Давс ихтэй хоол, хүнснээс татгалзахыг уриаллаа

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачилгаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг дэлхий улс орнууд 15 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн санаачилгаар Монгол Улс 5 дахь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. Энэ жил ДАВС ИХТЭЙ ХҮНС, ХООЛНООС ТАТГАЛЗЪЯ уриан дор энэ сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-ны хооронд үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Монгол хүн хоногт дунджаар 11.1 грамм давс хэрэглэдэг. Хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувьд давсны агууламж стандартад заасан хэмжээнээс их байна.

Монгол Улс хүн амын дундах артерийн даралт ихсэлтийн тархалтаар Номхон Далайн Баруун Бүсийн орнуудыг тэргүүлж байна. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний хоёрт ЗСТӨ (жилд дунджаар 5500-6000 хүн, нас барсан 3 хүн тутмын нэг),  хавдар (жилд дунджаар 3500) орж байна. Тархинд цус харвалт, зүрх шигдээс өвчин нь зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болж байна.

Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг.  ДЭМБ-ын урьдчилсан тооцоогоор ЗСӨ-ний нас баралт 2030 он гэхэд 23.3 сая, 2050 он гэхэд тэрбум болж өсөх магадлалтай тул дэлхийн хүн амын давсны хэрэглээ 2020 он гэхэд 30 хувиар бууруулах стратегийн зорилт дэвшүүлж, үр дүнтэй бодлого, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхийг улс орнуудын Засгийн газарт зөвлөмж болгожээ.

 

 

 

 

+ There are no comments

Add yours