Татвар төлөхгүйгээр улсын төсөв бүрдэхгүй

Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Монгол Улс 2017 оны төсөвт тодотгол хийх үүрэг хүлээсэн юм. Гэвч Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Тэрбишдагваас тодруулав.

ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд төсөвт тодотгол хийх болсон. Тодотголоор 8 төрлийн татвар нэмэх асуудлыг ярьж байгаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд та татвар нэмэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Шулуухан хэлэхэд татвар нэмэх нь хүмүүсийн дургүйг хүргэж магадгүй. Зах зээлийн нийгэмд шилжсэн бүх улсад “Хүн төрөх нь үнэн. Татвар төлөх нь үнэн. Үхэх нь үнэн” гэсэн зарчим барьдаг. Татвар төлөхгүйгээр улсын төсөв бүрдэхгүй.Төсөв бүрдэхгүй бол цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхгүйгээс гадна нийгмийн халамжийн чиглэлийн бүхий л ажил зогсоно. Төсөв бүрдэхгүй байна гээд байнга гаднаас зээл аваад байж болохгүй. Жирийн иргэнээс эхлээд аж ахуйн нэгж, төрийн өндөр албан тушаалтнууд бүгд татвараа шударгаар төлж, эх орныхоо эдийн засгийг өргөж явах хэрэгтэй. Түүнчлэн Монгол төр ОУВС-гийн шахалтаар бус өөрсдөө аль татвараа нэмэх вэ, алийг нь бууруулах вэ гэдгээ шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Би ХБНГУ-д ажлын айлчлал хийгээд энэ сарын 12-нд ирсэн. ОУВС-гийн төсөл болон төсвийн тодотголын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч амжаагүй байна. Төсвийн тодотгол өргөн барьсан тохиолдолд тухай бүрт нь байр сууриа илэрхийлээд явах болно.

-Засгийн газар Төсвийн тодотголыг өргөн барихгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Би ХБНГУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөж байсан. Гэхдээ УИХ ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотгол хийнэ гэсэн хүлээлттэй байсан тул яаралтай буцаж ирлээ. Гэвч Засгийн газар төсвийн тодотголоо өргөн бариагүй байна. Одоогоор надад дэлгэрэнгүй мэдээлэл алга. Удахгүй тодруулах болно. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал энэ сард болно. Тэрнээс өмнө бид асуудлаа ярьж тодорхой болгох ёстой.

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ОУВС-тай хамтран ажиллах асуудлыг хойшлуулж магадгүй гэсэн хардлага нийгэмд бий болоод байна?

-ОУВС-тай хийсэн тохиролцооноос ухрах гарц байхгүй. 24 тэрбум ам.долларын өрнөөс болоод Монгол Улсын эдийн засаг хүндрэлд орсон гэдгийг ард түмэн ойлгож байгаа. Одоо бол бид энэ өрнөөс хэрхэн гарах вэ гэдгээ л бодох цаг. Монгол улс дэлхий нийтэд ОУВС-тай хамтран ажиллахаа мэдээлсэн. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хойшлуулсан байвал үүнд шүүмжлэлтэй хандах нь зөв. Ер нь Монгол Улсын эдийн засгийн асуудлыг сонгуультай холбогдуулан зохицуулж болохгүй.

-Хаврын чуулган ирэх сарын 05-нд эхлэнгүүт нэн түрүүнд төсөвт тодотгол хийнэ гэсэн мэдээллийг зарим УИХ-ын гишүүн өгсөн. Гэтэл ОУВС-нд 4 дүгээр сарын 10 гэхэд төсвийн тодотголын тухай мэдээллийг өгөх ёстой. Таван хоногийн дотор төсвийн тодотгол хийх боломж бий юу?

-Аливаа ажлыг яаравчилж, цаг хугацаанд баригдаж хийхээр алдаа дутагдалтай болдог талтай. Тиймээс төсвийн тодотголыг одооноос хийх ёстой. Засгийн газар төсвийн тодотголыг тав хоногийн дотор хийхээр төлөвлөж байгаа бол Хаврын чуулган нээхээс өмнө УИХ-ын гишүүдэд урьдчилсан байдлаар төслөө өгөх хэрэгтэй.УИХ-ын байнгын хороод чуулган нээхээс өмнө хуралдаад, зарим асуудлыг нэгтгэх нь зөв. УИХ завсарлахаар гишүүд амраад, орон нутаг эсхүл гадаадад томилолтоор явах ёстой юм шиг боддог. Тийм биш. Бид ажлаа хийх л ёстой.

Эх сурвалж: Монцамэ

+ There are no comments

Add yours