Зуучлалын гэр бүл буюу хүн худалдаалах гэмт хэрэг

Монголчууд 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэжээ Монгол эмэгтэйтэй гэрлэсэн хятадууд нутаг буцах нь цөөн.  Иргэний бүртгэл мэдээллээс гаргасан судалгаанд монголчууд дэлхийн 76 орны иргэнтэй ураг барилдсан байв.1998 оноос гадаадын иргэдтэй гэрлэсэн монгол иргэдийг тус төвд албан ёсоор бүртгэж эхэлж. Тэгэхлээр 10 жилийн хугацаанд манай иргэд 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэсэн гэсэн үг юм.

ИБМУТ-д гадаадын иргэдтэй гэр бүлээ батлуулсныг бүртгэх болсон эхний жил буюу 1998 онд 44 хос бүртгэгдэж байжээ. Тэгвэл энэ тоо өнгөрсөн арван сарын хугацаанд эрс өсч 2007 онд л гэхэд 976 монгол хүн гадаадын иргэдтэй гэр бүл болсноо бүртгүүлсэн байна. Харин энэ онд 725 иргэн харийн улсын бэр, хүргэн болжээ. Үүнийн 95 хувь нь эмэгтэйчүүд.

Охид олноороо харьд мордох нь сайн зүйл биш. Эхийн талыг цусны, эцгийн талыг ясны садан гэдэг утгаараа харьд бэрлэсэн охид маань Монгол Улсдаа бүл нэмж байгаа биш, бусдын тулганы галыг бадрааж буй нь эмгэнэл. Учир нь энэхүү гэрлэлтийн талаас илүү хувь нь хайр сэтгэлээр биш зуучлалаар гэрлэж байгааг албаны эх сурвалжийн судалгаанд тод дурдагдсан байв. Гадаадын иргэдтэй гэрлэсөн монголчуудын 3485 буюу 67,8 хувь нь БНСУ-ын иргэдтэй гэр бүл болсон бол япон, хятад улсын иргэдтэй хууль ёсны гэр бүл бологсод сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэнэ.

Герман, Англи, Швейцари улсын иргэдтэй гэрлэсэн монгол бүсгүйчүүд ч багагүй байдаг бөгөөд хайр сэтгэлтэй болж хоорондоо ярьж ойлголцоод гэр бүл болж байгаа нь цөөнгүй байхад, дийлэнх нь бусдын зуучлалаар гэрлэж, хань болох хүнээ ч харахгүйгээр гэрлэх нь их. Үүнийг хөндлөнгийн зуучлал гэж нэрлэдэг байна. Хөндлөнгийн зуучлалаар гэр бүл бологсод нь ихэвчлэн БНСУ-ын иргэдтэй гэрлэдэг бөгөөд 18-45 насны бүсгүйчүүд энэ гэрлэлтэд хамрагддаг гэнэ.

Харамсалтай нь хөндлөнгийн зуучлалаар гэрлэсэн эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдол цөөнгүй. Тухайлбал, гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилдаг нэгэн төрийн бус байгууллагад хандсан эмэгтэй хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсоныг дурдаж болно. Солонгос иргэнтэй гэрлэх хүсэлтэй бүсгүйд царайлаг, тун боломжийн залуугийн зураг үзүүлж гэрлүүлэхээр болж. Харин нөхөр болох хүнийг нь зуучлагч компани нь монголд авчирсанаар ирээдүйн гэр бүл хос уулздаг аж. Харин дээрх зуучлалын компани “нөхөр болох хүн тань энд ирэх ямар ч боломжгүй, тэр таныг хүрээд ир гэсэн. Чи түүнд маш их таалагдсан” гэж ятгаснаар уг бүсгүй явсан байх юм.

Солонгост байгаа нөхөр нь зуучлалын хөлс болох гурван мянган ам. долларыг уг компанид төлж. Гэтэл бүсгүйн нөхөр болох этгээд хуурамч зураг үзүүлж гэрлэсэн хөгжлийн бэрхшээлтэй, гаж донтон байжээ. Сайхан амьдрал, их мөнгийг бодож тун удахгүй дүүгээ, ахаа татан солонгост авчирна гэж гэрлэсэн бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй, гаж донтой “нөхөр”-тэй болж, Монгол руу буцах зардалгүйн зовлонд унасан бүсгүй эрж хайж, удтал явсаны эцэст солонгост байгаа монголчуудынхаа тусламжтайгаар эх орондоо ирсэн. Ийм бодит түүх олон.

