Төрдөө гологдсон таван настнууд буюу тойргийн гадна үлдсэн хоёр настнууд

-Засгийн газрын шийдвэр таван настнуудын нүүрийг нулимсаар нь угаав уу-

Өнгө зассан өхөөрдмөөр хөөрхөн тоглоомуудаа харсан охин:

-Эмээ, манай цэцэрлэг бүүр гоё болсон байна хэмээн хөөрцөглөн хэлснээ:

-Тэр хөөрхөн баавгай нэмэгдчихэж… Хоёулаа очиж үзье гэв.

-Хоёулаа бүртгүүлчихээд гарч ирээд тоглоё. Эмээ нь яарч байна. Эмээгийнхээ үгийг дуулгавартай сонссон охин үг дуугүй толгой дохилоо.

Үүдний шатаар дөнгөж өгстөл өөдөөс гарч ирсэн бяцхан охиныг хараад:

-Сайн уу, Бүжээ гэхэд нь нулимсаа хальт шударснаа аавынхаа араар нуугдах аяджээ.

Охины дуу суларснаа:

-Бүжээ өндөр болжээ. Намайг танихгүй байгаа юм болов уу. Яагаад дуугарахгүй байгаа юм бол, эмээ ээ… гээд асуултаа үргэлжлүүлсээр цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөний үүдэнд очлоо. Ач, зээ, хүүхдээ дагуулсан 5-6 хүний ард зогссон эмээ, зээ хоёр цаг шахмын дараа гарч явахдаа нөгөө цовоо хөөрхөн цолгиун яриа хөөрөөгөө нус, нулимсаар сольсон байлаа.

-Миний охин, битгий уйл. Хоёулаа өөр цэцэрлэг дээр очъё.

-Үгүй… Би очихгүй. Яагаад намайг цэцэрлэгт авахгүй байгаа юм бэ. Хойтон сургуульд орох хүүхдийг заавал авна гэсэн гээд аав хэлсэн шүү дээ. Цэцэрлэгт яваагүй юм чинь намайг сургуульд авахгүй юм байна… гээд хоолой зангиран, бөөн бөөн нулимс унагаах охиныхоо духан дээр эмээ нь үнэрлээд:

-Миний охин сургуульд орно оо. Одоо битгийн уйл хэмээн аргадаж ядах. Хүшуу нь өмөлзөж ирээд эхэр татах охин байн байн эргэж харснаа:

-Намайг ээжийнхээ өвөрт унтсаныг дарга багш мэдсэн юм болов уу. Яагаад намайг цэцэрлэгт аваагүй юм бэ… гэж асуухад эмээд нь хариулт олдсонгүй.

Энэ төрийн бодлого буруугаас миний охин цэцэрлэгтээ орж чадсангүй гэх хариултыг дотроо л хэлээд өнгөрөв бололтой.

Багачуудын нулимс, томчуудын бухимдал

Цэцэрлэгийн хүрэлцээ муугаас хэдэн хүүхдийн нулимс унагаж, хичнээн эх, эцэг, эмээ, өвөөгийн сэтгэлийг шимшрүүлснийг эрх мэдэлтэн, эвэртэн туурайтнууд бол төсөөлөхгүй биз ээ.  Ирэх жил сургуульд орно… Энэ жил цэцэрлэгтээ явж их юм сурна гэх итгэл, сэтгэл дүүрэн бүртгүүлэхээр очсон хүүхдүүд гэрээдээ буцахдаа “Яагаад” гэсэн асуултаар ээрэвч тэдэнд хариулт олддоггүй. Харин хүүхдүүдээ хөтөлж очоод ч хүмүүжих эрх нь баталгаажих боломжгүй хасагдсан учир эцэг эхчүүд бухимдах нь аргагүй мэт.

Энэ хичээлийн жилд таван настнуудыг цэцэрлэгт түлхүү хамруулна гэсэн Засгийн газрын шийдвэр байгаа ч цаасан дээрх хууль гууль болдогийн жишгээр бяцхан жаалуудыг гэрээд нь нулимстай буцаах цэцэрлэгүүд хаа сайгүй.

“Хүүхэд төрийн хамгаалалтад байх ёстой”. Гэтэл өнөөдөр Монгол Улсын төр нь хүүхдүүдээ хамгаалах нь бүү хэл харин ч бүүр ялгаварлан гадуурхаж байна.

