500 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЧУУДАД ЭЗЛЭГДСЭН ТҮҮХ

500 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЧУУДАД ЭЗЛЭГДСЭН ТҮҮХ

Амиа золиослогчдыг арабууд “гашишин” европчууд “ассасин” гэж нэрлэдэг байсан гэдэг. VIII зууны эхээр Персүүд хүчирхэг улс байгуулан омейа омгийн хаанчлалыг устгаж мухаммедийн авга ахын удмын Абуль-Аббасыг халифаар өргөмжлөв. Абуль-Аббас нийслэлийг Багдад хотноо шилжүүлж Аббасидийн удмын хаанчлал тогтоосон нь 500 жил оршин тогтноод Монголчуудад эзлэгджээ.

VIII зууны сүүлчээр шийтүүд дотроо дахин хоёр хуваагдаж шийтийн зургаа дахь иман буюу шашины тэргүүнээр Жафар өөрийн ахмад хүү Исмайлийг биш Мусаг ислам болгохоор гэрээсэлжээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэгчид Исмайлийг ислам болгон өрх тусгаарлаж Персид бэхжин улсаа байгуулснаар түүхэнд Исмайлитийн улс гэж нэрлэгджээ. IX зуунд исмаличууд Бахрейн, зүүн хойд Африкийн эзэлж исламын улс байгуулсныг түүхэнд Мухаммедийн охин Фатимагийн нэрээр Фатимагийн улс гэх болсон байна. XI зуунд исламийн халиф Мустанисир өөрийн залгамжлагчаар ахмад хүү Низарыг өргөмжилснөө өөрчилж хоёрдугаар хүү Мусталиг халиф болгосноор тэд дахин хоёр хуваагдах болов.

Низарийг дэмжигчид тусгаарлан улмаар түүний залгамжлагч Гасан ибн-Саббах 1090 онд Персийн хойд хэсгийг эзлэн авч бусад халифуудын эсрэг тэмцэж эхэлжээ. Гасан уулын Аламут цайзанд бүгж тэндээ алан хядагч, амиа золиослогч нарыг бэлтгэн дундад ази, европын орнуудад илгээн аллага, үйлдүүлж, айлган сүрдүүлэх замаар хаад ноёдуудаас хөрөнгө, алт эрдэнэсийг цуглуулж байв. Гасан ядуу айлуудын хөвгүүдийг худалдан авч багаас нь цэргийн эрдэмд сурган зөвхөн өөртөө захирагддаг болгон хүмүүжүүлж насанд хүрмэгц гашиш татуулж сургадаг байв.

Залуу хөвгүүд мансуурлаас үзэсгэлэнт байгаль, гоо бүсгүйчүүдийн хүрээлэл дунд гэнэт сэрж нэг хоногийн аз жаргалд умбан өнгөрөөнө. Гасан мансуурсан залууст миний даалгаврыг сайн биелүүлээд үхвэл энэ диваажинд үүрд амьдарна хэмээн итгүүлдэг ажээ. Гасаны алуурчид үүргээ биелүүлээд зугтаахгүй харин ч өөрсдийгөө хөнөөхийг хүсдэг байна. Учир нь түүнийг “мөнхий амьдрал” хүлээж буй… Эдгээр амиа золиослогчдыг арабууд “гашишин” европчууд “ассасин” гэж нэрлэдэг байв.

Ассанинчуудын эсрэг олон хаад, халифууд тэмцсэн ч бүгд л тэдний гарт амиа алдаж, зарим нь их хэмжээний төлбөр төлж амьд явах эрхээ сунгуулдаг байлаа. Ассанины улс 150 жил оршин тогтнож Гасаны хамаатан Бузур Улидин удам угсаа захирч байв. Гасан төрсөн хоёр хүүгээ хүртэл устгах зарлиг өгч байсан гэдэг. XIII зуунд Хүлэг хаан араб дахиныг байлдан дагуулахдаа ассанинчуудыг бут цохин толгойлогч шейх Рухн ад-Динийг олзлон авчээ. 1256 онд Монголын их хаан Мөнхийн зарлигаар Рухн ад-Диний толгойг авч Аламут цайзыг алан хядагчдын хамтаар газартай нь тэгшилжээ. Учир нь шейх олзонд байхдаа ч алан хядагчдаа зүг бүрт илгээсээр байсан байна. Мухемед ба Исламчууд Нэгэнт персүүдийн талаар ярьж байгаа хойно тэдний шашныг үндэслэгчдийн тухай тухай дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. Тиймээс эрхэм уншигчдадаа сонирхолтой байх болов уу хэмээн жижигхэн түүхийг хүргэхийг зорьсон юм.

