Б.Баатархүү: Иргэн И өндрөөс унасан байдалтай амиа алдаж, Ц гадны нөлөөтэй нас барсан байсан

Мэргэжлийн сагсчин И,Ц нар амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага мэдээллийг аван хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай “Ц” гаднын нөлөөтэй амь насаа алдсан. 20 настай “И” өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас тус хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Хэргийн талаар цахим мэдээллийн хэрэгслээр олон зүйл яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа нөхцөл байдал, болсон үйл явдал нь тодорхой болдог байхад хэргийн талаар ташаа худал мэдээлэл гарч байна.

Ийм харамсалтай хэрэг гарч хоёр залуу нас барсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдаж байгаа нотлох баримт мэдээллийг бид хэлэх боломжгүй. Хуулиараа хориотой.

Иймээс иргэд олон нийт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад буруу ташаа мэдээлэл олон нийтийн хэрэгслээр гаргахгүй байхыг хүсье. Шаардлагатай гэж үзвэл бид прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа мэдээлэх эсэх асуудал яригдана” хэмээв.

+ There are no comments

Add yours