чимээ, эмэгтэй хүний зүрх зүсэм хашгирах дуун сонсогдоход хөршийнх нь айлын цагдаа залуу хаалгыг нь эвдэн ороход Сарангэрэл нөхрөө багалзуурдаад алчихсан тас, тас хөхөрч байв. Хөрш залуу нь тайвшруулах санаатай дөхөж очтол ” Энэ яргачинг алахад надад ээжийн минь сүнс тусаллаа. Би одоо жинхэнэ шулмас болсон” гэж хэлээд гадагшаа гарах гэж оролдоход хөрш нь саад болох гэтэл амьд хүнд баймгүй их хүчээр түүнийг хана руу савж хаячихаад хаалгаар гаран оджээ. Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилсан авч олдсонгүй. Харин долоо хоногийн дараа ээжийнхээ булшийг тэврээд үхчихсэн байхыг нь оршуулгын газрын манаач олжээ. Түүнийг оршуулах болоход шүд нь ургаад соёо гарчихсан, хөл, гарынх нь хумс яг л баавгайн савар шиг болчихсон байжээ. Хэрэг явдал ч ингээд өнгөрөв. Д.Сарангэрэлийн 3-р хороололд байдаг хоёр өрөө байрыг хотын захиргаанаас хурааж аван оёдлын нэгдлийн үйлдвэрт мастераар ажиллаж байсан Ц гэдэг айлд олгожээ. Ц-гийнх байрандаа ороод гурав хонож байтал бага хүүхэд нь юунаас ч юм айж цочиж уйлах болов. Социализмын хатуу чанд үе байсан учраас лам, хар, гандан хийдээр тэр бүр яваад байх бололцоо байсангүй. Нэгэн үдэш Ц ялимгүй архи балгачихсан учраас бие засахаар 00-ынхоо өрөө рүү дөхтөл сарны гэрэлд коридорын ханан дээр сэгсийсэн эмэгтэй хүний сүүдэр тусахад айн цочиж зогтусав. Галынх нь өрөөний салхивч онгойн хэн нэгэн ороод ирсэн юм шиг санагджээ. Мөнөөхөн ханан дээрх сүүдэр нэг арилан, нэг тодрон байснаа араас нь хэн нэгний хүйтэн гар хүзүүг нь тэмтрэх болоход айсандаа дуу нь гарахаа болиод хөшжээ. Тэгснээ гэнэтхэн чихэнд нь маш зэвүүн хоолойгоор ” Би та нарыг авна. Эрчүүд бүгд адилхан үхдэл болно” гэж шивнэн хэлэх шиг санагдаж гэнэтхэн тэрээр ухаан алдчихжээ. Өглөө эхнэр хүүхэд нь Ц-г ухаангүй коридорт хэвтэж байхад олж эмч дуудав. Ц эмнэлэгт очсон авч онош нь тодорсонгүй. Харин нас барахынхаа өмнөхөн нэг удаа ухаан орохдоо эхнэртээ ” Би шулмас харсан. Чи хүүхдүүдээ аваад даруйхан гар. Тэр шулмас намайг аваачих гээд байна” гэж хэлээд өнгөрчээ. Эхнэр нь мэдээж тэр байрнаас гаралгүй яахав. Энэ маягаар уг байранд орсон айлын эрэгтэй хүмүүс ёс бусаар өнгөрдөг болсон нь тэр шулмастай холбоотой байх хэмээн …-р байрны оршин суугчид одоо хүртэл ярьдаг юм. Харин 1990 онд энэ байранд хоёр охинтой эмэгтэй орсноор мөнөөхөн шулмас үзэгдэхээ больж үхэл зогсжээ. Гэвч энд эр хүн амьдарвал дахиад л шулмасын хилэн бадрах байх хэмээн хөршүүд нь ярьдаг ажээ.
БОДИТ ТҮҮХҮҮД НОМНООС…
+ There are no comments
Add yours