“Энэ хичээлийн жилд зөвхөн 3-5 настнуудыг цэцэрлэгт хамруулна, хоёр настнуудын хохь нь…”  гэснээс ялгаагүй шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газар түүний харьяа салбар яамныхан юу бодож суугааг таашгүй. Засгийн газрын энэ тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал, журмын улмаас цэцэрлэгт хамрагдалтын хувь өмнөх онд 79,9 хувь байсан бол энэ хичээлийн жилд 57,77 хувь болон буурч байгаа юм

Хоёр настныг гэрийн хорионд байлгах асуудлыг түр орхиод  тэгвэл 3-5 настай хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдсан уу гэдгийг сурвалжлав.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Жамъянмядаг “Манай хүүхэд өнгөрсөн долдугаар сард таван нас хүрсэн. Цэцэрлэгт огт явж байгаагүй. Сугалаагаар цэцэрлэгт хамруулахад  дандаа л гадна нь үлддэг байсан учраас хөдөө өвөө, эмээ дээрээ өссөн. Ирэх жил сургуульд орно, тэгээд таван настнуудыг цэцэрлэгт хамруулна гэхээр нь аваад ирсэн.

Гэтэл “…урьд нь явж байгаагүй хүүхдэд орон тоо байхгүй” гээд бас цэцэрлэггүй хоцорлоо. Манайх гурван хүүхэдтэй. Цэцэрлэг олдохгүй болохоор хүүхдүүдээ нэг дор гэртээ хамт өсгөж чадахгүй, айл айлаар дамжуулаад явж байна. Хоёр дүүг нь бас айлд аваачиж өгч харуулдаг. Хүүхдээ хараад гэртээ сууя гэхээр ганцхан хүний цалингаар амьдрах боломж алга. Хүнс болоод өргөн хэрэглээний барааны үнэ улам л өсөөд байна. Залуу гэр бүл амьдралаа өөд нь татаж, үр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлэх боломж үнэхээр алга. Иргэн баян бол улс баян гэж ярьдаг хэлдэг атлаа иргэнийхээ төлөө ялангуяа хүүхдийн төлөө гэсэн сэтгэл энэ төр, засагт алга. Энэ жил бол насаар зааглаж ялгасан мөртлөө л таван настай хүүхдийг цэцэрлэгт  авахгүй байна.  Одоо хүүгээ бас л хөдөө явуулахаас өөр арга байхгүй” гэж ярьсан.

Гурван хүүхэдтэй айлын нэг нь ч цэцэрлэгт хамрагдах боломжгүй болжээ. Тиймээс  эднийх айл, айл дамжуулан, хүүхдүүдээ харуулж байна. Залуухан энэ ээжийн “Хүүхдүүд минь нэг дор, бие биетэйгээ ойр дотно, халуун дулаан уур амьсгалд өсч өндийж чадахгүй байгаа нь хамгийн харамсалтай…” хэмээн дуу нь сааралтан байж хэлсэн үг сэтгэл эмзэглүүлсэн. Ганц эднийх ч биш хичнээн олон гэр бүл үр хүүхдүүдээ хамтад нь  өсгөж чадахгүй, айл айлаар дамжуулж, оройд нь нэг аваад өглөө нойрмог байхад нь буцаадгийг олж харсан, судалсан, дүгнэлт хийсэн эрх мэдэл бүхий албан тушаалтан байна уу. Нэг гэрийн хүүхдүүд бие биеэ танихгүйд хүрч байгаад эх хүн л эмзэглэж явна. Энэ бол төрийн харалган бодлогын эмгэнэлт хэсэг.

Ж.Болормаа: Төлөвлөлтгүй орон сууцны төвлөрлөөс болж сургууль, цэцэрлэггүй хүүхдүүд олширч байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн таван настны бүлгийн багш Ж.Болормаатай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Харьяалалтай атлаа цэцэрлэгтээ багтахгүй хүүхдүүд олон байх шиг байна. Танай цэцэрлэгт энэ байдал ямар байна вэ?

-Манай цэцэрлэг өөрийн харьяа хорооныхоо хүүхдүүдийг ч бүрэн хамруулж чадахгүй байна. Харьяаллын хүүхдүүд багтахгүй, энэ орчимдоо ганцхан манайх л улсын цэцэрлэг учир үнэхээр хүрэлцээ байхгүй, маш хэцүү байна.

