Шүүхийн шийдвэрээр “Дүнжингарав” уралдааныг зогсоох боломжгүй гэв

Шүүхийн шийдвэрээр “Дүнжингарав” уралдааныг зогсоох боломжгүй гэв

Монгол улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоосон. “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болж өнгөрлөө.
Уралдаан болохоос хоёр хоногийн өмнө Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан боловч хариуцагч Засгийн газар, уралдаан зохион байгуулагч Морин спорт уяачдын холбоод шүүхийн шийдвэрийг үл тоон морин уралдааныг товын дагуу хийсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Дүнжингарав наадмыг зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл УИХ хүчингүй болгох эрхтэй. Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хүчингүй болгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бий” хэмээжээ.
Харин шүүхээс дээрх асуудлыг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэсэн гэж үзэж байгаа ажээ. Тодруулбал, 2016 оны 7-р сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуучин Захиргааны процессын хуульд өгсөн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т :Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” хэмээн заасан.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааныг заасан тул энэхүү маргаан нь Цэцэд харьяалсан маргаан бус, хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан юм. Тиймээс өчигдөр болж өнгөрсөн “Дүнжингарав” морин уралдаан нь шүүхийн шийдвэрийг зөрчин зохиогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчид шүүхэд гаргаагүй учир шүүхээс дээрх уралдааныг зогсоох эрх зүйн боломж байгаагүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.