50 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг байгуулах асуудлаар санал солилцлоо

 УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 9-нд БНПУ-ын  Сеймийн дэд маршал Рышард Терлецки, Сенатын дэд маршал Мариа Коц нарт бараалхан хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Маршал Марек Кухчински, Сенатын Маршал Станислав Карчевски нарыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг УИХ-ын дарга М.Энхболд урьж байгааг уламжилж, урилгыг гардуулсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа онцгой байр эзэлдэг бөгөөд парламентын Тамгын газар хоорондын уламжлалт харилцаа чухал ач холбогдолтой байсаар байгааг цохон тэмдэглэсэн байна.

Тэрбээр парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагааг дэмжих нь чухал болохыг онцлоод парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд харилцан айлчлал, уулзалт зохион байгуулах, Тамгын газруудын шугамаар ажилтнууд солилцох, сургах, дадлагажуулах чиглэлээр мөн хамтран ажиллах саналтай байгааг илэрхийлжээ.

50 сая еврогийн нөхцөлт тусламжийн зээлийн хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хоёр орны Засгийн газар хооронд байгуулах асуудлыг энэ оны гуравдугаар сард багтаан эцэслэн шийдвэрлэх талаар талууд санал солилцов.

 http://www.montsame.mn/dotood-medee/47528

+ There are no comments

Add yours