Шведийн сургууль ба би

Нэгэн зүйл: 2007 оны намар хүүгээ хөхүүлээд сууж байтал Стокгольмын Их Сургуулийн нэгэн институтаас гэр рүү утасдлаа. “Хичээлдээ ир, 7 хоног тасаллаа. Хэт их тасалбал хичээлээ нөхөхөд хэцүү.” гэв. Би жилийн чөлөө авсан байгаагаа тайлбарлаад, бас тухайн институтэд харъяалалгүй, мөн “Орчуулгын нэр томъёо- хэлзүй” үздэгээ өгүүлтэл, “-Тийм ээ, бид мэднэ. Манай тэнхимийн багш нар чамайг судлаач суурьтай гэж санал нэгтэйгээр, энэ жил шинээр эхлэж байгаа сургалт хөтөлбөр болох тархи-хэл шинжлэлийн анги руу шилжүүлсэн. Чи Хүмүүнлэгийн ухааны тэнхимдээ хамаарагдаж байгаа ч “Хос хэлний институт” (одоогийн Швед хэл ба олон хэлний институт)-д харъяалагдана. Хичээлийн хөтөлбөр, цагийн хуваарь, ашиглах ном нийтлэлийн жагсаалт цахим шуудангаар илгээлээ. Танилцаад, маргааш хичээлдээ ирээрэй! гэж залах, гуйх, шаардах гурвын хосолсон өнгөөр хэлээд яриагаа өндөрлөв. Ингээд, орчуулгын ухаан, хэлзүй, нэр томъёо судалж сурч байсан би гэнэт хамаг төлөвлөгөөгөө нураагаад, хүүхэд асрагч даруй хайн олж маргаашнаас нь эхлээд тархи-хэл шинжлэл гэдэг салбар руу зүтгэж, мөн дурласан даа.
Нэгэн зүйл: 2011 онд Заах аргазүйн Тэнхимээс холбогдоод, ирж уулзаач гэсний дагуу очив. Тухайн үед Шведийн Багшийн Дээд Сургууль Стокгольмын Их Сургуультай нэгдээд удаагүй байсан үе. Уулзалтанд очтол 3-4 нөхөд сууж байв. Өмнө нь миний Монголдоо суралцсан, тухайн үеийн Гадаад Хэлний Дээд Сургуулийн (англи-орос хэлний багш) дипломын дүнгийн хавсралт байгааг би анзаарав.
– Гадаадад багшийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийг Шведийн хөдөлмөрийн зах зээлд яаралтай оруулж, багшлах эрх олгох үүднээс Засгийн Газраас ULV хөтөлбөр явуулж байгаа тул чамайг хамруулах гэж энэ уулзалтанд урьлаа. Мөн “Уппсалагийн Их Сургуулиас удирдан явуулдаг хэлмэрч орчуулагч бэлтгэх багшийн сургалтанд чи 2 жил хамрагдаад, сайн дүүргэснийг чинь бид мэдэж байна” гэв. Тэд ярьсаар, ятгасаар…
– Чи Монголдоо, их сургуульд Монгол хэлээ судалж байсан тул энд Монгол хэлээ эх хэл гээд заах эрхтэй, мөн “мэргэшсэн Англи хэл ба авиа зүйг Швед Англи хэлэнд харьцуулж 1 курс үзсэн чинь хангалттай тул Англи хэл багшлах эрхийг чинь бас олгоё. Хүсвэл чи Орос хэл заах эрх авч болно. Гэхдээ Шведийн боловсролын систем, Швед заах аргын үндсэн онол, аргачлалыг заавал судлах ёстой. 2 улирлын хичээл болно. Ажиллангаа ийм олон курс сургалтанд хамрагдан, сайн үр дүнтэй сурдаг тул чи чадна. Бага дунд сургуулийн багш нар тэтгэвэртээ олноор гарч байгаа тул хөдөлмөрийн зах зээлд хөрвөх боломж чинь илүү… гэх мэтээр ятган итгүүлээд, би тухайн хөтөлбөрт хамрагдахаар болов. Гэтэл гар бариад, бугуй барилаа, тэд.
– Чи хуучин социалист системтэй орноос ирсэн болохоор математикийн суурь мэдлэг сайн байгаа. Тэгээд ч чи 10-р ангиа онц төгссөн байна. Манайд математикийн багш нар маш их дутагдалтай байгаа. Энэ тоо улам цөөрнө. Математикийн заах арга, дадал чадвар гэдэг хөтөлбөрийг бид санал болгож байна. Дахин 1 жил болно, дараа нь дадлагын хагас жил. Ингээд нийтдээ 2 жил хагасын дараа 3 хичээл заах эрхтэй дунд сургуулийн багш болно шүү дээ.
