УСАНД ЭРЭН ХАЙХ КАМЕРЬ, МОТОРТ ЗАВЬТАЙ БОЛЖЭЭ

  Урин дулааны цагаар  нийслэл хотын иргэд голын эрэг бараадан зугаацах нь эрс нэмэгддэг. Нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн гол усан дээр ажиллах, эрэн хайх, уснаас аврах ажиллагааны дадлага хийж, байнгын эргүүл гарган ажиллаж байна.
Энэ талаар НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяраас тодруулахад, “Бид бүх багаж техник тоног төхөөрөмж хэрэгслээ бэлэн байдалд байлгаж байна. Мөн аврагчдаа богино хугацаанд гол усанд ажиллаж сургах ажлыг ч хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, бороо хур орж, үерийн аюул эхлэх энэ байдалд иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах захирамж гарсан. Захирамжийн дагуу манай бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд нийслэлийн аврах анги 105-ын бүрэлдэхүүн БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын аврах ангийн бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй алба хаагч дадлагат хамарсан. Өнөөдөр Сөүл хотын аврах ангийн аврагчид ирж манай сургалттай танилцлаа.
Мөн харилцан туршлага солилцох зэрэг ажлыг хийлээ. Манай улсад сүүлийн жилүүдэд усанд эрэн хайх багаж хэрэгсэл сайжирсан, усанд эрэн хайх камер,  цахилгаан өндөр хүчин чадалтай моторт завьтай болсон. Бидэнд хийлдэг завиар эрэн хайх ажилллагаа хийхэд хүндрэлтэй байсан. Яагаад гэхээр мод чулуу, хад завийг хагалахаас эхлээд аврагч нар өөрсдөө ч эрсдэх аюутай байв” гэлээ.
Д.Думаа

+ There are no comments

Add yours