ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.ЭРДЭНЭБОЛД: ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЯРИХ БИШ ГҮЙЦЭТГЭХ ТӨВШИНД ГАРГАЖ АЖИЛЛАНА

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа  Ж.Эрдэнэболдтой нэг сая гаруй хүнтэй метрополис хотын хүн ам, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд юунд анхаарч, ямар ажил хэрэгжүүлж буй талаар нь ярилцлаа.

-Нийслэлийн гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

 -Улаанбаатар хот байнгын оршин суугч болон хөдөө орон нутаг, гадаадаас ирж, явж байгаа иргэдтэй нийлээд 1.5 сая хүнтэй болчихлоо. Монгол Улсын хүн амын 50 хувь нь оршин суудаг, банк санхүү, эдийн засаг, боловсрол, худалдаа үйлдвэрлэл, улс төрийн төв нь Улаанбаатар. 2016 оны гэмт хэргийн статистик мэдээгээр улсын хэмжээнд гарсан нийт хэргийн 66 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн. Улсын хэмжээн дэх өргөдөл, гомдол мэдээллийн 72 хувийг нь зөвхөн нийслэлд авсан. Хоногт дунджаар 1500-2000, ачаалал ихтэй, баяр ёслолын үеэр 2500-3000 дуудлага, мэдээлэл хүлээн авдаг. Эдгээр үзүүлэлтээс харахад Улаанбаатар хотын гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдлыг маш хүнд гэж дүгнэж болохоор байна. Энэ бүх тооны ард Улаанбаатар хотын Цагдаагийн газар, түүний харьяа дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж байна гэсэн үг.

-Энэ албан тушаалд томилогдоод ажлаа юунаас эхлэв?

– Хүн амын өсөлт, төвлөрлөө дагаад нийслэл хотын, нийслэлчүүдийн аюулгүй байдал шууд харилцан хамааралтай. Улаанбаатар хотод хүн амын өсөлт, худалдаа эдийн засгийн маш том төвлөрөл бий болсон өнөөгийн энэ тохиолдолд мега хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, менежментийг зөв, оновчтой зохион байгуулах нь нэн тэргүүний асуудал. Хүн хүчний дутагдалтай ажиллаж байгаа энэ нөхцөлд цагдаагийн байгууллагынхаа үйл ажиллагаа, менежментийг зөв зохион байгуулах шаардлага тулгараад байна. Үүний тулд бид шат дараалсан ажил хийж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сараас Улаанбаатар хотод гарч буй дээрэм, булаалт, хулгайн хэргийг Гэмт хэргийн цахим зураглалын системд оруулах ажлыг хийж байна. Ингэснээр гарч буй дээрх гэмт хэрэг 24 цагийн дотор цаг хугацаа, байршилтайгаа тусгай цахим зураглал программд тэмдэглэгддэг болсон.

-Үүний давуу тал нь юу юм бэ?

 -Бид дэлхийн мега хотуудад хэрэглэдэг, Гэмт хэргийн хяналтын цогц системийг Улаанбаатарт нутагшуулахаар ажиллаж байна. Ингэснээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгож буй юм. Үүн дотор олон асуудал багтана л даа. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, эргүүлийг зөв цагт, зөв газарт нь, гэмт хэрэгтэй зөв тактик ашиглан тэмцэх, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн үг. Сая миний хэлсэн Гэмт хэргийн цахим зураглал гэх мэт олон аргачлал хэрэгжээд эхлэхээр хаана ямар гэмт хэрэг, хэзээ гарч байна, хаана цагдаа шаардлагатай байна вэ гэдгийг маш оновчтойгоор тодорхойлж, түүндээ тохируулан хүн хүчээ хуваарилдаг, гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх арга, тактикаа боловсруулж, хэрэгжүүлдэг болохоор зорьж байгаа.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг болгоныг гаргахгүй, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Урьдчилан сэргийлэх ажил нэн тэргүүнийх байх болно. Гэмт хэргийн хяналтын цогц системийн хүрээнд өмнөх онд үйлдэгдсэн гэмт хэргийн харьцуулалт, өмнөх сар, долоо хоног, өдрүүдийн нөхцөл байдал ямар байв, хоёрдугаар долоо хоногт нь хэрхэв, гуравдугаар долоо хоногт ямар байж болох төлөвтэйг дээрх цахим зураглал, статистик мэдээ, харьцуулалт зэргийг үндэслэн дүн шинжилгээ хийж цаашдын төлөв байдлыг тусгай аргачлалаар боловсруулж урьдчилан төлөвлөж ажиллах юм.

