Энэ бол амьдралын гүн ухаанаас мах цусандаа шингэтэл ойлгосон Б.Баатаржав гуайн филсофи. Хулгайгаар мод тээвэрлэлээ гээд л энэ хэдэн жолооч нарыг ад үзээд байх юм. Гэтэл энэ хэдэн жолооч нар чинь байхгүй бол гэр хорооллынхон бүгдээрээ гал алдаж хөлдөж үхнэ шүү дээ. Тэгэхлээр цагдаад хөөгдөж, амь зуулга болсон машинаа хураалган барин арай гэж таван цаас олдог бидний хэдэн хүмүүс гай биш гавьяатай байгаа биз дээ. Юм бүхэн хоёр талтай байдаг гэсээр уулзан Б.Баатаржав жолооч бусдаас илүү гарах зүйлгүй ч бий болгосон амьдралдаа сэтгэл хангалуун амьдардаг нэгэн.

Энэ хүнтэй санамсаргүй тохиолдлоор танилцсан. Говь-Алтай аймгийн уугуул ч нутгаасаа гараад 18 жил болж байгаа тэрбээр жилд нэг удаа цэнхэр машинаараа нутгаа эргээд ирдэг хэмээх. Анх хоттой малаа заран барин хотыг зорин нүүхдээ аз жаргалын түлхүүрийг атгасан юм шиг л маадгар ирсэн юм байх. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг шиг л юм болсон гэнэ. Тулгар биетэй эхнэр нь төрөх гэтэл шилжүүлэг байхгүйн улмаас бараг л гудамжинд хүүхдээ “унагаах” шахаж. Дөрөвдүгээр ангийн хүүхдээ сургуульд оруулах гэж бүтэн сарын турш сургуулийн үүдийг сахиж, сайн дурын сахиулыг хийж байж арай гэж сургуульд оруулсан ч гуравхан сарын дараа “орон тооны цомхтголд” ороод дашийн шог…

Учир нь тодорхой оршин суух хаяггүй, тэгээд зогсохгүй сурлагаар тааруухан хүүд нь багш нь тийм ч таатай ханддаггүй байж. Тиймээс нэг ангид хичээллэж байгаа хүүхдийн тоо хэт их байна гэсэн шалтгаан, хичээлийн эхний улиралд хийсэн түвшин тогтоох шалгалтаар тааруухан дүн авсан нь Баатаржав гуайн хүүгийн хувьд тус сургуульд суралцах эрхгүй болсноор лааз өшиглөх “ариун эгнээ”-нд элсч. Энэ бүхэн 2001 онд болж өнгөрч. Баатаржав гуай энэ тухай ярихдаа 2001 он манай гэрийнхэний хувьд баяр, гуниг давхцсан жил байсан. Харин одоо өөр болсон шүү. Тухайн үед ахад нь түшээд тулаад явчих олигтой ах дүү байхгүй, улаан гараараа л газар алгадаж байсан болохоор цөхрөх дөхөж байлаа. Ямартаа л дөнгөж төрсөн улаан нялзрай амьтнаа ад үзэхээ дөхөж байх вэ дээ.

Азаар эхнэр маань хүлээцтэй, уужуухан дотортой хүн тулдаа л энэ бүхнийг туулан гарах хүчийг надад өгсөн. Мөн хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг ч бас үнэн. Сургуульгүй үлдсэн хүүгээ, дөнгөж төрсөн охиноо харсан эцэг хүн чинь бас урагш зүтгэдэг юм байна. Ингэж зүтгэсэний хүчинд өнөөдөр ах нь хэний ч дор орохгүй амьдралтай болсон. Ах нь амьдралдаа хөлөө оллоо. Амьдрал хүнд байхад төрж байсан охин маань энэ жил 12 дугаар ангиа төсгөх гэж байна. Сар шахам сахиж байж сургуульд оруулсан ч гуравхан сар номын дуу сонссон хүү маань солонгост машин засварын газарт сарын 2 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Хүү маань жаахан ядардаг юм шиг байгаа юм. Тэгсэн мөртлөө түүнийгээ ээж, ааваасаа нуугаад байгаа, хөөрхий. Бидэнд л нялх харагдаад байгаагаас миний хүү 30 хүрэх гэж байна. 30 настай залуу гэдэг чинь амьдралын ухааны захыг мэдэрсэн байлгүй яах вэ.