-Шинээр баригдсан орон сууцнуудаас болж байна уу, хүүхдүүд багтахгүй байгаа нь?

-Тэгж хэлж болно. Учир нь манайх цэцэрлэгтээ өргөтгөл хийгээгүй, энэ нутаг дэвсгэр хороонд шинээр цэцэрлэг огт баригдаагүй. Ийм шалтгаанаар хүүхдүүд багтахгүй маш хэцүү байна. Жил болгон л маш олон том том орон сууц баригдаж байна.  Гэтэл эдгээр орон сууцыг дагаад нэг ч цэцэрлэг сургууль алга. Шинээр орон сууцанд орсон айл хүүхдүүдээ харьяаллын дагуу сургууль, цэцэрлэгт нь бүртгүүлэхээс аргагүй. Гэтэл шинэ орон сууцны чинь тоогоор л нэмэгдэж байгаа хүүхдүүдийг авах боломж манайд үнэхээр алга. Энэ талын төрийн бодлого огт байхгүйгээс хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа багтахгүй байна. Орон сууцны хороолол барихдаа цэцэрлэг, сургуулиа хамтад шийдээд явдаг бол ийм асуудал гарахгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

-Маш олон хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ түгжигдэж байна. Энэ хэрээр хүүхдийн аюулгүй байдал ч хөндөгдөх байх?

-Өндөр үнэтэй орон сууц барьж чадаж байгаа мөртлөө хүүхдийн асуудлыг орхигдуулж байгаад л гол буруу нь байгаа. Анги танхим хүрэлцээтэй бол хүүхдүүдэд ч хэрэгтэй. Бас хэдэн хүн ажлын байртай болно. Яг үнэндээ бол сургууль цэцэрлэгийн бүх зардал танагдаад шоу цэнгээн ч гэдэг юм уу амралт зочид буудал гэх салбартаа зардлаа улам нэмээд байна. Хүүхдүүд өсч торних, инээж тоглох цэцэрлэг бол хүний хөгжлийн суурь хэсэг гэж би ойлгодог. Хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаад цэцэрлэгийнхэн буруугүй. Цэцэрлэг барьж байгуулахгүй, хүүхдүүдийг хөсөр хаяж байгаа төр, засгийн л нүүр царайг харуулж байгаа юм.

Арав гаруй жил ажиллаж байгаа цэцэрлэгийн багш ингэж ярьсан.Таван настай буюу сургуулийн өмнөх настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулахын тулд хоёр настнуудыг цэцэрлэгийн гадна үлдээж байгаа гэх тайлбарыг албаны хүмүүс өгч байгаа. Гэтэл таван настнууд  ч бүгдээрээ цэцэрлэгт орж чадаагүй нь ганцхан энэ жишээнээс тодорхой байгаа юм.

Коронагоор шоудагчдын балаг, эрх баригчдын элийрэл

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нэг ангид байх хүүхдийн тоог хязгаарласан. Хэрэв ийм аюулт өвчин дэгдээгүй бол цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэх байсан… гэх өрөвдөлтэй агаад даанч ичгэвтэр тайлбар өгөхөөсөө Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамныхан ичих хэрэгтэй. Цар тахал бол эрх баригчдын урдаа барих бамбай биш. Унагаж, завших мөнгөний эх үүсвэр ч болох ёсгүй.

Өнөөдөр эхэлж буй сургуулийн хичээлийн хуваарь хүртэл оновчтой биш. Гурван өдөр танхимаар хоёрт нь цахимаар хичээллэнэ… Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэ шийдвэрийг ойлгоход бэрх. Таван өдөр танхимаар хичээллэбэл коронавируст өртөх гурван өдөр бол тэр аюулаас хол байх юм гэнэ. Ямар судалгаан дээр тулгуурлаж ийм шийдвэр гаргасныг бүү мэд… Ямартаа ч ЕБС-ийн сурагчдын сурч боловсрох эрхийг коронатай хамт хязгаарлачихаад байгаа юм.

Харин цэцэрлэгийн насны хүүхдүүдийг насаар нь ангилж, хязгаар тогтоосон ч зарим нь цэцэрлэгт явж чадахгүй, цоожтой хаалганы цаана үлдэхээр боллоо. Яагаад цоожтой хаалга гэж үү?