Өөрөөр хэлбэл, Гэмт хэргийн цахим зураглалаар бид хаана, хэдэн цагт, ямар гэмт хэрэг гарсныг мэдэж авсан бол дараагийн долоо хоногт нь энэ дүүргийн төддүгээр хороонд, тэр гудамжинд ийм гэмт хэрэг ихээр үйлдэгдэж болзошгүй гэсэн таамаглал гаргадаг болсон. Яг л цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ шиг. Үүнийгээ харж байгаад цагдаагийн байгууллага хүн хүч, тактикаа урьдчилж зохион байгуулна гэсэн үг л дээ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн I хороонд нэг, хоёр, гуравдугаар долоо хоногт хулгайн хэрэг их гарсан бол дөрөвдүгээр долоо хоногт нь тэр хороонд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ажлыг урьдчилж төлөвлөн зохион байгуулах юм. Ингэж ажиллахаар гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна.

 -Урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарч буйн илрэл энэ байх нь ээ?

 -Тийм ээ. Гэмт хэрэг гэдэг нийгмийн үзэгдэл тул гарч л таарна. Бид түүнтэй тэмцэх ажлаа шинжлэх ухааны үндэстэй, бодит статистик судалгаанд тулгуурлаж, дүн шинжилгээ хийж төлөвлөлттэйгөөр ажиллах систем рүү шилжихээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ИТХ, Засаг дарга дэмжээд төсөв хөрөнгө гарган, программ хангамжаа боловсруулан, шаардлагатай бэлтгэл ажлаа ханган туршиж эхэлчихээд байна.

Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдал ийм байлаа, дараачийн долоо хоногт ийм байж болзошгүй гэсэн дүн шинжилгээ, мэдээллийг нь боловсруулан чиглэл өгч байдаг удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа руу шилжинэ. Энэ ажил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хаана, ямар гэмт хэрэг хэдэн цагт гарч байгааг мэдэхээс гадна, аль байршилд гэрэлтүүлэг, телекамер хэрэгтэйг ч давхар тодорхойлох боломж бүрдэнэ.

 -Аливаа зүйлийг хэрэгжүүлэхээсээ өмнө туршиж, нутагших нь уу, үгүй юү гэдгийг судалдаг шүү дээ?

 -2016 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд туршиж эхэлсэн. Дараагийн сараас нь Улаанбаатар хотын хэмжээнд Гэмт хэргийн цахим зураглалын системийг шат дараатайгаар туршиж байна. Цаашид дүн шинжилгээ, удирдлага зохион байгуулалтаар хангадаг нэгж Улаанбаатар хотын Цагдаагийн газарт бий болох, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй болон тодорхой газар, байршилд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулах зэрэг олон ажил хийнэ. Гэмт хэргийн цахим зураглал гэдэг маань том цогц үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь.

Хотын, иргэдийн аюулгүй байдал гэдэг маань бие биенээсээ харилцан хамааралтай олон ажлаас бүрддэг. Эргүүл, камержуулалт, цагдаагийн байгууллагын удирдлага зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх ажил гээд бүгд хоорондоо уялдаатай, харилцан хамааралтай ажиллагаа. Нэгийг нь тасдаж аваад зүтгүүлэх гэвэл ажил цааш явахгүй.

 -Камержуулалт гэж ярилаа. Тоог нь нэмэх, хүн таньдаггүй камеруудыг сольж, илүү нягтаршилтайгаар шинэчлэх гэж байна уу?

 -Хотын аюулгүй байдлыг хангахад телекамер нэн чухал боллоо. Улаанбаатар хотын камержуулалтын асуудлыг цогцоор нь шийдэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон Телекамерын хяналтын нэгдсэн төв бий болгох ажлыг бид хэрэгжүүлэн ажиллаж байна. Олон, ноцтой гэмт хэргийг камерын тусламжтайгаар илрүүлдэг. Илрүүлэхээс гадна гарч буй гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсооход чухал ач холбогдолтой. Хотын гол, гол хэсгийг камерын хяналтад авчихвал хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Телекамер” гэсэн хөтөлбөр боловсруулан нийслэлийн Засаг дарга, ИТХ-д өргөн барьсан. Эхний ээлжинд төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр Улаанбаатар хотод суурилуулсан 1400 орчим камерынхаа бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг хийлээ. Дараа нь шаардлагатай цэгүүдэд нэмж хяналтын камер суурилуулах, Удирдлагын нэгдсэн төвтэй болох ажлыг хийхээр төлөвлөн, эхний шатны ажлуудаа гүйцэтгэж байна.

