Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар нийслэл хотын авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбай орчмын 500 метр радиуст буюу Бага тойруу доторх 84.2 га талбайг 11 блок болгон хувааж, судалгаа хийсэн байна. Судалгаагаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газрыг хайс, хашаа барьж хамгаалснаар зорчих хөдөлгөөний нэвтрэлийг хязгаарлаж, галын болон түргэний машин зорчиход хүндрэл үүсгэж байгаа дүн гарчээ. Мөн авто зогсоолууд стандартын шаардлага хангахгүй, тэмдэгжүүлээгүй зэргээс үүдэн жолооч нар автомашинаа эмх замбараагүй байрлуулдаг. Энэ нь явган хүний болон авто замын зорчих хөдөлгөөний эрчмийг сааруулах гол шалтгаан болж байна. Тиймээс бага тойруу орчмын автомашины ил зогсоолыг стандартын шаардлага хангахуйц тэмдэгжүүлж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах судалгааг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Төлөвлөлтөөр:
Одоо байгаа 23 хашаа, саадыг буулгаж, гудамж замын хөдөлгөөнийг нээнэ.
- Стандарт хэмжээтэй, зориулалтын тэмдэглэгээтэй 1191 зогсоол байгуулна. Үүнээс 72 зогсоол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зогсоол байна.
- Тохижилт бүхий газар доорх автомашины зогсоол 9 байршилд төлөвлөсөн.
- Олон давхар зогсоол 6 байршилд төлөвлөгдсөн.
Эдгээр ажлууд хийгдсэнээр:
Багатойруу орчимд авто замын зорчих хөдөлгөөний эрчим 25 орчим хувиар нэмэгдэнэ.
- Авто зогсоолын стандарт хангагдаж, түгжрэл саатал буурахаас гадна өнгө үзэмж сайжирч, хотын соёл нэмэгдэх зэрэг үр дүн гарна гэж тооцоолжээ. Мөн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу гудамж замын хөдөлгөөнд саад учруулан барьсан иргэд , аж ахуй нэгж байгууллагын хашаа хайсыг буулгах, шаардлага гарвал газар олголтыг хүчингүй болгох арга хэмжээг шат дараалан авч, замын түгжрэлийг бууруулж, иргэд аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, ногоон байгууламж, авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
+ There are no comments
Add yours