Чоно борооноор,хулгайч сиймхийгээр

1976оны 8 дугаар сард Хэнтий аймгийн Хэнтий сумыг Өмнөдэлгэр сумтай нэгтгэх АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гарч комисс томилон ажиллаж эхэлсэн энэ үед арваад өргөдөл цагдан сэргийлэхийн даргын нэр дээр иржээ. Сумын худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрт жил хүрэхгүй хугацаанд арваад худалдагч ажиллахдаа 3-8 мянган төгрөгний өр төлбөрт орж,өрөө төлсөн ч ашиглагч ирлрэхгүй хохирч байгаа тухай бичжээ. Уг сумыг хариуцсан төлөөлөгч Цэрэндондовыг дуудан илрүүлж энэ талаар /тэр үед Өмнөдэлгэр,Хэнтий,Мөрөн гурван сум хариуцдаг төлөөлөгч/ ярилцахад харин дутагдал гараад хохирол нь төлөгдсөн гэх төдий юм ярьжээ. Мөнхдалай энэ ээдрээтэй хэрэгийг биечлэн шалгахаар төлөөлөгч Цэрэндондовыг авч хэнтий сум орохоор явжээ. 8 сарын шинийн 15-ны тэргэл сар бахтай гэгчээр инээмсгэлэн орчлон хорвоог гийгүүлэн баясгах ажээ. Мөнхдалай дөнгөж томилогдон ирсэн тул сэтгэл нь сарнаас илүү туяатай, хүсэл нь түүнээс ч хурдан ёстой хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байлаа. Яг ийм шөнө Булган голын хөвөө даган малын санитар гэсэн богц дүүрэн эмтэй давхиж явснаа дурсан санахад одоо эр бие өсөж, эрдмээр жигүүрлэж төрийн итгэлт түшээ болжээ. Он жилүүд нэг л мэдэхэд алслан холдсон ч туулсан зам зорьсон үйлс дэндүү ойрхон санагдах ажээ. Аав Түмбэлдэй нь цогтой эх орончийн нэг байлаа. Монгол улсын дархан жил амгалан энхий тэмцэлд сайн дурын морьт отрядад оролцон тулалдаж яваад баатарлагаар амь насаа алдаж удалгүй ээж нь зуурдаар хагацаж, дүүдээ аав ээж болж үлдсэн. Тэр жил ийм л сар мандаж,ингэж гэрэлтүүлж байлаа. Хорвоогийн гэрэл гэгээн дунд хүний зовлон жаргал хоёулаа гэрэл, сүүдэр шиг байдаг билээ. Машин цэлгэр шулуухан замаар давхих агаад шөний сэрүүн салхи хацар илбэнэ. Шөнө дунд Хэнтий сумын төвд ирлээ. Хүмүүс нойрсож, хааяа нэг нохой хуцах чимээнээс өөр зүйл сонсогдсонгүй. Мөнхдалай, Цэрэндондов хоёр шууд ажилдаа орж шөнийн харуул манааг шалгаж байтал үүр цайжээ.

Хоршоо дэлгүүрээр явж байдалтай танилцав. Өргөдөл бичиж халагдсан ганц хоёр худалдагчтай уулзахад шинээр бараа ирсэн үед л голдуу дутагдал гардаг, худалдаа бэлтгэлийн анги, сумын намын үүр хамгийн сайн хүмүүсийг л худалдагч болгодог, 20-30 хоноход бөөн төлбөрт ордог,бүх цоожоо сольсон, ажиллагсдын ихэнх нь өөрчлөгдсөн ч учир нь олдохгүй юм, бид хохирсон гэж гомдолтой өгүүлжээ.

Дан модон байшинд дэлгүүр нь байлаа. Дэлгүүр, агуулахаар орж үзэхэд сэжигтэй юм алга. Дэлгүүрийн байшинг шалгаж байтал төлөөлөгч Цэрэндондов тэр салхивч орой бид хоёрыг ирэхэд онгорхой байх шиг байсан. Одоо харахад хаалттай байх юм гэв. Сайтар ажиглавал салхивчийг нээж хаадаг сараалжин хаалттай юм. Түүгээр хүн орж гарч болох юм шиг харагджээ. Тэгтэл хэдэн хүн дэлгүүрээр  гарч явахдаа хадланд гарах, дээр нь сум татан буугдах болоод аймгаас архи ирүүлэхгүй юм байх гэх нь сонсогдов. Мөнхдалай дэлгүүрийн салхивчаар нь орж үзэхээр болов. Сумыг нэгтгэх ажил зохион байгуулах коммисын арав гаран хүн ирсэн, тэд албан газраар орж хоёр сум нийлэх талаар яриа хийх цэгийг ашиглахаар тогтов. Худалдаа бэлтгэлийн ангийн ажилчдыг цуглуулж Мөнхдалай  яриа хийх хооронд төлөөлөгч байшингийн дээвэрт гарч тэнд юу байгааг харахаар болжээ. Үдээс хойш хүмүүсийн хөл хөдөлгөөн цөөрөх үед худалдаа блэтгэлийн ангийн ажилчдад Мөнхдалай сахилга хариуцлагын тухай яриа хийж цаг нөхцөөв. Мөнгө дутагдаж  хохирсон хүнээс зарим нь асуултаар булав. Мөнхдалай хариу өгч байтал төлөөлөгч орж ирээд тантай аймгаас холбоон дээр ярья гэж дуудаж байна гэв. Мөнхдалай яриагаа дуусгаад гарахад, Цэрэндондов даргаа,дэлгүүрийн дээвэрт орлоо. Хүн түүгээр дотогшоогоо ордог бололтой, гурван банзны дээд хучлага нь цэвэрхэн,хүний мөр байвч олигтой юм мэдэгдэхгүй байна,банзыг өргөж авахад архины тасгийн лангуу харагдаж байна. Банзыг өргөж авдаг оосортой, уг банзнууд нь 2 метр урттай үзүүрт нь дэд модтой юм гэжээ. Дэлгүүрт орж өнөө лангууны дэргэд очиж ажиллахад таазны тэр гурван банз лангууны  яг харалдаа байлаа. Үүнийг хэн ч анзаарч байгаагүй бололтой.