 -Камержуулах ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах бол?

 -Нийслэлийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн анхдугаар хуралдаан саяхан болсон. ИТХ, Засаг даргын зүгээс “Хэдийгээр төсвийн хүндрэлтэй байгаа ч иргэдийнхээ аюулгүй байдалд боломжоороо хөрөнгө оруулах бодлого барьж ажиллаж байгаа. Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед нийслэлийн бүх гудамж талбайг бүрэн камержуулж чадахгүй чэхний ээлжинд байгаагаа сайжруулах, ажиллагаанд оруулах, онц шаардлагатай, эмзэг цэгүүдэд шинээр камер суурилуулахад анхаарчбайна. Нийслэлийн Засаг дарга телекамерын хяналтын асуудалд нэлээд анхаарал хандуулж нөөц хөрөнгөөсөө 80-аад сая төгрөг гарган Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тавьсан, ажиллахгүй байсан камеруудыг засууллаа. Мөн Улаанбаатар хотын үндсэн төв магистралын 64 байршлын 100 гаруй камер эвдэрсэн байсныг засуулсан. Өнөөдөр бүгд ажиллаж байна. Хаана ч хамаагүй, өөр өөр системд ажилладаг камерууд суурилуулчихсан байгаа.

Эхний ээлжинд тэднийг нэгтгэж авах, нэг удирдлагатай болох, арчлалт үйлчилгээ засварынх нь ажлыг хариуцах, камержуулах ажилд иргэд байгууллага, олон нийтийг татан оролцуулах нь чухал байна. СӨХ, орон сууцны байрнуудын дунд камержуулах аян, болзолт уралдаан зарлахаар төлөвлөсөн. Энэ ажлыг хэрэгжүүлсэнээр төсөвт дарамт болохгүйгээр, иргэдийн татан оролцуулж камержуулах юм. Орон сууцны орц, хонгил, давхрууд, байрнуудын дунд суурилуулсан телекамер оршин суугч иргэдийн аюулгүй байдлын төлөө л хийж буй ажил. Уг ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, цаашлаад гэр хороололд хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Гэр хорооллын нэг гудамжны хоёр үзүүрт өндөр үзүүлэлттэй телекамер суурилуулчихвал иргэдийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулна шүү дээ. Аюулгүй гудамж, аюулгүй бүс гэсэн ойлголт байдаг. Худалдааны төв, иргэд ихээр явдаг гудамжийг камерын хяналтад бүрэн шилжүүлэх, ингэснээр булан тохой бүрийг алдалгүй хянаж байх боломж бүрдүүлэх юм.

-Эргүүлийн цагдаа нар байнга явж байвал гэмт хэрэг бага гардаг байх, тийм үү?

-Эргүүл сайн байж гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг, иргэд ч амгалан байдаг. Тиймээс эргүүлийн үйл ажиллагааг онцгойлон анхаардаг. Эргүүлийг нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон байдлаар явуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Уг хөтөлбөрийгхэрэгжүүлснээр цагдаагийн байгууллагын эргүүлийн менежментийг сайжруулж, оновчтой болгох юм. Энэ ажил маань дээр миний ярьсан Гэмт хэргийн хяналтын цогц системийн нэг хэсэг нь болно. Цэцэрлэгт хүрээлэн, Туул голын бүсэд зундаа явган цагдаа ажиллуулж байхаар дугуйтай явуулбал хурдан, бартаа саадтай газар саадгүй хүрчихнэ. Явганаар очих, машин унаж явахаас илүү байна шүү дээ. Гэр хороолол, голын ай сав газруудад морьт эргүүл байнга ажиллуулахаар болсон. Мөн Олон нийтийн цагдаа, Урамшуулалт эргүүлийн үйл ажиллагааг дээрх хөтөлбөрийн хүрээнд ажлыг нь уялдуулах юм. Ингэж эргүүлийн үйл ажиллагаа сайжраад ирэхээр хотын аюулгүй байдалд маш чухал нөлөө үзүүлнэ.

