Оймсоор танигдаж овгоороо түрэмгийлсэн “Орчлонгийн сайхан Сумьяа”

Түүнийг “содон” гэж хэлэхэд болох байх. Монголын улс төрийн түүхэнд загвар зааж, монголчуудын дунд оймс яриулсаар байгаад олны танил болж, банкир хэмээх эрхэм цолоо улс төрч гэх  улаан өнгөнд хулдаж, МАН-ыг чимээгүйхэн сүүдэрлэсээр улс төрд ногоон гэрлээр орж ирсэн ихэмсэг хүйтэн төрхийг бүрдүүлэгч түүнийг Ганибалын Амартүвшин гэнэ. Удам гарвал ярьвал өнгө хөөх дуртай монголчуудын хувьд “элит” түвшинд орох ч үе үе дэгдээдэг шуугианаар нь бол төлөвшиж амжаагүй, төгөлдөршиж ядсан залуу харагддаг нь нууц биш.

Ганибалын Амартүвшинг Билгүүн номч Бямбын Ренчин гуайн охин Индрагийн хүү гэдгээр нь монголчууд мэдэх болсон. Түүний эцэг Ганибал нь БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн даргын үүрэг гүйцэтгэгчээр 1984 оны наймдугаар сарын 23-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэл ажиллаж байсан, эдийн засагч МАХН-ын гишүүн хүн байв. Харин Г.Амартүвшингийн хувьд Монгол телевизийн “шарк, танк” нэвтрүүлгээр олны танил болж гарч ирсэн, Хас банкны дэд захирал, содон имиж буюу эрээн оймсоор гангардаг банкир залуу байв.

Цэмцгэр ухаантай, өөрийн гэсэн үзэл бодлоо цэгцтэй илэрхийлдэг Г.Амартүвшин уг нэвтрүүлэгтэй хоёр жил гаруй хугацаанд хамтарч ажиллаад Монголын Хөгжлийн банкы захирлаар томилогдсон нь жирийн зүйл биш байсан юм. Учир нь уг томилолтын дараа тэрбээр МАН-ын гишүүнээр элсэж, нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн, улсын их хурлын сонгуульд. Өөрөөр хэлбэл өөрийгөө МАН-ын бодит нүүр царай хэмээн дархалсан Ц.Нямдоржийн тойргийг ядах юмгүй авч, нэр дэвшсэн түүнд үнэхээр өөлөх юмгүй өв тэгш нэр дэвшигч байсан учир Хан-Уулын нэг мандат “баталгаатай” хэмээн МАН тайвширч байсан байх. Харин намын доторхи хагарал түүний хувьд маш хүнд сэдэв болж таарсан. Арга ч үгүй байх, массын дунд “Хас”-аар овоглогдож танил болсон Ч.Ганхуяг түүний хувьд хамгийн их асуудал удсан хүнээр мөн л гэнэт тодорсон.

Ч.Ганхуягийн өдөр бүхэн постолж буй Г.Амартүвшингийн тухай сөрөг мэдээлэл, сошиал ертөнцөд олны өмнө пост коммэнтээр хэрэлдэх ХАС банкны хоёр банкирын “тулаан” эцэс сүүлдээ Г.Амартүвшингийн гадаадын улсын давхар иргэншилтэйг гаргаж ирсэнээр чимээгүйхэн тулаан чинээндээ тулсаныг илтгэсэн. Монголын улс төрийн түүхэнд анх удаа ч гэж хэлж болох нэр дэвшигч нь өөр улсын иргэншилтэй нөхөр байж таарсан нь багагүй дуулиан тарьсан. Мөн үеийнхээ нөхрийн шидсэн тоосго бүхнийг өөрийн талд өрлөг болгон нүүдэл хийсэн залуу банкир энэ удаа ялалтын тугийг гартаа сайн атгасан байж таарсан уу, ямартай ч олон хэл амыг даан гарсан. Харин хоёр банкирын хорсол занал газар авч, анхаарлын бүсээр гарч магадгүй болоод ширүүссэн тэр үед МАН арга хэмжээгээ авч, нэг намын, нэг банкны угшилтай, нэг үеийн хоёр захирлыг чимээгүй болгож амжсанаар дуу шуутайхан сонгуульдсан дуулиантай улс төрчийн тоог нэгээр нэмж УИХ гэх босго намдуу, бор дүрхэн ордон руу Г.Амартүвшин оймсоо солонгоруулан орж ирсэн. Орж ирээд чимээгүй суугаагүй, иргэдийнхээ эсрэг, өмнө ярьж байсныхаа эсрэг ярьж их хуралд хэлд орсон түүний хувьд ретинг нь асар хурдацтай унаж буй гэдэг, хэн мэдэхэв…

Д.Пүрэв

+ There are no comments

Add yours