Элэгний хатуурын улмаас жилд дунджаар 2600 хүн нас бардаг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгав.

 Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас 6 дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн судалгаанаас үзвэл манай улсад хепатитын В,С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд хепатитын вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.

Сэтгүүч Намуун

+ There are no comments

Add yours