Тагнуулын офицерыг мөргөж амийг нь хөнөөсөн 23 настай эмэгтэй хилээр гарч зугтжээ

…Аавындаа ирж хоол идээд, ажилдаа явахаар гарсан хүүг маань согтуугаар машин барьж явсан банкны теллерээр ажилладаг хүүхэн зам хөндлөн гарч байхад нь дайрч амийг нь хөнөөсөн байдаг юм. Миний хүү 31 настай, 4-6 настай хоёр хүүхэдтэй, эхнэртэй, цэргийн байгууллагад ажилладаг байсан. Зэвсэгт хүчний 016 дугаар ангид Тагнуулын тусгай салааны захирагчаар ажилаж байсан, мэргэшсэн цэргийн хүн. Байнгын бэлтгэлтэй, аливаа зүйлээс биеэ гэмтэлгүй аваад гарчих бүрэн чадвартай хүн. Гэтэл ийм хүүг маань согтуугаар машин жолоодож явсан хүүхэн дайрч, амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтчихсан. Осол гарсанаас хойш гурван цагийн дараа үлээлгэхэд  1.64 бүхэлтэй гарч байсан гэхээр их согтуу машин барьж явсан байж таарах гээд байгаа юм.

Мөн миний хүүг дайрч амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтахдаа биед нь байсан бичиг баримтыг нь, гар утсыг нь биеэс нь авч явж, албаар хаяг тодорхойгүй болгож, төөрөгдүүлсэн. Үүнээс болж хүүг маань “хаяг тодорхойгүй хэрэг” болгоод хаалгах гэж оролдсон. Аавынхаасаа гарч ирээд 200 хүрэхгүй метрийн зайнд мөргүүлж амиа алдсан хүүгээ бид ажилдаа явчихсан гэж бодож байсан. Ажилдаа явахаас өөрөөр гэрээс гардаггүй хүүгээ архи хэтрүүлэн хэрэглэж, аагаа багтааж явсан 23-хан настай хүүхний гарт алдчихсандаа үнэхээр харамсаж, гашууд байна … хэмээн хоолой зангируулан өгүүлээд нулимс нь хатсан нүдээ нухлан өмөлзсөн З.Мэндбаяр гуайтай ярилцах маш хүнд байсан.  

Ууган хүүгээ аавындаа зорин ирж, хоол идээд хувцасаа солин өмсөөд “ажилдаа явлаа” гээд гарахдаа сүүлийн удаа ирж байгааг нь огт мэдээгүйдээ. Гэрийнх нь урд зам дээр машинд дайруулан амиа алдчихсан байхад “ажилдаа явсан” хэмээн бодож байсандаа, цэл залуухан, эрүүл чийрэг хүүгээ жаргалдаа ташуурсан согтуу хүүхэн дайраад амийг нь хөнөөчихнө чинээ санаагүйдээ, 4-6 настай өнчирч үлдсэн ач нараа өдөр болгон аавыгаа ирнэ хэмээн хүлээж, ээжийгээ, эмээгээ хормойдон гүйлдэж байгааг харах З.Мэндбаяр гуайд үнэхээр хэцүү байгаа.

З.Мэндбаяр, Ажилдаа явахдаа аавындаа ирж амарч байгаад хоол хийлгэж идээд гарсан хүү маань ямар ч хэл чимээгүй алга болчихоор нь бид их сандарсан. Цэргийн байгууллагад ажилладаг, тусгай салааны захирагч, үргэлжийн хүч тамирын дасгалаар хичээллэдэг, бэлтгэгдсэн тагнуулч хүүгээ зам тээврийн ослоор алдчихсандаа одоо ч итгэхгүй байна. Хүүг маань хэдэн удаа дайрсан болохоороо, яаж дайрсан болохоороо тархины суурь ясыг нь гэмтээж, ослын газар эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдсан болохыг ойлгохгүй байгаа. Миний хүү бэлтгэгдсэн тагнуулч хүн. Байнгын бэлтгэлтэй, ядаж л өөрийгөө гэмтээхгүй унаж сурсан байж таарна. Гэтэл тэр согтуу хүүхэн миний хүүг дайрч, амийг нь хөнөөхдөө тархины суурь ясыг нь гэмтээсний улмаас газар дээрээ амиа алдсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан гэсэн.

Миний хүүг мөргөж амийг нь хөнөөсөн машин маш хурдтай явсан байж таарах гээд байгаа юм. Тийм хүнд гэмтээсэн гэхээр. Эсвэл хэд хэд мөргөчихсөн юм болов уу… энэ талаар хэргийг мөрдсөн мөрдөгчид бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Хүү чинь зам тээврийн осолд өртөөд амиа алдсан байна л гэсэн. Зам дээр гарсан осол учир бид удаа дараа камерын хяналтын бичлэг шалгахыг шаардсан. Гэтэл бид өөрсдийн журмаар шалгасан камерт нэг хар машин маш хурдтай давхиж ирээд хүүг маань мөргөөд тээр хол шидэж байгаа харагддаг. Мөн хүү дээр хоёр хүн очоод эргүүлж тойруулж байгаа маш бүдэг дүрс харагдсан. Энэ талаар цагдаад мэдэгдэж, тэр камерын бичлэгийг шалгах хэрэгтэй байгааг удаа дараа шаардсанаар цагдаа ямар ч байсан бидний үзсэн тэр хятад компани дээр очсон ч “камерын бичлэг устсан байна” гээд тоохгүй орхисон.

