“Солиот”-ын хослол

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын дарга Л.Амарбаясгалан, “нийгмийн дундаж давхаргыг 2050 онд 80 хувьд хүргэнэ”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2050 онд таван сая төгрөг болгоно”, “ам.долларын ханшийг 1:1 хэмжээнд хүргэнэ” хэмээн амалсан. Үүнийгээ баталгаажуулж, хэвлэлээр тэр дундаа телевизээр ярьж, ухаантай дүрийг харуулсан…  Эрх баригч намын ээлжит гэнэтийн бэлэг ийнхүү задарч, “эргүү төлөг” шиг ард түмэн нь амаа ангайж гайхав, арай дөмгүүд нь цахим мэдээллийн зах зээлийг чархирч бостол шаагив. Мэдээлэлд хол, асуудлыг шууд утгаар нь хүлээж авдаг хэд нь 2050 онд хэдэн настай байхаа хуруу даран тоолж, гашуудав… найгаж явж олсон найруулсан архиараа сэтгэлээ засаж, хашааны буланд бөөгнөрөв… Аргагүй л Монгол орон ар, өвөргүй шуугиж, эрх баригч намын дарга нарын хүслийг гүйцээж, бахыг нь хангав…

Ингэж  ээлжит сенсациа хийж, санасандаа хүрсэн эрх баригч намын тэргүүд магадгүй ирэх сарын сонгуулийн дараа өөрсдийн ээлжит “будаатай хуурга”-ны хувиарлалтаа хийгээд тусгаар тогтнолын ордондоо багтахгүй шаагиж буй биз. МАН гэж сүржин мэдээллээр хоосон попорч иш нь хугарсан сэлэм уранхай хуйнаас сугалж, хий эргүүлдэг зөгнөлт зохиол шиг болоод буй. Магадгүй тэд үүнийгээ жирийн иргэд мэдэхгүй байгаа хэмээн итгэж, бидний үйлдэл ард түмэнд таалагдаж байна, ард түмэн цагаан цаас учир бид хүссэн зүйлээ өөрийн дураар бичиж болно хэмээн хийрхэж, нэгнээ баясгаж, нөгөөгөө магтаж давхилдах энэ цаг дор асуудал арай өөр зүгт эргээд байгааг даанч анзаарахгүй нь гайхалтай.

Улс төрийн эр зориггүй хүн, улс төрийн тууштай зорилгогүй хүн хоёр нэгдэж, хоршоод … түүгээр зогсохгүй төр барьж, улс зангидаж явна гэдэг гайхамшиг. Ийм нэгэн гайхамшигийг бүтээгч, эрх баригч намын тэргүүн, Монгол Улсын маань ерөнхийд нь захирагч У.Хүрэлсүх гэнэ гэнэ гарч ирнэ, гарч ирэхээрээ гайгүй сүржин хоосон сэлэмдэнэ. Эхэндээ ч эр зориг, хоосон сүрэнд итгэсэн жирийн монголчууд түрхрэн, турхиран дэмжиж шуугидаг байв.

Монголчууд “чухал хүн”-д дуртай. Хэзээнээс “чухал хүн” байх гэж эсвэл тэр хүнтэй ойр байх гэж хичээж ирсэн. Аман дээрээ шударгыг эрхэмлэгч атлаа ачир дээрээ бохирыг сэдрээхийгээ “улс төр хийж байна” хэмээн эндүүрэгчид энэ бүлэглэлд томохон байр суурь эзэлнэ. Тэгвэл ийм нэгэн “чухал хүн” өнөөдөр  Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд хийж буй. Түүнээс дутахгүй “чухал хүн” болох бас нэгэн эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд. Түүнд мэргэн ухаан гэхээс илүү хар зориг бий. Тийм ч учраас гэнэ гэнэ гарч ирэхдээ хар зоригт дуртай ард түмэндээ зориулж дүр бүтээнэ. Ширээ шааж, дүрэмдэн хашгирна. Өөрт нь ч гоё зохино. Өнөөдүүл нь ч бас дөгөөнө, доргино…

