Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатима тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АНУ-ын Мянганы сорилтын корпорациас II Компакт гэрээ боловсруулах ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд тус корпорацийн хөрөнгө оруулалтын менежментийн хорооноос гаргасан шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уг хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хүргүүлсэн төсөл хөтөлбөрийн дэлгэрэнгүй саналыг хүлээн авч хэлэлцээд, зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг дараагийн шатанд нарийвчлан судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах шийдвэр гаргасан байна.
Уг шийдвэртэй холбогдуулан “Компакт гэрээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламж, түүний гүйцэтгэлийн тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд хэлэлцээрийн гэрээлэх үйл ажиллагаанд Улаанбаатар хотын ус хангамжийн дэд бүтцийн хөтөлбөр тусгагджээ. Тухайлбал: Газрын доорх усны эх үүсвэрээс Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх, цэвэрлэсэн бохир усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, Улаанбаатар хотын ус ханамжийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд усны салбарт бодлогын болон институцийн шинэчлэл хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулах зэрэг ажилд чиглэгдэх юм.
Г.Гэрлээ
+ There are no comments
Add yours