АТГ-ын мөрдөгчийг албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгаж байна

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэг мөрдөгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжин ирсэн А.Мөнхбаяр хэмээх мөрдөгчийг эрх мэдлээ урвуулсан гэж буруутган шалгаж буй аж. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард нэгэн эрүүгийн хэргийг шалгах явцдаа ийм үйлдэл гаргасан бололтой.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр дээрх Цагдаагийн хэлтэст мөрдөгч байхдаа “Даадаа групп” ХХК-ийн захирал Б.Дашцэрэнгээс 500 хайрцаг, 10 444 кг үхрийн чанасан мах хураан авч, “Мах маркет” компанийн агуулахад битүүмжилсэн гэнэ. Гэвч шүүх, прокурорын байгууллагаас битүүмжилсэн хөрөнгийг хэрхэх тухай тогтоол гаргаагүй байхад шалгаж байсан хэргийнхээ хохирогчоор тогтоогдсон Нэмэхжаргалд 2019 оны гуравдугаар сард олгож, түүнд давуу байдал бий болгосон, шинжилгээнд хүргүүлэх нэрээр 15 кг мах авч, холбогдох байгууллагад өгөлгүй хувьдаа завшсан үйлдэлд холбогдсон юм байна.

Уг нь АТГ-ынхан мөрдөгч нараа сонгон шалгаруулж авахдаа өндөр шалгуур тавьж, цагдаагийн байгууллагын шилдэг гэсэн хүмүүсийг сонгосон гэдэг. Гэвч шилдэг мөрдөгч нарын дунд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдож, байгууллагынхаа нэр төрийг хөсөр унагасан ганц нэг хүн авсан нь хачирхалтай.

+ There are no comments

Add yours