 Исламын шашиныг үндэслэгч арабын Корейшит омгийн Мухаммед христийн тооллын 571 оны дөрөвдүгээр сарын 20-нд Меккө хотод мэндэлжээ. Түүний эцэг худалдаачин Абдаллах хүүгээ төрөхөөс хэдхэн сарын өмнө, харин эх нь зургаан настайд нас барж өнчин хүүг авга ах Абдул-Муттамб үрчлэн өсгөсөн гэдэг. Мухаммед багаасаа мал маллаж аян жин тээж өссөн бөгөөд 24 настайдаа баян худалдаачны бэлбэсэн эхнэрийн жингийн даамал болж удалгүй түүнтэй гэр бүл болсноор Рокая, Фатима хэмээх охидтой болсон байна. Мухаммед аян жин тээж явахдаа омог аймгуудын түүх, ёс заншил, сүсэг бишрэлтэй танилцаж христ, лалын шашины номлогчидтой уулздаг. Омгийнхоноо өөрийг нь бурханы элч Гаврийл хүн цээжит морио унуулан нисч Иерусалим хотод хүргэн Авраам, Монсей, Исус Христ нартай уулзуулдаг хэмээн ярьдаг байв.

 Тун удалгүй Мухаммед Мекка хотын ойролцоох агуйд даяанчилж бурханы сургаал номлож, 610 оноос өөрийгөө бурханы элч хэмээн албан ёсоор зарлав. Тэрбээр хотын иргэдийг зөвхөн Аллах бурханд мөргөж өөрийн оюун санааг аварч, үхлийн дараах бурханы шүүлтэд бэлтгэхийг номлосноор, түүнийг даган бишрэгчид нь хүрээлж эхэлсэн байна. Ийнхүү Исламын /Ислам гэдэг нь арабаар бурханд захирагдах гэсэн үг./ шашин үүсч Мухаммедийн сургаалийг дагагчдыг муслим буюу дагагч захирагдагч хэмээн нэрлэх болжээ. Сүсэг бишрэлийн зөрөлдөөнөөс Мекка хотынхон хоёр хэсэгт хуваагдан тэмцэлдэн Мухаммедийн талынхан тус хотоос хөөгдөн Ясриб хот руу дүрвэн амиа аврахад хүрсэн байна.

Хотоос зугтах үед хилэгнэсэн олны гараас амьд гарсан өдөр болох 622 оны долдугаар сарын 26-ныг арабын шинэ он тооллын эхэн өдөр болгосон аж. Ясриб хотынхон Мухаммед болон түүний номлолыг хүлээн авч хотоо Медина /арабаар Мединет буюу бурханы элчийн хот/ гэж нэрлэжээ. Мухаммед Медин хот орчмын омгуудыг нэгтгэн удирдаж өөрийн гэсэн шашны зан үйл, ёс журмыг мөрдүүлэн нэг шашинт төр улсаа байгуулж эхэлсэн ч түүнийг Мекка хотын баян худалаачид хүчтэй эсэргүүцэж байлаа. Кааб сүмд эртний араб, ассир, еврейн бурхад онгодын 360 орчим дүрсийг урласан байдаг бөгөөд мөргөлчид өөр өөрийн шүтдэг бурхандаа л мөргөдөг байсан ч Мухаммед бүх иргэдийг ганцхан бурханд мөргөхийг шаардснаас хотын иргэдийн дургүйг ихээр хүргэж зэвсэгт мөргөлдөөн цөөнгүй гардаг байсан гэдэг. Тиймдээ ч Мединчүүд хоёр жилийн турш зөвхөн Меккагийн жингийн цувааг тосон дээрэмдэж эдийн засгийн хүчийг нь сулруулах болсноос 628 онд Мекка, Медин хотууд хэлэлцээр хийж гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд Меккачууд жилд гурван өдөр мусульманчуудыг хотдоо оруулж Кааб-д мөргүүлэн хотын иргэдийг исламын шашинд ороход нь хориг тавихгүй байх. Мединчүүд Меккагийн жингийн цувааг дээрэмдэхгүй байх зэргийг дурдан тохиролцсон байна.