 Хохирогчийн 58.3 хувь нь эмэгтэйчүүд Дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлын нэг нь хүний наймаа. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүрээгээ тэлэх болсон талаар байнга л яригдаж, бичигдэх болсон. Харин энэ төрлийн гэмт хэрэг бусад улстай харьцуулахад манай улсад харьцангуй бага ч сүүлийн  жилүүдэд хүрээгээ тэлэх болсон. Зуучилж танилцах, гэр бүл болгож гадаадад гаргагчдын ард хүний наймааны гэмт хэргийн үүдэл их. Энэ төрлийн гэмт хэрэг өдүүлэгчид “гол бараа” болох эмэгтэйчүүдэд гадаадад өндөр цалинтай ажилд орох зарлалаар нуудаг байна.

Ингэж олны анхаарлыг татаад, зараар ирсэн гэнэн томоогүй, мөнгөнд дуртай охид бүсгүйчүүдийг ажилд оруулна хэмээн хуурч хүний наймааны золиос болгодог. 1999-2005 онд энэ төрлийн гэмт хэрэг 24 бүртгэгдсэнийг  хэрхэн шийдвэрлэснийг үзвэл, Эрүүгийн хэрэг үүсгэхээс 22 хувь нь татгалзжээ. Мөн хэрэгсэхгүй болгосон нь зургаан хувийг эзэлж байгаа бол түдгэлзүүлсэн нь хоёр хувийг эзэлсэн. Харин 11 хувийг нь шүүхээр шийдвэрлэсэн байх юм. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоны 58.3 хувь нь эрэгтэй, 41.7 хувь нь эмэгтэйчүүд байсныг судалгаагаар тогтоосон байна.

Боловсролын хувьд бүрэн дунд боловсролтой иргэд дийлэнх хувийг буюу 45.8, дээд, дунд боловсролтой хүмүүс 20.8 хувийг эзэлжээ. Улсын мөрдөн байцаах газарт 2005 онд хүн худалдах, худалдан авах гэмт хэрэгт гурав, 2006 онд зургаа болж өсчээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар есөн хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаагийн жишээ гэсэн. Үүнээс зургаан хэргийг прокурорт, үлдсэн гурван хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа аж. Эдгээр тохиолдлуудын дийлэнхийг хятадад, гурвыг нь макаод худалдсан бөгөөд нэг хэрэгт гурваас дөрвөн хүнд холбогдсон байдаг юм байна.

ОХУ-ын иргэн Скуратов Максим Чимиддоржиевич гэгч манай улсын хоёр эмэгтэйг өндөр цалинтай ажилд зуучилна гэж хууран Югославт аваачиж бусадтай бүлэглэн биеийг нь үнэлүүлж байсан. Энэ хэргийг 2002 оны гуравдугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Түүнчлэн БНХАУ-ын иргэн Ян Фейнг, Гуо Инь Жүй, Ван Чин Фей нар 13 монгол бүсгүйг дарамтлан Бээжинд биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлсэн. Эдгээр хятад иргэдэд нэгээс хоёр жилийн хорих ялыг 2005 оны зургадугаар сарын 28-нд шүүхээр хэлэлцсэн байна.

2006 оны нэгдүгээр сарын 10-нд иргэн М.Дөлмаа гэгч долоон бүсгүйг макаод 3500 ам. доллараар худалджээ. Тэр дахин 10 эмэгтэйг дээрх улсад худалдах гэж байхад нь цагдаагийнхан илрүүлсэн байдаг. Шүүхээс М.Дөлмаад 10 жилийн хорих ял оногдуулсан. Одоогоор манай улсад хүний наймаатай холбоотой эдгээр хэргийг иймэрхүү байдлаар шүүхээр шийдвэрлэсэн байна. Хамгийн гол нь манай улсын хилийн шалган нэвтрүүлэх албанд хэдэн хүн улсын хилээр гараад хэд нь буцаж ирж байгаа талаархи мэдээлэл огт байдаггүй. Тиймээс хилийн шалган нэвтрүүлэх албаны энэ мэтийн хайнга байдлыг гэмт этгээдүүд овжиноор ашиглаж энэ хэргийг “үржих” нөхцлийг бүрдүүлдэгийг анхааралдаа авах цаг нь болжээ.

 Сэтгүүлч Х.Ган-Ялалт \архив. 2008 оны 12 дугаар сарын 28\

 

+ There are no comments

Add yours