О.ЭНХМАА: 56.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГАНЦ ТӨРӨХ ЭМНЭЛГИЙГ 12 ЖИЛ БАРЬСАН

…Би эмч хүн учир иргэдээ эмнэлгийн шалан дээр эгнэж хэвтээд эмчлүүлэхийг харах хэцүү байсан. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд ямар ч тав тухгүй орчинд хэзээ мөдгүй нураад ирж мэдэх барилга бүхий эмнэлэгт өөрөөсөө хоёр дахин хүнд, том биетэй өвчтөнгөө түрээд явах тэргэнцэр ч байхгүй учраас хөнжил дээр нь хэвтүүлж байгаад хэдүүлээ нийлээд өргөөд шатаар явах ямар хэцүү болохыг биеэр туулаагүй хэн ч ойлгохгүй. Би хоёрдугаар төрөх эмнэлэгт ажиллаж байсан болохоор энэ бүхнийг яриад байна л даа… хэмээн яриагаа эхлүүлсэн О.Энхмаа эмчийн хувьд сүүлийн зургаан жил төрөх эмнэлгүүдэд үүссэн асуудлаар тэмцэл өрнүүлж, багагүй амжилтад хүрээд байгаа хүн гэдгээр нь монголчууд андахгүй. Ингээд Энхрий үрс халуун сэтгэл Төрийн бус байгууллагын тэргүүн, хүний их эмч О.Энхмаагийн ярилцлагыг хүргэж байна.

ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮД ДАЙНЫ ТАЛБАР ШИГ Л…

Зургаан жилийн өмнө би жирийн эмч байлаа.  21 дүгээр зуунд, манай улсад ажиллаж байгаа эмнэлэгт  төрөх гэж байгаа ээж нар эмнэлгийн коридорид хэвтэж, дөрвөн хүн хэвтэх өрөөнд 8-12-уулаа чихэлдэж, нэг орон дээр хөл толгойгоороо зөрж хэвтэн эмчлүүлж байгааг харах хүнд байсан.  Дүүргийн эмнэлгүүд бол дайны талбар шиг л байдгийг 12 жил тогоонд нь ажилласан учир маш сайн мэднэ. 2007 оноос хойш яригдсан эмнэлэг 12 жилийн дараа л ашиглалтад орж байна шүү дээ. Намайг унтуулгын эмчээр ажиллаж байхад эмнэлгүүд ачааллаа дийлдэггүй, хэцүү байсан. Эмч нар толгой өндийх завгүй ажиллаж байхад өвчтөнгүүд эмнэлэгтээ багтахгүй, бөөн бухимдал болно. Энэ байдлыг хараад явж байхдаа өөрийнхөө амьдрал болон хүмүүсийн  төлөө дуугарч, тэмцэх зорилго тавьсан.

Ингээд хоёрдугаар төрөхийн жирийн эмч намайг монголын мянга, мянган хүүхдүүдийн төлөө зургаан жил сэтгэл тавин тэмцэж зүтгэх замын эхлэл тавигдсан даа. Зүтгэсэн, хичээсэн учир зургаан жилийн дараа Яармагт байрлах дөрөвдүгээр төрөх эмнэлгийг бариулсан. Би ганцаараа тэмцээгүй, олон мянган иргэд, байгууллагуудыг хамруулж тэмцсэн. Хоёр удаагийн парламент, хоёр удаагийн Ерөнхийлөгч дамнасан хугацаа орсон.

“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ байгуулж, Шүүх, УИХ, УИХ-ын дарга нар руу нэг бүрчлэн албан бичиг бичиж шаардлага хүргүүлж байсан. Мөн долоон удаа хандивын тоглолт зохион байгуулж, хэвлэлийнхэн, урлагийнхан, төр, төрийн бус байгууллагуудыг халуун сэтгэлийн аянд нэгдэхийг уриалахад идэвхтэй оролцож, талархаж дэмжиж байсанд маш их баярладаг. Ийм учраас би  хөдөлмөрийн үнэ цэн, хүн амьдралдаа эх орондоо ямар хувь нэмэр оруулж болох тухай, яаж 300 ортой эмнэлгийг ашиглалтад оруулах гэж ажилласан тухай номоо бичиж эхэлсэн.

