Гурвалын холбоо буюу 33 тэрбумын ончрол…

“Төрийн” гэсэн тодотгол ороод ирвэл л аливаа үнэгүйдэл газар авч, өөрийн мэт хулгайлагдсад хормой шууж, хошуу унжуулан дайрчихдаг нь бараг л гэм биш зан болсон нь харамсалтай.  2020 оны УИХ-д монголын нийгэмд бизнесийн болон улс төрийн шатлалд өөрийн хэмжээнд танигдсан залуучууд түлхүү орж ирэхэд олон хүн сайшаалтай хандаж байсан ч “хор” нь гараагүй тэднээс болгоомжлох хүмүүс ч цөөнгүй байсан. Тэгвэл энэ болгомжлол буруу биш байсныг цаг хугацаа харуулсан нь “гурван гишүүний 33 тэрбумын асуудал” байв.

Учир нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нэг нь төрийн мөнгөнөөс 33 тэрбумыг зээлдүүлж, нөгөө хоёр нь зээлсэн энэ үйлдэл бол үнэхээр муухай өнгө юм. Гэтэл өнөөдөр энэ гэмт үйлдэлд холбогдсон этгээдүүд  УИХ хэмээх өндөр босгоор давж, Гишүүн хэмээх тусгай эрх, ямбыг эдэлж байгаа учир үүссэн асуудлыг үл тоосон янзтай байгаа нь харамсалтай. Учир нь тэдний байдлаас харахад тэд энэ үйлдлээ зөв гэж үзэж байгаа бололтой. Өнөөдрийг хүртэл хэн нь ч ямар нэгэн байдлаар уучлал гуйсангүй. Харин ч энэ бол УИХ-ын гишүүнд хамаагүй, гишүүн болохоос өмнө авсан асуудал хэмээн өөрсдийгөө хаацайлах янзтай.

Бүүр харамсалтай нь УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн хэвлэлийнхэнтэй уулзахдаа, “тэр хүмүүс гишүүн болоогүй байсан. Тиймээс ямар нэгэн хариуцлага тооцно гэвэл утгагүй зүйл” гэсэн мэдээлэл өгсөн нь эрх мэдэл, албан тушаал байгаа бол үүрэг хариуцлага огт байхгүй болсоныг харуулав. Төрийн, улсын эрхийг барьж болно, гэхдээ тэрүүгээрээ түрий барьж, улсын сангаас “хулгай” хийх нь хэтэрсэн зүйл. Учир нь энэ бол эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хулгай мөн шүү дээ.

Нэгэн зүйл, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад Банкны хуулийн боловсруулалтад хамтран ажиллаж байсан Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас “Вертекс майнинг партнер” компаниар 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн компанийн гол хувьцаа эзэмшигч нь өнөөгийн УИХ-ын гишүүн Г.Дамдинням байв.

Харин “Вертекс майнинг партнер” компанийн гүйцэтгэх захирлаар Хассуурийн Хашчимэг ажилладаг болох нь opendata.burtgel.gov.mn цахим хуудаснаас харж болно.  Х.Хашчимэг нь дээрх тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү юм байна. Түүгээр тогтохгүй Х.Ганхуяг нь “Хэра инженеринг” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хэра инвестмент” ХХК-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшиж байгаа бөгөөд ийм л сүлжээгээр холбогдсон хүмүүс “Бичил бизнесийн зээлийг 50 хувиар бууруулъя” хэмээн зорилго нэгдэн тогтоолын төсөл санаачилсан нь олон нийтийн анхаарлыг татахаас аргагүй.

Нэгэн зүйл, дахин, дахин хэлэхэд энэхүү асуудал буюу гурван гишүүнтэй хамааралтай энэ хэрэг яав ч зүгээр өнгөрөх асуудал биш юм. Тиймээс УИХ-ын Ёс зүйн дэд хороо үүнийг заавал авч хэлэлцэх ёстой. Учир нь эдгээр хүмүүс УИХ-ын бүрэн эрхэт гишүүн болохоос өмнө ашиг сонирхол, халаасаа нэгтгэж, эрх ашгаа илүүд үзэж эхлэх бүрэн боломжтой юм. Нөгөө талаар эдгээр гишүүдээс ирэх дөрвөн жилийн хугацаанд төлөөлсөн тойргийнхээ сонгогчдын эрх ашгийг хамгаална гэхээс илүү өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх нөхцөл үүсээд байгаа гэсэн үг юм шүү дээ. Тиймээс УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэхээс өөр аргагүй. Магадгүй ийм ёс зүй, эрх ашигтай хүмүүсийг цаашид УИХ-ын гишүүний эрхээс нь татах асуудал ч яригдах ёстой юм.