Намайг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж байхад манай машинт эргүүлийн хоёр алба хаагч гудамжаар гүйж яваа сэжигтэй хүнийг хойноос хөөж, машинаараа хааж зогсоон саатуулсан. Тэр хүн нэг эмэгтэйг дээрэмдчихээд зугтаж явсныг шуурхай баривчилсан. Тэгэхэд хохирогч иргэний нөхөр “Би эхнэрээ дээрэмдүүлчихлээ гэхээр нь ямар нэг зүйл үлдсэн байж болзошгүй гээд гарч иртэл цагдаа ирчихсэн гэмт этгээдийг саатуулж байсан. Монголын цагдаа байнга ийм байвал үнэхээр сайхан” гээд баярлаж байлаа. Цагдаа нар тийм л байх ёстой. Эргүүлийн цагдаа нар дуудлага мэдээлэлд хамгийн түрүүнд очдог. Тиймээс тухайн алба хаагчид ямар ч үед, ямар ч нөхцөлд ажиллах чадвартай, мэргэшсэн байх ёстой.

-Анхан шатанд ажиллаж буй цагдаа нарынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ?

-Алба хаагчдын ажиллах ахуй нөхцөл хүндрэлтэйг дээр доргүй мэдэж байгаа. Өнөөдөр цагдаагийн байгууллагад ажиллаж буй, тэр дундаа анхан шатанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын эрүүлмэнд, аюулгүйбайдалднэнтэргүүнданхаарах ёстой. Цагдаа гэдэг бол мэргэжлийн өвчлөл ихтэй, эрсдэлтэй, стресст өртөмтгий хүнд ажил. Цагдаагийн алба хаагчдын дунд мэргэжлээс үүдэлтэй өвчлөл маш их. Наад зах нь бөөрний өвчин. Гудамжинд халуун, хүйтэн, цастай, бороотойд үүрэг гүйцэтгэж байдгаас энэ төрлийн өвчлөл өндөр. Мөн стрессээс үүдэлтэй өвчин их. Бас ажлын нөхцөл байдал, аж төрөх хэмнэл нь алдагдсан хүмүүс ч манай алба хаагчдын дунд байдаг.

Эрүүлжүүлэхийн цагдаа бол өглөө буухдаа галзуурах шахаад л гардаг. Энэ үүднээс гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах анхан шатны нэгж дээр ажилладаг Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчдынхаа эрүүл мэндийг анхаарах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл цагдаа” хөтөлбөр боловсруулан саяхан нээлтээ хийлээ. Энэ ажлын хүрээнд хамгийн түрүүнд алба хаагчдын дундах өвчин эмгэгийг оношлох ажлыг зохион байгуулж байна. Алба хаагчдаа үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, чадвал жилд хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт оруулах бодлого баримтална. Түүнээс гадна эрүүл алба хаагчдаа өвчлөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах хэв маяг, дадлыг суулгах ажилд анхаарч байна. Өдөржингөө ажилтай явсаар байгаад орой ирээд маш их хоол иддэг зэргээс шалтгаалаад эрүүл амьдрах хэв маяг нь алдагддагшүү дээ. Эрүүл хүнээс зөв бодлого, шийдвэр, үйл ажиллагаа гарна. Тиймээс Улаанбаатар хотын Цагдаагийн газар нөөц бололцоондоо тулгуурлаж “Эрүүл цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

-Цагдаагийн байгууллагын шинэ хуулиар анхан шатанд ажилладаг алба хаагчдад ашигтай ямар өөрчлөлт гарав?

 -Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хүний эрхэнд халдах, эрх чөлөөг нь хязгаарлах эрх цагдаагийн ажилтнуудад байдаг. Энэ хууль батлагдсанаар цагдаагийн алба хаагчдын эрх ашгаас илүү Монгол Улсын, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажилд эрх зүйн маш том шинэчлэл гарч байгаа юм. Энэ хуулиар дамжин иргэдийн аюулгүй байдлыг хангах ажил хийнэ.

-Танай алба хаагчдын харилцааны соёлын талаар шүүмжилдэг. Цагдаа нарын харилцаа, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн ямар ажил хийж байгаа бол?

