Ноёд нь авлигад, ард нь өрөнд торлогдсон Монгол

Ноёд нь авлигад, ард нь өрөнд торлогдсон Монгол

        Түүх давтагддаг гэдэг. 200 жилийн өмнө манжууд монголчуудыг хагалж бутаргасан. Тэгвэл өнөөдөр хятадууд монголыг эзлэхдээ тулаад байна.  Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг, монголчууд. Гэхдээ хүний нутагт түр хугацаагаар амьдарч байж, хүчтэний царайг харуулахыг хүсдэг. Харуулаад зогсохгүй дайрдаг хүмүүсийг урдаас ирээд уурга минийх, уургаа аваад адуу минийх хэмээн ёгтолдог. Хараад байхад, сүүлийн үед Монгол Улсад маань амьдарч байгаа харийнхан, ялангуяа хятадууд улам л давраад байх болж. Тэд бидний талхыг булааж, бидний баялагаар гараа угааж, угаадсаа бидний уудаг ундны ус руу юу ч болоогүй мэт асгаж. Тэгээд зогсохгүй монгол нутгийн маань өнцөг булан бүрд өөрийн нутаг мэт өөриймшин суурьшиж, охид бүсгүйчүүдийг маань айлган ичээдэг. Хөвгүүд залуусыг маань ухаан санаа хийгээд бие бялдраар нь гадуурхан, тохуурхдаг болж. Нэг үгээр хэлбэл өчигдөрхөн уранхай шаахай, булан нь сэмэрч урагдсан үүргэвчнээс өөр хөрөнгөгүй хилээр алхах шахам орж ирсэн байсан хятадууд өнөөдөр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг болж.

Түүнчлэн монголд суурьшсан болон түр хугацаагаар суурьшиж ажиллаж, амьдарч байгаа хятадуудын дуу дараагийн үйлдэлтэй бусармаг хууль бус хэргийн тухай, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг л өдөр өнжихгүй шахам мэдээллэдэг болов. Өөрөөр хэлбэл сүүлийн үед хаа сайгүй хятадуудыг яаж жигшиж болох талаар болон хэрхэн жигшиж байгаа тухай мэдээллээр Монгол Улс хахаж байна. Хүн бүрийн амнаас “Муусайн хужаа нар” гэх үг хайр найргүй урсч, хамгийн муухай хараалд “хужаа” гэдэг үг багтах болсон байх юм. Тэр бүү хэл хүн алж болохгүй хятадуудын алж болно гэсэн яриа ч гарах болж. Магадгүй энэ бүхэн нэг талаараа зөв байж болох. Тэр бүү хэл ихээр ярих хэрэгтэй ч байж мэдэх юм, цаашид. Гэхдээ аливаа асуудал бүхэнд хоёр тал байдаг. Түүнчлэн зөөлөн нь хатуугаа ч … гэдэг биз дээ.

Хэдийгээр өнөөдөр даварсан хятадуудад оногдсон даруулгыг нь өгөх цаг болсон ч хэрхэн, яаж гэдгээ мэдэх ёстой. Аль эртний атаа хорсол, уурыг гаргаж мунхаглах биш. Учир нь хятад ч бас хүн. Тиймээс уурын мунхагаар хүний амийг хөнөөх биш, учрыг нь олж хужрыг нь тунгаах учиртай. Цөөхөн монголчууд бидэнд том гүрэнтэй арцалдах хүч байхгүй. Тэгээд ч нэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй юм. Энэ нь юу вэ гэхлээр, өнөөгийн монголчууд бидний бүүр дээрээс, маш өндрөөс шидсэн чулуу мэргэн нь аргагүй оночихоод байгаа юм биш биз? гэсэн хардлага.

Бүр тодруулбал, албаар турхирч байгаад муу зүйл хийлгэж, шалтаг гаргаж авах гээд байгаа юм биш биз дээ. Учир нь иймэрхүү зүйл дэлхийн түүхэнд байдаг. Манайд, Монгол Улсад маань ч бас тохиолдож байсан билээ. Магадгүй зарим уншигч ямар түүх хэмээн гайхаж, эргэлзэж болох юм. Одоогоос 200 гаруй жилийн өмнө, өнөөгийн залуус бидний түүхийн шарласан хуудас эргүүлэн бага сага мэдэх болсон зүүнтэн, баруунтаны нугалаа, нийт монголчуудын хагарал. Галдан бошигтын дайралт гээд л тоочих юм бол олон зүйл гарч ирнэ. Хамгийн ойроор хэлэхэд манжууд бидний өвөг дээдсийг дээр дурдсан шалтгаанаар гартаа оруулсан шүү дээ.

Тэдний алдарт тактик байдаг даа. Албаар өдөөн хатгаад дараа нь Ар Монголын ноёдууд, Баруун Монголын ноёдуудад “Муусайн манж нарыг уу” гэсэн байдал бий болгож өгсөн. Ууртай, зоригтой өвөг дээдэс маань гэнэдэж, үлдсэн ноёд баядууд авлига гэх амттайхан өгөөшийг лавхан үмхсэн нь түүхийн шарласан хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн. Сүүлд уран зохиолын олон номонд бичигдсэн байдаг даа, манжаас шидсэн өгөөшийг лавхан үмхсэн гэнэн өвгөд маань хоёр гурван хэсэгт хуваагдаад хэрэлдэж, байлдаж, сүүлдээ талаар нэг тарж, хүч тарамдсан монголчуудыг бут цохих муу аргад гаршсан манжуудад зөөлхөн боорцог байсан тухай… Тэр үеийн монгол төрийн томчууд манж нарын хахуулийг ил далд ихээр авч, цүндийтлээ таргалж, арай л бордооны гахай шиг арьс нь язраагүй байсан байх.

Тэр бүү хэл хахуульд гаршсан ноёд авах авлигаа хэвшүүлж, албат, түшмэд нараа хүртэл хахуулийн маягаар урамшууллаар ажиллуулдаг байсан гэдэг. Харамсалтай нь энэхүү өрийн, хахуулийн аалзны торонд ард ноёдгүй торлогдсноос одооны хэлээр манжид барьцаалагдсан монгол ноёдын байдал хүндэрсэн байдаг. Учир нь нэгэнт шидсэн өгөөшийг нь алдахгүй болтлоо үмхчихсэн ноёд эвгүй хөдлөхөд булайгаа дэлгэх гээд байсан учир юу л хэлнэ толгой дохин бөхөлзөх, гэтэл нутаг ус, ахан дүүс нь араас нь чангаах. Ёстой л гутал нь хавчсан хүн шиг л … Тэгвэл эдүгээ байдал яг ижилхэн болоод байх шиг. Магадгүй зарим талаараа түүх давтагдаад байна гэхэл болох байх. Тэгэхлээр үнэхээр улс үндэстэнээ аврая хэмээн бодож байгаа л бол хятадуудыг алах биш дотоодын авлигачин, хувалзнуудаа цэвэрлэх нь чухал байна, өнөөдрийн монголын нийгэмд. Тэгээд ч бусдын толгой дээрх өвсийг харахаас өөрийн толгой дээрх тэмээг хар гэдэг биз дээ. Үгүй ядаж л өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийж, “өгөр” хятадуудыг давраах болсон албан тушаалтанг илрүүлэн хөөж явуулах нь “Үгүй” хэмээн бардам хэлэхэд маань ч тустай билээ.

 

Leave a Reply

Your email address will not be published.