Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

 С.Зоригийг  онц хэрцгийгээр хөнөөснөөс хойш 18 жилийн дараа  гэмт этгээдүүдийг илрүүлж, анхан шатны шүүхээс хорих ялын дээд хэмжээг оноон  Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жилийн хорих ял, 23 жилийг гянданд, үлдсэн хоёр жилийг онц дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноож, чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болсон.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн болон өмгөөлөгч,  хохирогч С.Оюун нар давж заалдах хүсэлт гарсны дагуу Нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр орой шийдвэрээ гаргав.

С. Оюуныг  төлөөлж төрсөн ах С.Баяр шүүх хурлын нээлтэд оролцон “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн  боловч 1998 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн уг хэрэг маш нууцын зэрэглэлд хамаарах болсон. Түүнчлэн 35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар байгаа шинжээчдийн дүгнэлтийг нээлттэй хэлэлцэж болохгүй гэдгийг Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ тайлбарлаад хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. Олон нийтэд нээлттэй явуулаагүй тул С.Баяр шүүх хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлж, орхин гарсан билээ. Мөн  Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд хуралдаан өрнөж байхад гадаа яллагдагчдын ар гэрийнхэн ч хэвлэлийнхэнд хандсан.

Б.Содномдаржаагийн төрсөн эгч Б.Шоовдор “Давж заалдах шатны шүүх хурал хаалттай болж байгаа нь хардлага төрүүллээ. Олон нийт энэ хэргийн талаар мэдээлэл муутай байна. Энэ бол хилс хэрэг” гэсэн бол  ээж Л.Жавзмаа “Би та нарт хэлсээр ч байгаа, дахиад ч хэлнэ. Хуйвалдаан болж байна. Хаалттай явагдаж байна гэдэг чинь ямар нэгэн хор орж байгаа гэсэн үг шүү дээ” гэлээ. Өчигдөр өглөөний 9.30 цагаас үдшийн 21.47 цаг хүртэл үргэлжилсэн шүүх хурлын шийдвэр өмнөхөөсөө өөрчлөгдсөнгүй. Шүүгч шийдвэрээ танилцуулж байхад хорих ангиас шууд дамжуулсан цахим дэлгэцээр  ялтан Т.Чимгээ ихэд гомдолтой уйлж байгаа нь харагдав. Шүүгдэгчид  Дээд шүүхэд хандах л эрх үлдлээ.  Дээд шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах хуультай. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж гаргасан магадлалдаа “… Давж заалдах шатны шүүхийн гомдолд дурьдагдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзсэнийг тайлбарлалаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна.

Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн. Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна. Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна.

Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна” гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.  Мөн “Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэсэнтэй нийцжээ” гэж Давж заалдах шатны шүүх үзэв. Тэрчлэн мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэхүү магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг “…өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж тогтоох, хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээлээ гэсэн шийдвэрийг шүүх гаргалаа.

Монцамэ

+ There are no comments

Add yours