-Цагдаагийн байгууллагын амин чухал зүйл бол сахилга бат, дэг журам, ёс зүй, хариуцлага, аюулгүй байдал. Улаанбаатар цагдаагийн хүрээний даргын хувьд алба хаагчдаас гаргасан зөрчил, дутагдал юунаас болоод байгааг судалж ажилладаг. Алба хаагч тухайн хүний онцлогоос болж байна уу, эсвэл хууль эрх зүйн зохицуулалтаас болдог уу, ажлын арга барил, дадлага туршлага муугаас болж байна уу, эсвэл өөр зүйл байна уу гэдгийг бодитойгоор судалж түүнд тохирсон зөв, оновчтой арга хэмжээг маш богино хугацаанд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. Саяхан албаны автомашин осолд орсон асуудлыг судаллаа. Их сонин дүгнэлт гардаг юм байна. Тиймээс эхэлж судалгаагаа хийх нь чухал. Өвчний оношийг тавьж байж эмчилгээгээ хийдэгтэй адил шүү дээ. Бид алба хаагчдаа мэргэшүүлэхэд түлхүү анхаарах ёстой. Цагдаагийн ажилтан гэдэг бол хууль сахиулагч, түүнийг хэрэгжүүлэн хүний эрхэнд халдаж байдаг учраас хуулиа маш сайн мэддэг байж иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг хэрэгжүүлж чадна. Тиймээс сургах, давтан сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх ажлыг нэн тэргүүнд тавьж байгаа.

Өнгөрсөн онд л гэхэд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа бүх дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагчдыг оролцуулан гурав хоног вакуумжуулсан сургалт явууллаа. Хурууны хээг яаж авах, гал гарсан хэргийн газрын үзлэгийг хэрхэн хийх зэргээс авахуулаад анхан шатнаас нь эхлээд дахиад сургасан. Яагаад тэдгээр алба хаагчдын сонгосон бэ гэхээр хэргийн хувь заяа яаж шийдвэрлэгдэхийг шийддэг хамгийн эхний хүн. Хэргийн газрын үзлэг хийж буй жижүүрийн мөрдөн байцаагч эд мөрийн болон нотлох баримтаа олж авдаг хүн шүү дээ. Үүнтэй адилаар төрөл мэргэжлийн бүхийл алба хаагчдыг хамруулан вакуумжуулсан сургалтыг шат дараатай хийж явна. Дараагийн ээлжинд машинт эргүүлийн офицер яаж ажиллах вэ гэдгийг давтан сургахаар төлөвлөсөн. Цагдаагийн ажилтан гэдэг өөрийнхөө инстикт, сурцаараа ажил хийдэг юм шүү дээ. Тиймээс сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийг хэрхэн таних вэ гэх зэргийг инстикт болгохын тулд давтан сургах нь чухал.

 -Хэд хоног архиар үйлчлэхгүй байхад гэмт хэргийн нөхцөл байдал, осолдсон хүний тоо эрс буурсан. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг цэгцлэх бодлого барьж ажиллах уу?

-Гурав хоног архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоход энэ мэдээ гэр бүл, амьдрал, аюулгүй байдалд яаж нөлөөлдгийг харлаа. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 60, авч буй дуудлага мэдээлэл 50-60 орчим хувиар буурлаа. Хамгийн сонирхолтой нь дээрэм, булаалтын хэрэг 50, хулгай 68 хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Өмнөх гурав хоног болон өнгөрсөн оны мөн өдрүүдтэй харьцуулахад ийм үзүүлэлт гарлаа. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэх шалтгаан сэдэл бол архи, архидалт байгаа юм. Тиймээс архидалттай тэмцэх ажлыг зөв зохион байгуулах шаардлагатай байна. Ер нь архитай, архичинтай тэмцэхээс илүү иргэдэд согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээг бий болгох нь зөв гэж би боддог. Байрны хонгилд, эсвэл орон сууцны нэгдүгээр давхарт эрүүл ахуйн ямар ч шаардлага хангахгүй, оготны нүх шиг баар сав архидалтыг л дэмжиж буйг харуулж байна. Хүмүүс тэнд үйлчлүүлээд цагаа зөв боловсон зугаатай өнгөрөөж байгаа зүйл алга. Стандарт шаардлага хангасан тодорхой тооны, томоохон газрууд нь тодорхой хэмжээгээр ажиллах цаг нь урт байж болно. Бүгдээрээ 04.00 цаг хүртэл ажилладаг байж болохгүй. Энэ нь бусад иргэний амар тайван, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаад байгаа юм шүү дээ. Тиймээс цэгцлэх ёстой.

 Сэтгүүлч Д.Цолмон

Bottom of Form

 

1 Comment

Add yours
  1. 1
    Claudio

    Yes, I play the guitar http://al4a.fun/al4avideos/ al4a “At the same time, a few others pointed to the contingentplan that had been articulated on behalf of the committee theprevious month, and suggested that it might soon be time to slowsomewhat the pace of purchases as outlined in that plan.”

+ Leave a Comment