 Миний хүү цэргийн хүн. Тийм учраас байнга бичиг баримт, гар утсаа үргэлж бэлэн байдалд биедээ авч явдаг. Гэтэл тэр ослоос хойш одоо болтол бичиг баримт, гар утас нь олдохгүй байгаа. Ослын газар үзлэг хийхэд бичиг баримтгүй, гар утасгүй байсан гэж байгаа юм. Осол Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг  Эм си эс компанийн яг урд зам дээр гарсан байдаг. Тэр төв зам дээр гарсан, хүүгийн маань осолд өртсөн газар зам битүү цус болсон байсан. Миний хүүг үнэхээр аймаар дайрсан, танигдахын аргагүй болгосон байсан. Тэгээд бичиг баримтгүй, холбоо барих утасгүй гээд “орон гэргүй, хэн болох нь тогтоогдоогүй” гээд хэргийг нь хаах гэж оролдсон, арай л дэндүү.

Үнэхээр муухай хүмүүс төрд төрийн нэр барьж ажиллаж байгаад гомдолтой байна. Замын цагдаагийн газар ажилладаг автын байцаагч, цагдаагийн хошууч Одсүрэн гэж хүн энэ хэргийг шалгасан. Хүний амь үрэгдсэн хэрэгт прокуорын газрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 27.10.3, 27.11.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Зүгээр л зам тээврийн осол болгож, хэрэг үүсгэж, яллаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэрэг 2020 оны зургадугаар сарын 9-нд 04.30 цагт гарсан. Шүүх хурал 2021 оны гуравдугаар сарын 31-нд хуралдсан. Миний хүүгийн амийг хөнөөсөн хүнийг Ж.Соёлмаа гэдэг юм билээ. Гэтэл энэ шүүх хуралд Ж.Соёлмаа ирээгүй. Гэтэл 2021 оны нэгдүгээр сарын 05-нд Улаанбаатар-СӨҮЛ-ийн онгоцоор нисчихсэн байсан. Согтуугаар машин барьж, хүний амь хөнөөсөн хэрэгт шалгагдаж, саатуулагдсан хүн зүгээр л хилээр гараад зугтчихдаг ийм хайхрамжгүй зүйл гэж байх уу. 1997 онд төрсөн Ж.Соёлмаа гэдэг энэ эмэгтэй хэрэг гарах үед унаж явсан машин нь УНП 3140 дугаартай Жи Эс Би капитал гэдэг банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй тоёота сай маркын машин байсан. Миний хүүг мөргөж, амийг нь хөнөөчихөөд хэргийн газраас зугтаасан. Гэтэл хэрэг нь шийдэгдэх шүүх хурлаас бас зугтахдаа бүүр хилээр гараад явчихсан. Эмэгтэй хүн байж ийм муухай харгис байж болох уу. Бас хүний амийг хөнөөчихөөд байхад хүүхдээ хилээр гаргаж зугтаалгасан эцэг эх хоёрт нь бас гомдолтой байгаа.

Эцэг нь Хилийн цэргийн 064 дүгээр ангид ажилладаг юм байна. Тиймээс охиноо хилээр нууцаар гарахад нөлөөлсөн гэж бид хардаж байгаа. Тиймээс бид энэ хэргийг дахин мөрдөж, бүүр эхнээс нь дахин сайн шалгуулмаар байгаа тухайгаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгөхөөр шийдсэн. Мөн хүний амь хөнөөчихөөд шүүх хурлаас зугтаж, хилээр гарсан Ж.Соёлмааг олон улсын хэмжээнд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, баривчлан авчирч, үйлдсэн хэрэгтээ хуулийн дагуу ял эдлэх ёстой. Хүний амь хөнөөчихөөд уучлал гуйх, хэргээ хүлээж хариуцлага хүлээхгүй, эцгээ Хилийн цэрэгт ажилладаг давуу байдлыг ашиглаж, хилээр зугтан гарсан нь даанч муухай увайгүй үйлдэл. Ж.Соёлмаагийн ээж нь “Тайвань улс руу сургуульдаа явсан. Дипломаа аваад ирнэ” гэж хэлж байгаа ч Улаанбаатар-Сөүлийн онгоцоор БНСУ-руу чартерийн нислэгээр явсан нь тодорхой болсон. Ийм муухай байж болохгүй. Тиймээс Монголын хууль хүчний байгууллагыг шударга ажиллахыг бүх шатны бүх холбогдох байгууллагад хүсэлт, өргөдөл гаргаж шаардах болно… хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.

4Comments

Add yours
  1. 1
    Anonymous

    Зам дээр нас барсан хүний цогцосноос гар утас бичиг баримтыг хүн авахгүй дээ. Санаатай хүн аминий хэрэг бишүү

  2. 2
    Дд

    Эцсээ хүртэл яваарай. Цаадуул чинь хууль шүүхтэйгээ хуйвалдсан байгаа шүү.Мэдээллээ олон нийтийн сүлжээнд байнга тавиад байгаарай.Бүгдээрээ нийлээд цаадуулыг чинь гарах гарцгүй болгох хэрэгтэй

  3. 3
    Anonymous

    23 nastai banker huuhenees bichig barimt utasiin awaad yway gedeg bodol bas garna gedeg yu l boldoo, huuli tsagdaagiinhantai holboo sulbeetei hunees zowlolgoo awsan boluu l gej bodoj bn, hamt hun ywj bsan eseh eswel tuhain uyiin utasnii duudlagiig shalgaj uzeh l heregtei baihdaa,,,,,
    Tagnuuld ajildag gedeg chini ooroo bas mash tom shaltgaan ch baij medehiin,,,

  4. 4
    Anonymous

    Хуулиар яриад бүтэхгүй! Мэдэж байвал бүгдийг нь очоод алаад хаяаа!

+ Leave a Comment