Сүүлийн үед Монгол Улсын шүүх засаглал улс төрийн шийдэлтэй шийдвэрүүдийг ихээр гаргадаг болсон нь нууц биш. Миний мэдэхийн 2008 оноос эхлэлтэй юм. Хадгаламж зээлийн хоршооны эздүүдтэй холбоотой хэрэг, долдугаар сарын 1-ний үймээний хэргийг шүүсэн шүүгчдийн шийдвэрээс эхлэлтэй энэ байдал үргэлжилж, ужгирсаар эдүгээ эрээ цээрээ барах шинждээ орсон мэт. Шүүгчид шүүхийн хараат бус байдлыг цалин хангамж өндөр байхаар хязгаарлаж, эрхээ эдэлдэг.
Гэтэл энэ хангамжинд байдаг шүүгчид эдүгээ улс төрчдийн болон өндөр албан тушаалтаны, нөлөөлөлтэй шийдвэр гаргадаг нь олонд ил болов, мөн ичгүүртэй ч хэн ч ичсэнгүй ч дэндүү эмгэнэлтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд анхан, давж заалдах хяналтын шатны шүүгчдээс тус бүр нэг, Монголын хуульчдын холбоо, Хууль зүй дотоод хэргийн яамнаас тус бүр нэг этгээдийг тухайн байгууллагуудын санал болгосоноор Ерөнхийлөгч томилдог. Шүүхийн сахилгын хороонд Улсын ерөнхий прокурор, Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс тус бүр хоёр, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас таван хүн оролцдог. Ингэснээр Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн тал орчим хувийг шүүгчид бус өөр эх сурвалжаас бүрдүүлж байгаа нь шүүх эрх мэдэл Монгол Улсад улс төрийн нам бүлэглэлүүдэд хараат байх нөхцлийг хуулиараа бүрдүүлсэн хэрэг болсон гэсэн үг.
Энэ бүхнээс гадна өөр нэгэн анхаарал татсан зүйл байгаа нь шүүх, шүүгч нь хуралдааны үед хөндлөнгөөс оролцоно гэсэн атлаа шүүн таслах ажиллагааны бүх процест хутгалдан ордог. Ийм жишээ хаа сайгүй, иргэд мэддэг ч хэнд хэрхэн хандахаа мэдэхгүй учир тэгсгээд өнгөрдөг байх юм. Хуульд зааснаар бол шүүх хөндлөнгийнх байж талуудын мэтгэлцээнийг таслах ажиллагааг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл эрүүгийн хэргийг шийдвэрлэж байгаа шүүх хуралд прокурор улсын яллагчаар оролцож мэтгэлцээний нэг тал болох ёстой байтал өнөөдрийн байдлаар ялын дүгнэлтээ сонсгон шүүгдэгч болон гэрч, шинжээч, хохирогчоос хэрэгтэй гэж үзсэн үедээ асуулт асуух маягаар оролцдог. Нөгөө нэг зүйл нь сүүлийн үед шүүгчид шүүгдэгч, хохирогч, гэрч шинжээчээс асуулт асуухаас гадна шүүхийн шинэчилсэн байцаалтын үед бараг л мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь холгүй аашилдаг.
Үүнээс болж тухайн шүүгч хүний мууг үзэх гээд байгаа юм шиг, эсвэл хохирогч, шүүгдэгчийн аль нэг талыг хэт бариад байгаа юм шиг ойлгогдох болж, иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх болов. Мөн шүүх хурал болохоос гурваас доошгүй хоногт прокурорын яллах дүгнэлтийг шүүгдэгчид хүргүүлэх, гэрч шинжээчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлж байгаа нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулах болсон хэмээн үзэхээс өөр аргагүй байдлыг төрүүлэх болсон байх юм. Энэ бүхнийг өгүүлэх болсон шалтгаан нь аливаа биет зүйлд сүүдэр байдаг мөн сайн үйлсийг саар зүйлс дагалддаг гэдгийг. Ялангуяа шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж буй гадны нөлөө нь нийгэмд бугшсан үйл явдал болохыг өгүүлэх гэсэн юм. Учир нь өнөөдөр бидэнд сайн хууль, шударга шүүгч ус агаар шиг хэрэгтэй байгаа. Тиймээс бугшсан ярыг шахаж гаргах шударга шүүхийн тогтолцоог бий болгох нь чухал байна. Үүнийг ч эрхэм хууль тогтоох байгууллага болон хуульчид маань анхааралдаа авахгүй бол дотроосоо өтсөн тос ямар эмгэнэл дагуулдагийг Монгол цустай бүхэн мэдэх билээ…
Сэтгүүлч Х.Ган-Ялалт
+ There are no comments
Add yours