Ач, зээгээ харах боломжтой эмээ, өвөө энэ Засгийн газрын цэцэрлэгийн үүргийг биелүүлэх нь дамжиггүй. Амьдрал тэгш биш. Хорвоо мөнх бус. Эмээ, өвөөгүй хүүхдүүд зөндөө байгаа. Тэдэнд цоожтой хаалганаас өөр ямар сонголт байна гэж?

Хүүхдийг цоожилж орхисноос үүдсэн эмгэнэлтэй, гашуун сургамж олон. Энэ оны эхний долоон сарын байдлаар 623 хүүхэд түлэгдэж, 304 хүүхэд зам тээврийн ослын улмаас ГССҮТ-д иржээ. ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай түргэнтусламжийн тасгаар 67694 хүн үйлчлүүлсний 7768  нь 2-5 насны хүүхэд байна. Байгалийн хүчинд өртөх шалтгаант осол 25 хувиар, санамсаргүй хордох хорт бодист өртөх шалтгаант осол 50 хувиар, тодорхойлж боломгүй шалтгаант осол гэмтэл 16.6 хувиар өссөн нь сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосны улмаас ахуйн осол хэрхэн нэмэгдсэнийг харж болох тоо юм.

Цаасан дээр аз жаргал нь тэмдэглэгдсэн аз жаргалгүй Улаанбаатарчууд

Энэ бүхэнд чих дөжирч,  цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг шийдэлгүй өнөөдрийг хүрсэн нийслэл болон Засгийн газрын холбогдох нөхдөд хариуцлага тооцож, ял асуухад ч буруудахгүй мэт санагдана.

“Аз жаргалтай Улаанбаатар” хэмээн чанга яриад байсан дарга нар цоожтой хаалганы цаана хоцрох цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувь заяаг хэрхэн төсөөлж байсан хэрэг вэ? “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр “Хүүхэд харах” үйлчилгээг сая олж харсан мэт хэдэн төгрөг төсөвт суулгаснаа нэг их хөл, хөөр болгон цацаж байна. Гэтэл энэ үйлчилгээг тэд өөрсдөө үгүй хийсэн. МАН эрх баригч төрийн толгойд гарч ирсэн даруйдаа иргэдээ ч асуухгүйгээр шийдвэрлэсэн иргэдийнхээ нөгөө талд гарсан үйлчилгээний нэг Хүүхэд харах үйлчилгээг цуцалж, санхүүжилтыг нь зогсоосон. Гэтэл өнөөдөр уг үйлчилгээг санаачилсан мэт аашилж, хэдэн төгрөг улсын төсөвт тодотгуулж оруулж ирэхээр болсноо гавьяатай үйлдэл хийсэн мэт сошиалд цуурч байгаа эмэгтэй гишүүд ичиг ичиг.

Цоожтой хаалганы цаана үлдээхгүй, санаатай санамсаргүй байдлаар асуудал үүсэхээс аврагдаж байгаа гэртээ орхигдсон хүүхдүүдэд олдож буй боломж мэт харагдаж буй ч энэ бүхэн ажил хэрэг болж зорилтот бүлэгт очих хүртэлээ багагүй цаг хугацааг үдэх нь ойлгомжтой. Тиймээс  “Хүүхэд харах үйлчилгээ”-г  эцэг, эхчүүд тийм ч таатай хүлээж авахгүй байгааг анзаараасай билээ.

Монгол Улсын Боловсролын талаар баримтлах бодлогод зааснаар “Боловсрол тэгш хүртээмжтэй байх ёстой” гэсэн байдаг. Гэтэл эрх баригчид, салбарын яамнаас хоёр настай 33.650 хүүхдийг огт цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан нь харамсалтай. Өнөөдөр нийслэлд төрийн өмчийн 241, хувийн өмчийн 434, нийт 675 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Ингээд  нэг хүүхдэд ноогдох талбай 1-1,5 ам метр байхаар тооцож, нэг бүлэгт 20-25 хүүхэд авахаар болсон.

Энэ шийдвэрийн улмаас зөвхөн хоёр настнууд төдийгүй, 3-5 настай 27598, нийт  61248 хүүхэд цэцэрлэгт хамрагдах эрхгүй болов.  Ингэснээр  40.832 өрхийн эцэг, эхийн аль нэг нь ажил хийх боломжгүй болж, өрхийн орлого нь буурч байна. Өнөө л хонх нь дуугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг л болж байгааг юу гэх вэ?

 

+ There are no comments

Add yours