Үүссэн асуудлаар хэн юу хэлэв?

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, Сүүлийн үед болж байгаа үйл явдлууд олон нийтийг маш их бухимдуулж байна. Шинэ гишүүд нь Хөгжлийн банкнаас маш их хэмжээний мөнгө зээлээд, түүндээ аргацаасан тайлбар хийгээд явж байна.

Арилжааны зээлийн оронд хөгжлийн бодлогод  суурилсан зориулалттай зээл авчихаад түүнийгээ арилжааны зээл гэж тайлбарлах, үүнтэйгээ холбоотой хууль батлуулж хүүнээс хөнгөлөгдөх гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.

Олон нийт эвлэлдэн нэгдэж, эрх мэдэлтнүүд зөв жишиг, сургамж өгөх шаардлагатай байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчөлтөөр Засгийн газрыг дархлаатай болгосон. Гэтэл өнөөдөр алдаа гаргасан албан тушаалтнууддаа Ерөнхий сайд хариуцлага тооцож чадахгүй байна. 

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар,  Бид үлдэж байгаа үр хүүхдүүддээ ямар ирээдүйг үлдээж байна вэ. УИХ-ын гурван гишүүн 33 тэрбум төгрөгийн хулгай хийсэн. Хамгийн сайн хулгай хийж байгаа УИХ-ын гишүүн болж байна. Монголд хууль мөрдсөн хүн ядруухан амьдарч байна. Бид энэ нийгмийг өөрчлөхийг хүсэж байна. 

Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, Ковид гарснаас хойш УОК-той хамтран ажиллах санал удаа дараа тавьсан ч өдийг хүртэл дэмжигдээгүй. Хууль хүний төлөө байх ёстой. Гэтэл эрх мэдэлтнүүд Гамшгийн тухай, Ковидын эсрэг хуулийг өөрсөддөө ашигтайгаар шийдвэрлэж байна. Иргэд хууль дүрмийг мөрдөж байгаа. Харин эрх мэдэлтнүүдийн тушаал шийдвэрүүд нийгмийн бухимдлыг бий болгоод байна.

Хуульч Т.Бат-Оргил, Гурван гишүүний нэг Г.Амартүвшин гадаадын иргэн гэдэг нь тогтоогдсон. АНУ-ын Засгийн газрын сайт дээр нь өөрийнх нь хүсэлтээр АНУ-ын иргэншлээс хаслаа гэдэг мэдэгдэл гарсан байгаа. Тэгэхээр нь энэ нь Монгол Улсын хуулийг зөрчиж байна. Эрх баригч намын удирдлагууд зүтгэсээр байгаад ийм хүнийг УИХ-ын гишүүн болгосон. 33 тэрбум төгрөг хэр их мөнгө вэ. Яагаад сонгуулийн өмнө тэр их мөнгө энэ гурван хүнд очсон бэ. Надад 195 мянган төгрөгийн зөрчлийн хэрэг үүсгээд байгаа Аудитын газар тэдгээр хүний 33 тэрбум төгрөгийн асуудлыг шалгасан юм болов уу. Яагаад сонгуулийн өмнө тийм их хэмжээний мөнгө Хөгжлийн банкнаас гарсныг АТГ, тагнуулын байгууллага шалгасан уу.  Гэтэл ганцхан надад ч биш УИХ-ын сонгуульд бие даан дэвшсэн хүмүүст 10-40 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Энэ бол бидэнтэй өрсөлдсөн учраас, дараагийн сонгуульд оролцуулахгүй гэж нухчин дарж байгаа үйлдэл юм. Тиймээс энэ гурван гишүүнийг эгүүлэн татахыг шаардаж, УИХ-ын даргад захидал бичье.  

Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, Нийгэмд болоод байгаа зүйл сонгуулиас эхтэй. Бүх тойрогт асар их хэмжээний мөнгө тараагддаг. Хувь хүнд 50-100 мянган төгрөг очно. Их мөнгө биш л дээ. Тэрний төлөө бүгд сонгууль өгдөг. Шударга ёс, хэнийг дэмжих билээ гэж огт боддоггүй. Үүнээс болж улстөрчид нь гаараад, галзуураад, айж, ичихээ больчихсон. Бид 1000 жил ядуу явах уу 1-2 жил тэмцэж шударга бус явдлыг таслан зогсоох уу гэдгийг шийдэх цаг ойртож байна. 

+ There are no comments

Add yours