7500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ХАСАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

7500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ХАСАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ

Гурван килограмм нүүрс хулгай хийснээс болж 10 жил тав хоногийн ялаар шийтгүүлсэн 18-хан настай А охин Зайсан дахь хүүхдийн хориход ял эдэлж байна. Сүүлийн үед хүүхдийн ялангуяа гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа талаар холбогдох албаны хүмүүс ихээр ярих болсон. Учир нь өнөөдөр манайд мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль хүүхдүүдэд ялангуяа анх удаа болон бусдын нөлөөнд орсноос давтан хэрэг үйлдсэн хүүхдүүдэд маш хүндээр нөлөөлдөг байна. Өнөөгийн нийгэмд насанд хүрээгүй хүмүүс ямар нэг байдлаар ял шийтгүүллээ гэхэд ухаарч хүмүүжихээс илүү улам эвдэрч, бэлтгэгдсэн “хүн араатан” болж гарч ирж байгаа талаар хэвлэл мэдээллээр бишгүй ярьж, бичдэг.

Харин энэ бүхэн холбогдох байгууллага, хууль хяналтынханд хэрхэн хүрч, тэд ямар арга хэмжээ авдаг нь тодорхойгүй өнгөрдөг нь нууц биш. Тухайлбал, өнөөдөр төрийн өмчийн газрыг танилдаа албан тушаалаа ашиглан 500 сая төгрөгөөр зарсан хүнд шүүхээс 2-5 жил хүртэлх жилээр хорих ял оноодог. Гэтэл гуравхан килограмм нүүрс хулгай хийснийхээ төлөө өнөөдөр 15 настай охин 10 жил тав хоногийн ял эдэлж байх жишээтэй. Энэ бүхнийг бичихдээ ямар нэг гэмт хэрэгтнийг өмгөөлж, хайцаалах гэсэнгүй. Харин бодит хохирол нь 7500 төгрөг, төрийн өмчийн газрыг 500 сая төгрөгөөр үнэлэн зарсан гэмт хэрэгтэн нарын нийгэмд учруулсан хохирол ямар ялгаатай байх бол гэдгийг л харуулахыг хүссэн.

Гэмт хэрэгтэн болж шоронд ял эдэлж байгаа 15 настай А охин таван дүү, аав ээжийн хамт хөдөө сууринд амьдардаг нэгэн байсан аж. Хөдөө сууринд А шиг найман жилийн боловсролтой охинд бүү хэл дээд боловсролтой хүнд ч ажил олдох нь бэрх гэдгийг хэн хүнгүй мэднэ. Дунд сургуульд сурч байхдаа А дуулдаг, бүжиглэдэг авьяаслаг охидын нэг байсан ч харин одоо бол галт тэрэгнээс нүүрч буулгахад энэ ямар ч нэмэргүй. Ядаж байхад тус хүргэчих хамаатан садансаад байх юмгүй түүнд аав ээж нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүйгээс тэднийд сарын орлого нь аав ээжийнх нь группийн хэдэн төгрөг. Тэр нь тэрсхэн өсч байгаа зургаан хүүхэдтэй тэднийд юу ч болохгүйгээс ихэнхдээ л өлөн зэлмүүн амьдардагаас байнгын хэрүүл, уруул тасрахгүй. Мөн учир мэдэхгүй дүү нар нь хоол нэхэж уйлалдах болсон, А-гаас өөр тэднийд ажил хийх хүн байхгүй. Таван дүү нь түүнд тус болохоос тушаа болох нь их зэрэг хүчин зүйлээс болж тэр удаа дараа хулгай хийдэг байсан аж. Тэгээд ч сурсан сургууль, мэдсэн мэдлэггүй А-д гэдэс өлсгөлөн дүү нар болон ажилгүй аав ээждээ туслах ганц арга нь өөртэйгээ адил хүүхдүүдтэй нийлж галт тэрэгний зам тосож бага гэлгүй нүүрс буулгаж авах.

