Цар тахалын үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд

Шинэ коронавирусийн халдвар таван ч тохиолдол Монгол Улсад дотооддоо бүртгэгдсэн байгаа энэ нөхцөл байдалд бид “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх учиртай.

Тиймээс иргэн бүр энэхүү хуулийг судлаж, төр засгийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн байгууллагууд ямар эрх үүргийн хэмжээнд ямар үйл ажиллагаа явуулах, юуг хориглож байгаа, хэрвээ хуулийг зөрчвөл ямар хариуцлага хүлээхээ маш сайн мэдэж, дагаж мөрдөж, энэхүү хүнд нөхцлийг даван гарах учиртай.

Ингээд уншигч та бүхэндээ уг хуулиар ЗАСГИЙН ГАЗРААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэе.

7 дугаар зүйл.Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

7.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах;

7.1.2.цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх;

7.1.3.эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүний хүүгийн татаасаар Төв банканд дэмжлэг үзүүлэх;

7.1.4.цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэгсэл, техник, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сургалт, сэтгэл зүйн туслалцаа болон бусад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зардлыг шийдвэрлэх;

7.1.5.цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх;

7.1.6.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, уг үйл ажиллагаанд төрийн бусад байгууллагыг татан оролцуулах журмыг Улсын онцгой комиссын санал болгосноор батлах;

7.1.7.нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах;

7.1.8.өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх;

7.1.9.бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд цахим, эсхүл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, багш болон суралцагчийн оролцоо, түүнд тавих хяналтыг сайжруулах;

7.1.10.шашны байгууллагын шашин номын хурал, цуглааныг олон нийтийг биечлэн хамруулан зохион байгуулахыг тодорхой хугацаагаар зогсоох;

7.1.11.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүл мэндээ хамгаалах арга замын талаар үнэн зөв, бодит мэдээллээр иргэдийг тогтмол, шуурхай, хүртээмжтэй хангах;

7.1.12.цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах;

7.1.13.төрөлжсөн асрамжийн газар, түүнчлэн эрүүлжүүлэх, баривчлах, цагдан хорих байр, хорих ангид байгаа болон бусад хэлбэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;

7.1.14.эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, урвалж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, иргэдийн хамгаалах хэрэгсэл, хүнсний болон бусад шаардлагатай барааг улсын хилээр гаргахыг хориглох асуудлыг шийдвэрлэх;

7.1.15.цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэх;

7.1.16.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд ажлын тусгай горимоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;

7.1.17.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах журмыг батлах;

7.1.18.цар тахлын үед өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чиглэсэн төрийн зохицуулалтын арга хэмжээг авах;

7.1.19.улсын хилээр нэвтрэх болон дотоодын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хязгаарлалт хийх;

7.1.20.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, түр хамгаалах байранд шаардлагатай хөрөнгө оруулалт болон 24 цагаар ажиллуулах утасны санхүүжилтийг шийдвэрлэх;

7.1.21.цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, ийм үйл ажиллагааг хуульд заасан аргаар таслан зогсоох;

7.1.22.цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

7.1.23.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, хэрэгслээр иргэдийг тэгш, хүртээмжтэй хангах;

7.1.24.Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч, холбогдох зардлыг шийдвэрлэх;

7.1.25.үр тарианы болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац тасалдахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

7.1.26.экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд төрийн хяналт тавих.

7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

7.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

11 дүгээр зүйл.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлага

11.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана:

11.1.1.хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх;

11.1.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;

11.1.3.энэ хуулийн 11.1.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх;

11.1.4.хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх;

11.1.5.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй, нэр төрийг нь доромжлохгүй байх.

11.2.Энэ хуульд заасан арга хэмжээ нь тухайн нөхцөлд тохирсон тодорхой хамрах хүрээ, хугацаатай байх бөгөөд цугларсан мэдээллийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахыг хориглоно.

11.3.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байна.

11.4.Энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр, арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлнэ.

11.5.Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина. 

+ There are no comments

Add yours