 Өдөржин хамт явсан хүнээ гэнэт харж, ажлаа хий гэж хөөнө. Эсвэл ард түмэн намайг хамгаална гэж хамгаалагчдаа хөөж явуулна, тэгснээ битүү хамгаалалттай хар машиндаа бүгж, хааз хасахгүй хотын гудамжаар давхихдаа хоёр талын эгнээг давхраар нь зогсооно. Ердөө л үг үйлдэл нь машид зөрөх эрхэм сайдын бүрдүүлсэн баг нь цаанаа л хуурамч, хийрхүү. Иргэд түүнийг нь харавч нүдээ анина. Аргагүй шүү дээ, сүүлийн 30 жилд аргадуулж агсамнаж яваа учир өөрөөс нь чанга хашгирч, өмнөх үеэ санагалзуулах өөр нэгэн дүрэмдэгч гараад ирэхээр дасан ядан даган дуурайх гэж оролдох нь хэр.

Ийм л нэг эх орончид энэ улсыг удирдаж, бас хөгжүүлнэ хэмээн хөлөө чирж, хөөр болж нэгнээ албан тушаалаар дайлж, нэг гараараа суйлж, нөгөө гараараа “шалгаж”, төр улс болон тоглож байна. Харин үргэлжийн ноолонд нуруугаа авсан ард түмэн нь шороо боссон хотдоо шавхайнд живэнгээ алдан самгардаж, амьдралынхаа нугачаанд нухлагдан амаа ч ангайх завгүй зүдрэх.

Тэдэнд эрх баригчдын шоу эцэс сүүлдээ хахарсан айраг шиг хоосон сүржигнээн  шиг санагдаж,  тоохоо ч болив. Шившиг ч юм шиг шилдэг үзүүлбэр нь газар унасан ийм нэгэн нөхрийн хоршигч нь өөрөөс нь илүү гарна уу гэхээс дутахгүй энэ цагийн баатруудын нэг учир нь нам нь хүртэл навтасхийн ичиж байх шиг. У.Хүрэлсүхийг, Л.Оюун-Эрдэнийг анх намд гарч ирэхэд магтан шуугиагүй ч манай хүн хэмээн тосч авч, торгонд ороож, тосонд хөлбөрүүлсэн намын ахмад гишүүд, үеийнхэн нь  өнөөдөр үгээ хэлж, үсээ зулгаагаад ч өнөө муугаасаа салж чадахгүй улам чаргууцалдан хамт унаж буй нь бас нэгэн үнэн.

Шуудхан хэлэхэд “хоёр солиот”. Шуугиулж хэлбэл Ху намын энэ цагийн мөхлийн ирмэг сандайлсан, мөр нь задгай, тархи нь асгарсан дүрэмдэгчид. Монголын төрийг удирдсан нэрээр модон морьтой “давхиж” явна. Ааг амьсгаагүй энэ давхилт нь адаг сүүлдээ амлалтдаа ороогдох вий дээ гэсэн болгоомжлол ахмадууд дунд үүсэх ч анзаарч тоосон нь цөөн. Дэмий л зуларсан энэ нөхөд шувтарсан цагаан бумбандаа орчих виий гэх холын атлаа ойрын айдас олон хүнийг хөл дээр нь зогсоож байгаа сурагтай.

Ингэхэд 2050 онд маниус амьд байхгүй шиг өнөөдөр төрж буй хүүхэд тэтгэвэртээ гарахын өмнө таван сая төгрөгийн цалингийн амсар зуух л байх даа. Аль эсвэл монголоороо гоё байна гээд маниусын тавиланг давтаад л зүдрүүхэн нийгмийн бүтээлийн үүргээ гүйцэтгэж, 100 настай их удирдагчийнхаа таяг тулан сүгсэлзэхийг харж, алгаа ташин суух юм болов уу. Зуун жил амьдрах юм шиг зураг шигээ мөнхрөх юм шиг монголчуудаа тэглэж, доромжлохоо хэзээ нэг зогсоох хувь хүний наад захын соёлтой удирдагч энэ улсад төрөх юм бэ, ингэхэд. Эрх баригч нам гэдэг, тэр намын удирдагч гэдэг цаг хугацааны хэрчлээдсээр аз нь гийж гарч ирсэн болохоос анхнаасаа нөж атгаж төрсөн алтан ургийнхан биш гэдгээ яагаад ойлгодоггүй юм бэ. Хэзээ хөгжих юм бэ, энэ улс чинь, эрх баригчдаа…

+ There are no comments

Add yours