Дөрөвдүгээр төрөх ашиглалтад  ороход намайг дуудах байх гэж бодож, хүлээж байсан. Харин эрх мэдэлтэй хүмүүст би хэн ч биш харагдсан учир намайг ор байхгүй мэт үгүйсгэж, төрийн эрх барьж байгаа намын гишүүн гэдгээрээ түрий барьсан даа. Тэд эмнэлгийн нээлтийг хийж, миний зургаан жилийн хөдөлмөрийг үл тоож намайг ор тас байхгүй мэт аашилж байсан ч түүх түүхээрээ үлдэнэ гэдэгт би итгэдэг.

Хэдийгээр, хувь хүний, улс төрийн намын амбиц, МАН-ын  зарим эрх мэдэлтэй хүмүүсийн хийсэн ажил болгоод эмнэлгийн үүдийг нээж тууз хайчилсан ч гэсэн эцсийн бүлэгт миний хийсэн ажил хүмүүст  хүрч, мөрөөдөл зорилго маань биелэж, Сонгинохайрхан дүүргийн төдийгүй, бусад дүүргийн ээжүүд тав тухтай, орчин үеийн эмнэлэгт төрж, шинэхэн төрсөн хүүхдүүд сайхан орчин мэндлэх, эмч, эмнэлгийн ажилчид маань тав тухтай орчинд сэтгэл амар ажиллах боломжтой болж байгаад маш их баярласан. Тиймээс намайг нээлтэд оруулсангүй гэж би гомдоогүй. 

25 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТЫГ 30 ТЭРБУМ БОЛГОЖ ӨӨРЧИЛСӨН БАЙДАГ

Улс, эх орон нь эдийн засаг тааруу, хөгжил ядуу байхад эрх бүхий хүмүүс концесс нэрийн доор мөнгө угааж болохгүй гэж боддог.  Шүүхээс 65 хувьтай хийж дүгнэгдсэн ажлыг “Тума Холдинг” компани 34 хувийн гүйцэтгэлээс эхэлсэн гэж 25.4 тэрбум төгрөг зарцуулж, дуусгана гэж гэрээ хийж, ярьсан байгаа баримт нь надад бий. Энэ бүүр бага хэрэг болсон нь “Тума Холинг” компанид УИХ-аас 30 тэрбумыг концессийн гэрээ хэмээн нэрлэж санхүүжилт өгч байгааг үнэхээр ойлгохгүй байгаа.  25.4 тэрбумыг яагаад 30 тэрбум болгов гээд хөөцөлдөхөөр “Яармагийн эмнэлгийн эхний буруу зураг төслийг өөрчлүүлсэн санхүүжилт” гэж тусгасан байгаа юм. Ийм байдлаар төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулаад байна. Иймд Хүрэлсүх сайдын цэвэрлэх байгууламжид зарцуулж байгаа 2.6 их наяд төгрөгт манай ТББ аудит оруулж, хяналт тавьж байгаа. Компани нь 65 хувийн гүйцэтгэлтэйгээр ажлаа эхэлсэн мөртлөө одоо 34 хувиас эхэлсэн гээд 30 тэрбум төгрөг авч байгаа нь болохгүй шүү дээ.

Миний хувьд зургаан жил цалин мөнгөгүй хөөцөлдөж явж бүтээсэн ажлыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэд сайд Бямбасүрэн “бид зургийг нь өөрчлүүлж ингэж ажилласан” гэж тайлбарласан нь харамсалтай. Яг үнэндээ, тэд нар энэ эмнэлгийн тухай ерөөсөө мэдэхгүй байсан шүү дээ. Төрөх эмнэлгийн санхүүжилт, зохион байгуулалт, төрөх эмнэлгийн моорг болон биеийн тамирын заал шиг хэрэггүй их талбай, 2800 кг лифт арван ширхэг … гэх мэтээр маш олон асуудал хэн ч мэдэхгүй, хэн ч тоохгүй явж байсан, шинээр баригдаж байгаа Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын зурагт.