Харин энэ л үеэс Мухаммедийн захиргаа унаж олон омог аймаг нэгдэж исламын шашин араб даяар дэлгэрэн Меккагийн толгойлогч Абу-Суфьян ялагдсанаа хүлээн зөвшөөрснөөр 630 онд бүрэн исламын шашинд орсон аж. Мухаммедын Кааб сүмийн хананд дүрсэлсэн бурхадын дүрсийг арилгаж Эсвад хэмээх солирын чулууг исламын ариун шүтээн болгожээ. Хоёр хот найрамдсаны илэрхийлэл болгож Мухаммед Абу-Суфьяны охинтой хуримлав. Мухаммед арабын хойгийн аймаг, хотуудыг нэгтгэн, 40 мянган хүнтэй арми байгуулж, Сири улсад довтлохоор зэхэж байгаад 631 оны зургадугаар сарын 8-нд нас баржээ. Мухаммедийн залгамжлагчид Мухаммедийг нас барсаны дараа Мекка, Медин хотынхон эрх мэдлийн төлөө дахин тэмцэлдэн олон газар “бурханы элч” тодорч, зарим овог аймгууд салан тусгаарлах болов. Тиймээс Мухаммедийг залгамжлах хүчтэй удирдагч хэрэгтэй болж залгамжлагч нь түүний ойрын хүрэллээс тодорсон хамтран зүтгэгч нь байх ёстой байлаа.

Мухаммед албан ёсны дөрвөн эхнэртэй. Тэдгээр нь Абу Бекрийн охин Аши, өргөмөл хүү Зейдийнх нь эхнэр байсан Зейнеб, Омарын охин Хафсу, Абу-Сурьяны охин нар байлаа. Мухаммедийн залгамжлагчаар тодорч болох дөрвөн хүн байв. Энэ нь түүний “хадам аав” Абу Бекр, Омар нар, төрсөн охид Ратимын нөхөр Али, Рокаягийн нөхөр Осман нар болно. Хамгийн их магадлал бүхий хүн нь Али бөгөөд тэр бурханы элчийн хүргэн нь төдийгүй, Хасан, Хусейн хоёр зээгийн нь аав. Осман Рокая хоёр хүүхэдгүй ажээ. Энэ эгзэгтэй үед Омар бас Абу Бекрээ дэмжсэнээр тэрбээр халиф буюу арабаар залгамжлагч боллоо. Абу Бекр арабын хойгийг дахин нэгтгэж шашны номлолыг хатуу сахиулах бодлого явуулсан. Халиф Абу Бекрийн даалгавраар Мухаммедийн өргөмөл хүү Зейд ибн-Саббилт аавынхаа номлол сургаалийг эмхтгэн 615 онд ариун ном буюу Коран судрыг бичиж хойч үедээ өвлүүлжээ.

Халиф Абу-Бекр 634 онд Омарыг залгамжлагчаа хэмээн гэрээслээд нас барав. Омар Сири, Египт, Месопосали, Палестинийг байлдан дагуулж исламын ногоон тугын доор нэгтгэжээ. Омар 644 онд алагдахад Мухаммедийн хүргэн Осман халиф болж байлдан дагууллыг үргэлжлүүлэн Перс, Армян, Гүрж, Азербайджаныг эзлэн арабын хүчирхэг гүрэн байгуулсан байна. Гэвч Осман төрийн бүх албан тушаалыг хамаатнууддаа хувиарлан өгч өөрөө ужиг самуунд автсанаар төрийн хямрал эхэлж бослого тэмцэл өрнөжээ. Зэвсэгт босогчид 656 онд Донаныг устган Мухаммедийн нөгөө хүргэн Алиг халифад өргөмжлөв. Гэтэл Мухаммедийн хадам, Абу Сурьян үүнийг үл зөвшөөрч дайтав.

Бастра хотын дэргэдэх шийдвэрлэх тулаанд Али ялж байр сууриа хадгалж үлдэв.Энэ үед Абу Сурьянын хүү, Сирийн захирагч Муави халифт захирагдахаас татгалзаж дайн дэгдээв. 657 онд Муави ялагдал хүлээж тэд найрамдлын гэрээ байгуулснаар ялсан Алигийн шилдэг 12 мянган цэрэг найрамдлын гэрээг эсэргүүцсэний илрэл болгож түүнээс салж Месонпатамид очиж шинэ төр улс байгуулжээ. Тэднийг босогчид буюу хариджитийн улс гэх болов. Халиф Али босогчидтой дайтаж хүч нь сулрах үед Муави өөрийгөө халифад өргөмжлөн дайн дэгдээснээр Али амиа золиослогчийн гарт алагдаж хүү Гасан нь халиф болсон ч бусдад хорлогдож Муави тав дахиа халиф болжээ. Муави нийслэлийг Мединээс Дамаскад шилжүүлэн 20 жил хаанчлав. Ийнхүү араб дахиныг Омейа омгийн Халиф үе залгамжлан захирч Бухар, Самарканд, Хорези, Туркмен, Афиганистан, Алжир, Тунист, Марокког эрхшээлдээ оруулжээ.

Бэлтгэсэн С.Саянаа

Leave a Reply

Your email address will not be published.