УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийг Засгийн газар 2017 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Энэ хууль төсвийн тодотголтой шууд уялдахгүй тул татаж авахыг Засгийн газраас хүсч байна. Би энэхүү хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт өргөн барих юм. Тиймээс нэг асуудлыг хоёр хэлэлцэх шаардлагагүй” гэсэн санал гаргав. Харин ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, “Хууль тогтоомжийн тухай хуульд гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн асуудал тусгасан байдаг. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд төсвийн тодотгол өргөн барьсан тул татан авах боломжгүй” гэсэн тайлбар өгсөн юм.
Санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Х.Нямбаатар гишүүний саналыг дэмжлээ. Гишүүдийн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх боллоо.
Сэтгүүлч Гэрлээ
showuchid