Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөр хэрэгжинэ

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Сингапур Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Сингапур Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн сайд ноён Чи Хон Тат-тай уулзаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Дэд сайд Л.Бямбасүрэн эрүүл мэндийн салбарт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тодорхой түвшинд хөгжиж байгаад талархал илэрхийллээ.

Тэрээр ялангуяа Темасек сангийн санхүүжилтээр Наньяан Политехникийн их сургуультай хамтран 2011-2013 хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж, 2011-2013  онд нийт 170 сувилагч, нийгмийн ажилтан үүнээс 100 сувилагч Сингапур улсад сургалтад хамарсан нь тун үр өгөөжтэй сургалт болсныг онцлон тэмдэглээд цаашид хамтран хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөр нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэв.

Уулзалтын явцад талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд тэдгээрийг даван туулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт амжилтын талаар харилцан ярилцахын зэрэгцэгээ хоёр улсын хувьд хүн амын тоо, нутаг дэвсгэр, газар зүйн байрлал, цаг уурын нөхцөл байдал зэрэг ижил төстэй болон ялгаатай талууд нэлээд байгаа нь харилцан бие биенээсээ суралцах, мэдлэг туршлага солилцох, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэв. Дэд сайд Л.Бямбаүрэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаад ноён Чи Хон Тад-д дахин талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв гэж ЭМЯ-наас мэдээллээ.

+ There are no comments

Add yours