Самсунг компаний захирал Ли нас баржээ

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компанийг дэлхийн хэмжээний бизнесийн байгууллага болгосон Ли Кун Хэ өчигдөр буюу Ням гарагт 78 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр зүрхний шигдээсийн улмаас сүүлийн зургаан жил гаруй хугацаанд хэвтэрт байсан юм.

Өмнөд Солонгосын хамгийн баян хүн Ли нь группынхээ хоёрдугаар үеийн удирдагч бөгөөд үүсгэн байгуулагч эцэг Ли Бюн Чулын үед гоймонгийн худалдаа эрхэлдэг байсан Самсунгийг дэлхийн электроникийн томоохон үйлдвэрлэгч болгосон гавьяатай. Өмнөд Солонгос улс глобалчлагдах үйл явцыг ашиглан хагас дамжуулагч эд ангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан нь ийм амжилтад хүргэсэн байна.

Гэхдээ тэр бас авлига, татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдож байсан түүхтэй.

Самсунг группын 2019 оны орлого 326.7 их наяд вонд ($289.6 тэрбум) хүрсэн нь Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувь болдог.

Ли Кун Хэгийн оршуулгыг гэр бүлийн хүрээнд даруухан зохион байгуулахаа үр хүүхдүүд нь мэдэгджээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин оршуулгын ёслолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан эмгэнэлийн цэцэг илгээхээр төлөвлөж байгааг Хөх ордноос мэдээлсэн байна.

“Түүний үзүүлсэн удирдах ур чадвар, манлайлал нь коронавирусийн цар тахлын улмаас хүнд сорилттой тулгараад байгаа манай компаниудад том жишээ, урам зориг өгөх болно” гэж Мүүн Жэ Иний мэдэгдэлд өгүүлжээ.

Ли нь Өмнөд Солонгосын томоохон бизнесийн группүүдийн хоёрдугаар үеийн өв залгамжлагчдын сүүлчийнх нь болж байгаа. Бусад группүүдын удирдлага, өв хөрөнгө гуравдугаар үеийнхэнд шилжихдээ томоохон зөрчил үүсгэсээр ирсэн түүхтэй.

Ли Кун Хэгийн хөрөнгийн хэмжээ $20.9 тэрбум орчим. Тэрбээр даатгалын компанийнхаа 20.76 хувийг эзэмшдэг бол Самсунг Электрониксийн 4.18 хувийг эзэмшдэг ба тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч хувь хүн юм.

Тиймээс дээрх хоёр компанийн хувь эзэмшлийн бүтцэд нэлээд өөрчлөлт орно гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байна. Түүний ганц хүү “бага” Ли группынхээ компаниудад нөлөөгөө тогтоохын тулд Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгсөн хэргээр шалгагдаж, хоригдож байсан юм.

Түүний шүүх хурал одоо ч үргэлжилж байна.

Ли Кун Хэгийн эхнэр, гурван хүүхэд өв хөрөнгөө хэрхэн хувааж авах нь тодорхойгүй байгаа. “Ерөнхийлөгч Ли эмнэлэгт хэвтээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд хүүхдүүд нь хоорондоо тохиролцож чадсан бол өв залгамжлах үйл явц хэвийн шийдэгдэх байх. Харин тохиролцоогүй бол маргаан зөрчил үүсэх нь гарцаагүй” гэж Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Пак Сан Ин ярьжээ.

Ли Кун Хэ яг ямар шалтгаанаар нас барсан, гэрээслэл үлдээсэн эсэх талаар мэдээлэл албан ёсоор гараагүй байна.

Тэрбээр 1987 онд Самсунг Группын ерөнхийлөгчөөр томилогдсон ч улсынхаа ерөнхийлөгчид авлига өгсөн шалтгаанаар арав гаруй жилийн дараа огцорч байжээ. 2008 онд дахин татвараас зугтаж, хөрөнгө мөнгө хувьдаа завшсан хэргээр ял сонсож байсан ч Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнээр олон жил ажилласан тэр 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрх авахад Өмнөд Солонгост тусалсныхаа төлөө өршөөгдөж байв.

 

Эх сурвалж: Reuters

+ There are no comments

Add yours