Шүүх шинжилгээний төвийг цагдаагийн хурандаа удирдана

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Д.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийг томилсон байна. Д.Ядамдорж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шинэ ажлаа хүлээн авчээ.

Цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нь 1987 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр анх томилогдож байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 31, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хоёр жил, хууль хүчний байгууллагад нийт 33 жил ажилласан ахмад ажилтан юм.

Монгол Улсын хууль хүчний байгууллага туршлагатай залуу, идэр албан хаагчиддаа итгэл өгч удирдах албанд томилохоос илүү улс төрийн хүчин, эрх баригч намын удирдлагад ойрхон ахмад настай хүмүүсийг томилж байгаа нь энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт хийгдэхгүй байгаа нэг шалтгаан хэмээн иргэдийн шүүмжлэл уг томилгоог даган хүчтэй яригдаж эхлэв.

Д.Ядамдорж шүүх шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилогдохтой зэрэгцэн түүний хэр шударга дарга, удирдагч болохыг магтсан мэдээллүүд цахимаар хөвөрч эхэлсэн нь өөрийн эрхгүй анхаарал татав. Сүүлийн үед хүчний байгууллагын сэлгээний томилгоонд удирдах албан тушаалаас буухаа байсан Д.Ядамдоржийн хувьд эрх баригч намд нэлээд нүүр талтай нэгэн. Түүний дарга нартай маргадаггүй, дээд албан тушаалтанд нүүр алддаггүй, доод албан тушаалтнууддаа шидрүүн харилцаа хууль сахиулах байгууллагуудын газрын даргын албан тушаалаас буулгадаггүй хэмээн ойр тойрныхон нь сэм шивнээд намжих. Үе үехэн гарч ирэх энэ яриа, эрхэм хурандаагийн танилын сүлжээ, тал алддаггүй харилцаанаас үүдэж түүний тухай сөрөг мэдээ ч хэвлэлийнхэнд хаалттай өнгөрөх нь олон.

Ийм нэгэн хурандаа энэ удаагийн томилгоог өнгөлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх хаалттай байгууллагыг удирдах болов. Нөгөө талаар асуудлын гогцоог тайлах ёстой ч улам орооцолдуулж орхидог цор ганц байгууллагаар тодроод буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх энэ байгууллагад цагдаагийн учир мэдэх хурандаа даргаар очиж байгаа нь ээдрээ нь тайлагдаагүй олон хэргийн гогцоо гарчих болов уу гэсэн иргэдийн гэнэн цагаахан итгэл бас эрхэм хурандаагийн томилгоог даган явж байгааг энэ дашрамд өгүүлэх юун.

 Магадгүй хашир хурандаа олон монголчуудын нулимс, хараалыг барж, үгийг бардаг Шүүх шинжилгээний хүрээлэн гэх энэ байгууллагад өөрчлөлт хийж, жирийн иргэдэд ээлтэй ажиллаж эхлэх ч юм билүү, харж л байя даа. Гэнэтийн тохиолдлоор хэцүү байгууллагын үүд хаалга жирийн иргэдэд ээлтэй нээгдэх ч юм билүү, хашир хүн хэрхэн удирдахыг хамтдаа л харж мэдрэх үлдлээ, монголчуудад.

Нам томилж, нам чөлөөлөв…

Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хариуцлагатай компанийн захирал Д.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлж, орлон гүйцэтгэгчийг нь томилсон гэнэ. Д.Баярсайханы хувьд багагүй хугацаанд уг албан тушаалыг эрхэлж, төрийн өмчит компани хэзээ ч алдагдалтай ажилладаг юм гэдэг нь ташаа болохыг салбарынхандаа харуулж чадсан гэж үнэлэгддэгийг энэ дашрамд өгүүлэх нь зүйтэй байх. Магадгүй, түүний энэхүү үйлдэл олон хүнийг бухимдуулсан учир ЖДҮ-д хамааралтай гэдэг утгаар нь үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм билээ хэмээн ойрын эх сурвалж ам алдсан.

Ямартай ч Д.Баярсайханы ажлаасаа чөлөөлөгдсөн нь “намын даргын таалал” төдийгүй, нам дагасан дараагийн ээлжийн хоолонд хүрэх фракцийн хийж буй ажил хэмээж буй. Тийм ч учраас сүүлийн саруудад илт түүний эсрэг дайралтууд хэвлэлээр цацагдаж, түүгээр барахгүй тус байгууллага дээр шинэхэн сайдын шидэлт хэдэнтээ унаж, шалгалт ч бөмбөгдөж эхэлсэн нь мэдээлэлд ойр хүмүүсийн анхаарлаас гадуур өнгөрөөгүй.

Дашрамд дурдахад, мэдээлэлд ойр, өндөр албан тушаалтан бүхэн шахам хамрагдсан Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг өөрийн хамаарал бүхий компаниараа авсан нь хэвлэлийнхэний анхаарлын гадна үлдээгүй Д.Баярсайханы хувьд УИХ-ын гишүүн асан Д.Батзоригийн “бойжуулсан” бүтээгдэхүүн гэдгийг ойрын эх сурвалжууд өгүүлдэг. Энэ утгаараа ч Д.Батзоригийн татаасаар уг албан тушаалд томилогдсон хэмээгддэг.

 Ямартай ч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэг нв яахын аргагүй Д.Баярсайхан юм. Тэрбээр уг зээлийг Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байхдаа хувь эзэмшдэг компаниуд болох “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи капитал”  (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компаниар 2018 онд нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Мэдээж энэ үед Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Д.Батзориг ажиллаж байсан бөгөөд эрхэм найз, өөрийн фракцийн нөхөртөө зээл өгөхөөс татгалзаагүй нь лавтай.

Ч.Содном

+ There are no comments

Add yours