Түүнийг анх олж харж, асуудал болгож дээшээ уламжлан заргалдаж, төсвийн маш их алдагдал гарах гэж байхад мэдэж, зогсоосон хүн би шүү дээ. Олон удаа явж, хэрүүл тэмцэл хийж, хэл ам болж, дарга, сайд нарын үүдийг сахиж, телевиз, сонинд ярилцлага өгч тэмцэж байж тэр их алдагдалыг зогсоож, зургийг дахин зуруулж, солиулсан. Манай улс 56.7 тэрбум төгрөгөөр ганцхан төрөх эмнэлгийг 12 жил барьж байна.

Төрөх эмнэлгийн доторх зураг төсөлд дөрвөн тэрбум зарцуулсан. Дахиад нэг эмнэлэг барих санхүүжилтыг зүгээр л зураг төсөл гаргахад зарцуулна гэснийг хараад тэсээгүй, тэмцсэн. Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг ч ингэж арай ч болохгүй шүү дээ. Улсын төсвийг гарын салаагаараа урсгаж байгааг хараад би өлсгөлөнгөөс бусад бүх аргаар тэмцсэн. Тэгж тэмцсэн маань ч үр дүнгээ өгсөн гэж харж байгаа.

No description available.

ДАРААГИЙН ТЭМЦЛЭЭ ТҮЛЭНХИЙН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨ ЭХЛҮҮЛСЭН…

Түлэнхийн эмнэлгийн газрын 60 хувь нь алга болсонд олон байгууллага буруутай. Хамгийн сүүлийн газрыг нь луйвардсан хүн нь С.Амарсайхан. Моорг баригдах ёстой газар нь хувийн өмч болгоод шүүхээр шийдэгдчихсэн. Өнөөдөр Монгол Улсад түлэгдэж шаналсан ямар олон хүн, хүүхэд байдаг гэж санана. Хамгийн гол нь түлэгдсэн өвчтөн маш ариун нөхцөлд эмчилгээ хийлгэх ёстой. Түлэгдэлтийн шарх өрөөний агаарын бохирдолоос болж эдгэрэхгүй, арьс нь түлэгдсэн хүний бие ариун бус орчинд эмчилгээ хийлгэснээс болж гүнзгий хордлогод орж амиа алддаг юм шүү дээ.

Ийм нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай, ариун нөхцөл шаардлагатай эмнэлэгт өнөөдөр хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс эдгэрэхээс илүү нэмж шаналж, дахин дахин өвчинд нэрвэгдэхээр хүнд нөхцөлд хэвтэн эмчлүүлж байна. Манайх шиг  насанд хүрсэн хүн, хүүхэд хоёр зэрэгцээд хэвтчихсэн эмчлүүлж байдаг улс орон хаана ч байхгүй. Түлэнхийн эмнэлэг баригдахыг хүлээгээд арван жил боллоо. Түлэнхийн эмнэлэг гэчихээд хүүхэд, насанд хүрсэн хүн хоёроо ч тусгаарлаж чадахгүй, тасаг нь нийлчихсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь дэндүү харгис үйлдэл юм шүү дээ. Ийм байгаа учраас энэ муухай байдлыг зогсоох ёстой гэдэг шалтгаанаар тэмцэхээс аргагүй.  

Үнэндээ миний хувьд өөрийнхөө төлөө биш эмч хүн учир өвчтөнийхөө эрх ашгийн төлөө ингэж явдаг. Нөгөө  талаар эмч, эмнэлгийн ажилтнууд ямар хүнд нөхцөлд ажиллаж байгаад тэд нараас өөр хэн ч мэдэхгүй. Өвчтөнгөө түрээд явах насилк байхгүй эмнэлэгт өөрөөсөө хоёр дахин том хүнийг өргөөд даахгүй учир хөнжилд нь боогоод хэдэн талаас нь дамжлаад явж байхдаа сэтгэлээр унадаггүй эмч байхгүй шүү дээ. Тиймээс үүнийг өөрчлөх ёстой. Эмч нар, эмнэлгийн ажилчид ч гэсэн тав тухтай орчинд тайван сайхан ажиллах ёстой гэж бодоод цалинтай ажлаа орхиод “буруу зүйлийг өөрчилж, зөв замд оруулах” тэмцлийг эхлүүлсэн юм шүү дээ, би.

