Вакциныг хэрэглээнд нэвтрүүлж буй анхны улс Их Британи

 Файзер/БиоНТекийн хамтарсан вакциныг Их Британи улс зөвшөөрснөөр хэрэглээнд нэвтэрч байгаа анхны вакцин болж байна. 

Ковид-19 ийн өвчлөлөөс 95 хүртэл хувь сэргийлж, хэдхэн хоногийн дотор дархлаа тогтоох үйлчилгээтэй вакцин юм.  Их Британи аль хэдийн 40 сая тунг захиалж, 20 сая хүнд 2 удаа вакцин хийнэ гэж тооцжээ. 10 сая тун нь ойрын хугацаанд бэлэн болох бөгөөд эхний 800,000 тун нь ирэх өдрүүдэд ирэх ажээ.

Вакцин анх удаа зах зээл дээр 10 хүрэхгүй сарын дотор гарч ирж байгаа нь энэ билээ. Ердийн үед вакцин бүтээхэд туршилт, хөгжүүлэлтийн шатанд л бараг бүтэн 10 жилийг зарцуулдаг байна.

Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Матт Ханкок “Тусламж ирж явна” гэж жиргэжээ. 50 гаруй эмнэлэг вакцин хийхэд бэлэн болж, вакцинжуулах төвүүд мөн байгуулагдлаа. Хэдийгээр вакцинжуулалт эхэлж байгаа ч иргэд сэрэмжээ алдалгүй, корона вирусын үеэр мөрдөх журмуудаа үргэлжлүүлэн мөрдөж байж бид тархалтыг зогсоож чадна гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Энэ нь нийгмээс зай барих, маскаа тогтмол зүүх, сэжигтэй тохиолдлуудад шинжилгээ хийж тусгаарлах ажлууд юм.

+ There are no comments

Add yours