ИРГЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИДТАЙ ХАМТАРНА

Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-аас гал түймэрт үрэгдсэн амьтдын сэг зэмийг устгахад нэмэрлэх саналтайгаар 3.7 сая төгрөгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд хандивлалаа. Гал түймэр гарсан ойд мод, ургамлаас гадна ан амьтад нь шатаж дуусдаг учир сэг, зэмийг нь цэвэрлэх ажилд бага ч болтугай нэмэр болох үүднээс энэхүү мөнгийг хандивлаж байгаа тухайгаа МБОИЗ ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ хэлж байсан юм. Энэхүү мөнгөнөөс гадна тус байгууллагын гишүүд өөрсдийннөөц бололцоог ашиглан эд, материалын хандив цуглуулснаа ч гардуулсан.

 

 

Энэ бүхний хариуд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол байгаль хамгаалагч нарынхаа өмнөөс талархаж байгаагаа дуулгаад гал түймрийн голомтод ажилласан мэдээллээсээ хуваалцсан юм. Мөн тэрбээр Аялал жуулчлалын холбооны хандивласан 8.5 сая төгрөгөөр галын голомтод ажиллаж байгаа Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын албан хаагчид болон ойн ангиуд, байгаль хамгаалагчдад үүргэвчтэй ус шүршигч авч өгөхөөр болсноо дуулгалаа.

Харин МБОИЗ-ийн 3.7 сая төгрөг болон эд материалын хандивыг өөрсдийнх нь хүчийг ашиглахад зарцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Д.Оюунхорол сайд “Гал түймэр гарсан энэ үед хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Байгаль хамгаалагчид маань үрэгдсэн ан амьтдын сэг зэмийг хайх, устгах ажлыг хийж байгаа ч хүн хүч дутагдаж байгаа. Тиймээс та бүхний туслалцааг авах үүднээс бидний зүгээс мотоцикль хандивлаж, энэхүү хандивын мөнгийг шатахуун, хоол хүнснийхээ зардалд нэмэрлэн түймэр гарсан газруудад үрэгдсэн ан амьтан байгаа эсэхэд хяналт тавьж хүн хүчээр тусална уу гэдэг саналыг тавьж байна” хэмээсэн юм. Сайдын саналыг МБОИЗ-ийн Удирдах зөвлөл болон хандив цуглуулах комиссынхон талархалтайгаар хүлээн авч, хамтарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.  МБОИЗ нь  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сургалт судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1400 гаруй ТББ-ыг нэгтгэсэн байгууллага бөгөөд БОАЖЯ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

+ There are no comments

Add yours