Худалдагчтай ярилцахад архи тасраад 14 хонож байна. Сум нэгдлүүд нийлэх, өвс хадланд гарах болоод аймгаас архи ирүүлэхгүй байгаа, бид ч ойрдоо шинэ бараа аваагүй гэв.

Даруйхан архи оролцсон бараа аймгаас авчирч дэлгүүрт тавибал хулгайч хорхой нь хүрч тэсч чадахгүй авч баригдмаар юм гэж үзээд тэр шөнөдөө Мөнхдалай буцаж Цэрэндондов үлджээ. Бараа ачсан жолоочоор шуудангийн богцон дотор химийн будагч бодисыг зааврын дагуу ирүүлэхээр тохиролцов. Цэрэндондов орой дэлгүүр хаахад хоршооны даргыг 3 гэрчтэй байцуулан 3 шил архины шилэн дээр будагчаа цацаад орхихоор тохирчээ. Мөнхдалай эргэж ирээд аймгийн дарга Д.Баатарт бүх байдлыг танилцуулан цөөхөн авдар архи оролцуулан жаахан  бараа зөвшөөрүүлэн бөөний бааз, авто баазад үүрэг өгөн ачуулжээ. Мөн Цэрэндондовт будагч нунтаг бодисоо өгүүлжээ. Маргааш нь тохиролцсоноороо утсаар ярихад будагч бодисоо зааврын дагуу тавьсан боловч хөндөгдөөгүй байна гэв. Ингэж хоёр хоносны дараа дэлгүүрт хулгай оржээ. Холбогдогч нь энэ ангийн манаач Цэвээн гэгч хүн хулгай хийсэн нь тодорхой боллоо. Ажлаа бүтээгээд буцах гэтэл унаа алга гэжээ. Мөнхдалай цагдаатай машин явуулж тэднийг авч ирэхэд Цэвээн нь час улаан нүүртэй болсон байв. Тэр,

  • Таны нүүр, гар яагаад ийм улаан болчихсон юм бэ?
  • Төрөлхийн өлөг өвчтэй хүн би намар болохоор ийм харшил гардаг юм.
  • Өөр газар бас гарах уу?
  • Нимгэн цавиар нэлдээ гардаг юм гэж залжээ.

Хулгай хийгээд морь харахад цавь нь будагч бодисоор будагдсан байжээ. Цэвээн удалгүй учрыг ойлгоод царай нь барайж хөлс нь цутгаж орхижээ. Цэвээн худалд бэлтгэлийн ангид арваад жил манаач хийсэн ганц бие  40-өөд настай, жижиг модон байшинтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, барагтаа дуугардаггүй, дуу цөөтэй, гэр байгаагүй нэгэн байв.

Цэвээн шинээр бараа ирсэн үед манаанд гарахдаа шөнө дэлгүүрийн таазаар нь сураар дүүжлэгдэн лангуун дээр бууж гартаа таарсан бараанаас хулгайлдгаа хүлээжээ. Гэрт нь хийсэн үзлэгээр бүс бараа, боов, чихэр, 25,100-ын дэвсгэртүүд, тамхи зэргийг ярайтал өрөөд, зармыг нь хайрцганд хийж хадгалсан байжээ. Нийтдээ 26 мянга гаруй төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан нь тогтоогдож зохих ялаар шийтгүүлсэн юм.

Энэ нь Монгол Улсад ЗХУ-ын цагдаагийн туршлагаар будагч нунтаг хэрэглэн илрүүлсэн хамгийн их хохиролтой анхны хэрэг юм. Тэрхүү будаг нь хүний аль нэг хэсэгт хүрвэл улаан болж тодордог төдийгүй угаагаад ч арилддаггүй хуурай будаг түрхчихсэн юм шиг харагддаг ажээ. Ингэж итгэл тавьсан үүргээ биелүүлсэн бөгөөд дараа нь Төв аймагт 2 жил дараалан машин дээрээс ачаа хулгайлсан бүлэг этгээдийг будагч бодисоор шинжээч Дугарсүрэнгийн оролцоотой илрүүлж байжээ.

Цагдаагийн  дууль 2 номноос…

+ There are no comments

Add yours