Ядаж л багаасаа аавыгаа дагаад хол ойрын тээвэрт явсан болохоор үеийнхэнээсээ арай л хатуужилтай байна. Тийм болохоор одоо хүний нутагт сайн ажиллаж, бүр аавдаа шинэ машин авч өгнө, тун удахгүй гээд л зүтгээд байгаа. Хүний нутагт цагт хавчигдан нойр, хоол муутай ажиллаж байгаа хүүгээ ийн ярьж, зүтгэхээр ямар ч эцэг хүн баярладаг л байх. Би ч ялгаагүй баярлаж, тэр бүү хэл тэднээс энэ хүртэл амьдралыг маань залгуулж ирсэн муу цэнхэрээ /машин нь/ гоочилж хараад байгаа ч хүүгээ өрөвдөөд “аавд нь машин хэрэггүй” гээд хэлчихсэн. Харин хүү маань та чимээгүй л байж бай. Би өөрөө шийднэ гэсэн шүү. Миний хүү ингэж хэлж байна гэдэг чинь том эр хүн болсныг харуулж байгаа биз… хэмээн инээмсэглэн өгүүлэх шинэхэн танил маань анх харахад дүнсгэрдүү, үг дуу цөөтэй юм шиг хирнээ халдаад ярихаар ил шулуун яриатай хүн юм.

Мөн муу цэнхэрээ ад үзээд байсан чинь одоо бүр алдах дээрээ тулаад байх шиг байна аа хэмээн бидэнд аминчирхсан. Харин Б.Баатаржав гуайн “муу цэнхэр” хэмээх Зил 130 машин нь гаднаас нь харахад тийм ч муу эд биш байсан. Мөн модны наймаачдын дунд л нэлээд өндөр байр эзэлдэг юм байх. Учир нь орос ах нараас үлдсэн тус машины хувьд сүүлийн жилүүдэд тээвэрт хэрэглэхээ болиод байгаа бөгөөд маш их ажиллагаатай, шатахууныг идэх биш “сордог” болохоор ашиг багатай унаа гэнэ. Харин Б.Баатаржав гуайн “муу цэнхэр” арчилгаа сайтай эзнийг хүчээр ийм зэрэглэлд багтдаггүй. Тэр ч бүү хэл модны наймаачид түүний машинаар модоо татах гэж булаалдаг гэсэн.

Б.Баатаржав гуай, олон жил хийсэн ажил болохоор л болоод байгаа юм. Түүнээс одоо ч нас хөгширч. Ажил хийх гэхээсээ илүүтэй, амрах гээд л сүүдэр, нөмөр бараадаад байдаг болсон байна. Даанч олон жил хийсэн, мөн цөөн боловч хэдэн төгрөг олж,  хүүгээ иртэл хөгшинөө цайны сүүгээр нь таслахгүй гэсэн дээ л “гарч” ирэх юм. Олон жил энэ зах дээр ажиллаж байгаа болохоор, намайг муу цэнхэртэй маань эндэхийнхэн андахгүй. Заримдаа гарч ирэхгүй ганц нэг хонохоор эрж хайгаад сүйд болдог юм. Хүүхдүүд ингэж итгээд байхаар амарч хэвтэж чадахгүй юм. Тэгээд ч энэ үе мөчийг эхнээсээ л хөдөлгөөд сурчихсан болохоор одоо зүгээр байхаар өвдөх гээд байх юм аа. Хүн зовлон даадаг, жаргал даадаггүй гэж үнэн шүү гэснээр бидний яриа өндөрлөсөн.

Сэтгүүлч С.Саянаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.