Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ

Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй.

Уг үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байна.

Сэтгүүлчдийг ямар учраас Төв талбайд нэвтрүүлэхгүй байсан тухай ЦЕГ-аас тодруулахад “Цар тахлын үед сэтгүүлчид ч олноороо бөөгнөрч, алба хаагчдад хүндрэл учруулах тохиолдол гарч байна.

Эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн алба хаагч болон сэтгүүлчид халдварын эрсдэлтэй бүлэгт ажиллаж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр эрүүл мэндийн байгууллагаас сануулсан.

Гэхдээ сэтгүүлчид Төв талбайд цөөн тоогоор очиж, чөлөөтэй мэдээлэл байгаа гэдгийг хэлье.

Цар тахлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь бүгдийнх нь аюулгүй байдал тул хэвлэлийнхэн маань үүнийг ойлгож, хүлээцтэй хандах хэрэгтэй байна.

Хамгаалалтын тухайд, Улаанбаатар хотын хэмжээнд нийтээрээ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаатай холбоотойгоор зөвхөн Төв талбай ч гэлтгүй бүх газарт л цагдаагийн хамгаалалт гарсан байгаа” гэсэн тайлбар өгөв.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг билээ.

+ There are no comments

Add yours