Үнэндээ, ингээд явж байхад сэтгэлээр унах, заримдаа яахаа ч мэдэхээ байтал хүнд байдалд орох үе байна. Хүний төлөө явж байгаа атлаа хүмүүст дарамтлуулж, гэр бүл, нялх хүүхдээ орхиод хэний төлөө, яах гэж ингэж явж байна вэ гэсэн бодол хааяа төрж сэтгэлээр унах үе гарна. Гэхдээ ажил бүтээд, уулзсан хүмүүс сайхан хандаад, дэмжээд цаашаа явах урам зориг өгөхөөр өөрийн эрхгүй “би л хийхгүй бол хэн хийх юм бэ” гэж өөртөө хэлээд зүтгэдэг.

Х.НЯМБААТАР НАДАД ХУУРАМЧААР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГҮҮЛЭН 14 ХОНОГ ШАЛГААД ХААСАН

Би шуналтай хүн биш. Монголд маань өвдсөн, зовсон, эмчлүүлэх гэж хандив гуйсан хүмүүс улам олширч байна. Энэ хагалгааг Монголд хийхгүй гэдэг ямар хэцүү болохыг хэлүүлж байгаа хүн, хэлж байгаа эмч хоёр л мэддэг. Би эмч хүн мэдэлгүй яах вэ. Тиймээс Монголдоо эмчилгээ, хагалгаа хийдэг больё,  гадаадын орнуудын хамтын ажиллагаатай эмнэлэг байгуулья гэж зорин Тахилтад эмнэлэг барихаар хөөцөлдсөн.

Ажлаа хандив цуглуулж эхлүүлсэн. Гэхдээ дандаа хандив гуйгаад эмнэлэг барья гэж төлөвлөөгүй. Хандиваар тодорхой хувийг босгоё, мөн гадаадын болон дотоодын төрийн тусламж аваад эмнэлгээ босгоё гэж хичээсэн. Ард түмэн маш ихээр хандив гуйгаад үр хүүхдээ эмчлүүлэх гэж зүтгэж байна. Энэ байдлыг өөрчилж, эмнэлэг босгоё, технологийг нь оруулж ирье гэдэг л мөрөөдөл зорилготой би.

Зүгээр нэг барилгын төлөө зүтгээд байгаа юм биш. Хичнээн мянган өвчтэй хүмүүсийн эрх ашгийн төлөө л тэмцээд байгаа юм. Түүнээс улс төрийн хуйвалдаанд ороод, өөрөө мөнгө олох гээд байгаа ажил огт биш. Харин сэтгэлд таагүй санагддаг нэг зүйл бол Х.Нямбаатар  гишүүн миний хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр ярьдаг. Түүгээр барахгүй, ард түмний тархийг угаагаад ажлыг маань цалгардуулсан. “Энэ эмнэлэг чинь нэг ор нь 150 мянгын үнэтэй хувийн болно “ гэж ярьж, хүмүүсийг айлгадаг. Үнэндээ, ерөөсөө тийм боломжгүй шүү дээ.

Ингээд зогсоогүй, Х.Нямбаатар 2020 оны хоёрдугаар сард надад холбогдуулан  зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэх гэж оролдсон. Ингэхдээ, Тахилтад барьж байгаа эмнэлгийн  барилгын ухсан нүхэнд хүн ороод нас барсан гэж эрүүгийн хэрэг үүсгээд 14 хоног шалгаад эргээд хаачихсан байсан. Энэ тухай сонсоод манаач нар руугаа залгасан. Гэтэл “та юунд ч бүү санаа зов, ерөөсөө энд таны хэлж байгаа шиг асуудал гараагүй, сонгууль дөхөөд л таны хийсэн ажлыг үгүйсгэж, ийм зүйл болж байгаа юм. Таныг ил, далдаар муулж байгаа өчнөөн хүмүүс байна. Та санаа зоволтгүй, бусад ажлаа хий. Бид хариуцлагатай байна. Хамгийн гол нь таныг ямар нэг байдлаа асуудалд унагаах гээд муу хүмүүс хуйвалдаад байх шиг байна. Өнгөрсөн намраас хойш л янз бүрийн хүмүүс яваад байгаа юм” гэж манаачаар ажилладаг хүмүүс маань хэлсэн. Мөн намайг гайхаад “яагаад надад энэ тухай хэлээгүй юм” гэхээр “таныг дарамтанд ороод ядарчих байх гээд хэлээгүй юм. Та энэ биедээ багтахгүй их ачаалал үүрч явдаг хүн шүү дээ” гэж хэлж байгаа манаач нар маань ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ.

 Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар очиж даргатай нь уулзсан. “Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж сонслоо. Ямар хэрэг яаж үүсгэснийг мэдмээр байна” гээд. Гэтэл шалгаж үзээд, “тань дээр ийм хэрэг нээгдээд одоо хаагдчихсан болохоор та битгий уурла” гэсэн. “Хүний нэр төрд ийм байдлаар халдаж болдог юм уу” гэхээр “энэ хэрэг хаагдчихсан л байна” гээд тоохгүй байгаа юм.

Тэгсэн атлаа энд хүн үхсэн, газрын эрхийг нь цуцална гээд явж байдаг хүмүүс байгаа. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын Аж ахуйн албаны дарга нь намайг дуудсан. Тэгэхдээ, “эмнэлгийнхээ гэрчилгээний бичгийг хураалга” гэж дарамталж байгаа юм. Үнэндээ, энэ бүх хэргийг зохион байгуулсан хүн бол Х.Нямбаатар. Ийм хэрэг зохион байгуулсан атлаа ямар ч хариуцлага хүлээхгүй, харин ч басаж байгаа байхгүй юу, намайг. Монголын ард түмэн сохор биш шүү дээ. Тэгсэн атлаа ийм хүмүүсийг л сонгоод тахин шүтээд толгой дээрээ гаргачихсан байна. Х.Нямбаатар энэ эмнэлгээр пиар хийж УИХ-ын гишүүн болоод одоо сайд болчихсон.

Өнгөрсөн сонгуулиар МАН-ын гишүүн Д.Сарангэрэл, У.Хүрэлсүх миний буянд л эмнэлэг нээж, тууз хайчилсан шүү дээ. Эд нар ичих ёстой.  Д.Сумьяабазар нэг эмнэлэг, нэг сургууль бариагүй байхад энгийн нэг эмч хүн тог цахилгааныг нь шийдээд ингэж ажиллалаа гээд иргэд нь ярьж байгаа байхгүй юу. Үнэндээ, Х.Нямбаатар, “Тахилтын эмнэлгийг хувийн эмнэлэг болно” гэж хэлээд л цугласан хүмүүсийг тараачихдаг байсан. Ингэж миний мэдрэлийн эсийг таван жил үхүүлж явна. Тэгээд цагаа тулахаар энэ эмнэлэг нь аминд нь ороод, авраад сайд дарга болгоод байгаа. Энэ эмнэлгийн зургийг би дэмжсэн, би төсвийг нь батлуулах гэж байна гэж попроод л хэвлэлийнхэнийг авчирч яриа өгсөөр байгаад дахин сонгогдсон хүн шүү дээ.

Үүнээс гадна, дүүргийн төлөөлөгч С.Мөнхчулуун байна. С.Мөнхчулуун Х.Нямбаатараас арай илүү хүн чанартай. Эмнэлгийн төсвийг ч зөндөө дэмжиж ажилласан. Мөн төлөөлөгч болсныхоо дараа намайг дуудаж уулзсан. Гэтэл Х.Нямбаатар надаас зугтдаг. Ордонд тааралдвал шууд хараагүй дүр эсгээд зүгээ буруулаад шалавхан явчихна. Тэгсэн атлаа араар болохоор байнга муулж, янз бүрийн юм ярина. Маш хүн чанаргүй хүн шүү дээ. Үнэндээ, миний ажлыг өөрийн хийсэн ажил болгож Тахилтал эмнэлэг барина гэж иргэдийн санал авч, УИХ-ын гишүүн болсон. Түүнээс Сонгинохайрхан дүүргийн ИТХ-даа л байж байхаар хүн шүү дээ, Х.Нямбаатар.

+ There are no comments

Add yours