УИХ-ын дарга М.Энхболдын Японд хийж байгаа албан ёсны айлчлал Токио хотод Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтаар эхэллээ. Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан ажээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон-Монголын найрамдалт харилцаа улам өргөжиж байгааг онцлоод “Япон дахь найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны түүх, соёл, иргэд хоорондын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Монголын төр, ард түмэн зүй ёсоор үнэлэн хүндэлдэг. Монголыг гэсэн чин сэтгэлтэй байдагт чинь бид баярладаг. Та бүхний энэ эрхэм сайхан үйлс цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Харин Япон-Монголын нийгэмлэгийн дарга Ж.Ёшида “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу өдгөөгөөс 53 жилийн өмнө манай нийгэмлэг байгуулагдаж байлаа. Найрамдлын нийгэмлэгүүд дотроо анхдагч нь манай байгууллага юм. Бид хоёр орны ард түмний найрамдалт, нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Монгол Улстай харилцаатай 100 гаруй нийгэмлэг, төрийн бус байгууллага Японд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдгээрээс анхных нь Япон-Монголын нийгэмлэг бөгөөд дэлхийн II дайны дараа манай улсад олзонд байгаад нутаг буцсан япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, Засгийн газар нь 1964 онд тус нийгэмлэгийн үйл ажиллагааг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
+ There are no comments
Add yours