 Гэвч энэ нь тийм ч найдвартай ажил биш, амь дүйж буулгасан жаахан нүүрсийг нь арай хүчтэй нэгэнд булаалгаж, аягүй бол зодуулах энүүхэнд. Ард нь нүүрс эсвэл мөнгө олж ирнэ дээ гээд хүлээгээд сууж байгаа гэрийнхэнээ бодохоор нүдээ аниад л зүтгэж гарна… Бараг гурван жилийн турш ийнхүү нүүрс хулгайлахдаа хоёр удаа эргүүлийн цагдаа нарт баригдсан ч түүний амьдрал нь ядуу, аав ээж нь хүнд өвчтэйг нь харгалзаад дахиж ийм зүйл бүү хийгээрэй хэмээгээд явуулчихдаг байж. Харин олон хавар нэгэндээ гэгчээр нэг л өдөр түүнийг цагдаа баривчлан Ганцхудаг дахь хүүхдийн мөрдөнд хорьсон аж. Ингээд А-г гурван жил дараалан хулгай хийж эмэгтэй хүний косметикийн сав, 7500 төгрөг хулгайлж хохирол учруулсанд шүүхээс Эрүүгийн хуулийн 145.4-өөр таслан 10 жил тав хоногийн ялаар шийтгэжээ. Эрүүгийн хуулийн 145.4-т Хоёр буюу түүнээс дээш удаа эсхүл булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэг өдүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн байдаг.

А охины үйлдсэн гэмт хэргийн хохирол бага ч /7500 төгрөг буюу гурван килограмм нүүрс/ гэсэн давтан үйлдсэн гэдгээрээ Эрүүгийн хуулийн долдугаар хэсгийн 19 дүгээр бүлгийн “Өмчийн эсрэг гэмт хэрэг” гэдгээр 145.4-өөр таслагджээ. Энэ мэтийн хэрэг тоочвол барагдахгүй бөгөөд ийм л цоорхойгоос болж ойрхон зуурын алдаа, яльгүйхэн хазгай гишгэснээс монголын маань хэдэн мянган залуус шоронд залуу насаа үдэж байна. Тэд хийж бүтээх ид насандаа ийнхүү бусдын хөлд гишгэгдэн, тортой цонх, шивтэр шингэсэн нааран дээр өнгөрүүлж байгаа. Энэ бүхэнд хэн буруутай юм бол..?

 Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 16 настай Б 2004 оны аравдугаар сард нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших нэгэн баарны гаднаас жип машин хулгайлж унаж яваад цагдаад баригдажээ. Түүнд шүүхээс 145.1-ээр таслан яллажээ. Зах зээлийн доод ханшаар бодоход л жип машин 15 саяар үнэлж. Хэдийгээр бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч, их хэмжээний хохирол учруулсан ч анх удаагийн үйлдэл гэдгээр нь түүнд уг ялыг оногдуулжээ. Эрүүгийн хуулийн 145.1-д Будын эд хөрөнгийг хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ гэсэн байдаг.

Дашрамд хэлэхэд НҮБ-аас гаргасан Хүүхдийн эрхийг хамгаалах конвецид хоёрхон улс элсээгүй байдгаас нэг нь Африкийн Солман, нөгөө нь АНУ байдаг гэнэ. Өнгөрсөн жил АНУ-д онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг насанд хүрээгүй байсан ч цаазаар авчээ. Нөгөө талаар улс гүрэн ядуурч, ажилгүйдэл ихсэхийн хэрээр насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэрэг үйлдэх нь ихэсдэг гэсэн олон улсын байгууллагаас гаргасан судалгаа байдаг аж. Дэлхий дээр 202 улс байдгаас насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн тоогоор АНУ тэргүүлдэг байна. Насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэргийн судалгааг олон улсын байгууллагаас 100 мянган хүн тутамд судалгаа явуулснаас АНУ-724, ОХУ-594, Монгол Улс- 269, БНХАУ-118, Герман улс-97, Япон- 62 гэмт хэрэг үйлдэгддэг гэсэн байна. Харин бусад орноос манай улс гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүмүүст оногдуулж байгаа ялын хэмжээгээрээ өндөр байдаг аж.

 Мөн манай улсад насанд хүрээгүй хүмүүсийн үйлддэг гэмт хэрэгт судалгаа хийж голчлон үйлдэгддэг гэмт хэрэг хулгай болохыг тогтоосон байна. Тухайлбал, зодоон болон танхайн гэмт хэрэг үйлдсэн долоо, хүчингийн гурав, дээрмийн зургаа, хүний амийг хөнөөсөн нэг байсан бол бусдын эд зүйлийг хулгайлан ял эдэлж байгаа 70, бусад гэмт хэрэг үйлдсэн хүүхэд 13 хувийг эзэлж байна. Энэ оны байдлаар Зайсан дахь хүүхдийн хориход ял эдэлж байгаа хүүхдүүдээс хулгайн гэмт хэрэг үйлдсэн 64, дээрмийн 14, хүчингийн найм, хүний амийг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн хүүхэд 10 хувийг эзэлж байгаа нь насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж байж болзошгүй байна.

Архив 2008 он.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Leave a Reply

Your email address will not be published.