Хүүхдүүдэд маань ч хэрэгтэй, өөрөө ч тоонд дуртай болохоор хүлээн зөвшөөрөөд, шинэ судлагдахуун сонгож, математикийн багш болж билээ.
Нэгэн зүйл: Ийнхүү цаг хугацаа, нөхцөл байдлын онцлогийн ачаар сурч судлан олон салбарт мэргэшээд, Швед улсын боловсролын дараах салбаруудад ажиллаж ирлээ:
Бага дунд сургуульд
Ахлах сургуульд
Их дээд сургуульд
Мэргэжил бэлтгэх насанд хүрэгчдийн сургуульд (хэлмэрч бэлтгэх)
Насан туршийн боловсролын сургалтын төвүүд (Монголчууддаа хэлний сургалт ба бусад төрлийн дугуйлан)
Нэгэн зүйл: Би хөдөө сургууль төгссөн. 8 жилийн сургуулийг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд, 10 жилийг Тариалан суманд төгссөн. Скандиновын хойгийн нэгэн улсын ИХ сургуульд, оюутнуудад хичээл зааж байхдаа би энэ 2 сургууль болон ГХДС-аа үргэлж дурсан бахддаг. Алс бөглүү сумын сургуульд суралцсан нэгэн хөдөөх Монгол дэлхийн боловсролын зах зээлд хөрвөх чадвартай байгаа нь миний сайных биш харин эх орны минь тухайн үеийн боловсролын бодлогын сайных. Монгол онцлог, эх хэл сэтгэлгээтэй тул эндэхийн эрдэмтэн багш нарын сонирхолыг татсан.
Нэгэн зүйл: Өөрийн минь өвөг эцэг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 13 харуулын нутаг нугаар дөрвөн улирлын нүүр үзэн, нүүдэлчин ёсоороо амьдрахдаа гэрийн сургуульд түмний хүүхэд бичиг үсэгт сургаж байсан, 5 хэлийн номтой энгийн нэгэн Яринпил хэмээх хүн бөлгөө.
“Агаагийнхаа сургасан ном, хэлний /Орос/ ачаар хоёр засагт зүтгэв ээ.” Дархан хотын Цагдаагийн газрын анхны дарга асан хурандаа Дашдоржийн дурсамжаас.
Нэгэн зүйл: Эрдэнэбулган суманд 1940 оны намар ардын сургууль шав татаж, тухайн үед амьдарч байсан Даничуудын “Эгийн цэцэрлэг”ийн туурин дээр өргөөгөө босгон өрхөө татахад миний аав ээж 2 шавьлан анхны сурагчид болон ардын сургуулийн босго алхсан. Эрдэм номын амтанд эхэлж аав ээж минь оруулсан.
Нэгэн зүйл: Аймгийн боловсролын хэлтсийн тушаалаар сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын газар буюу цэцэрлэг байгуулах үүрэг авч биелүүлсэн хүн бол миний аав Яринпилийн Бадамсэд. Миний аав сумын цэцэрлэгийн анхны дарга.
Нэгэн зүйл: Шилжин одож, алсын нутагт 20 жил амьдран суугаа ч эх орныхоо иргэншлээс татгалзахгүй, татгалзаагүй бас татгалзах ч үгүй, нэгэн би. 17 жилд нь хүний газар, гүний нутагт эрдэм сурч, ном онол хайж, энэ Стокгольмын их сургуулийн босгыг элээхдээ “амьдралын ухааны ундаргыг зүйр цэцэн үгэндээ охь болгосон эх хэл минь бас Монгол сэтгэлгээ л дэлхийн олон тэрбум хүн дунд хөрвөх хамгийн найдвартай виз” болохыг ухаарсан.
Дээрх зүйлийг үндэслэн, Монголд хэлэлцүүлэг хэлцэлийн халуун сэдэв болж буй боловсролын өөрчлөлт болон нөхцлийн тухайд санаа бодлоо хуваалцахаар шийдэв. Би Кембрижийн сургалтын хөтөлбөрийг сайшаадаг, гэхдээ боловсролын системийн шинэчлэлтэй хамааран, манай улсад хэрэгжүүлэх гээд байгаа дэлхийд алдартай энэ хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа. 7 өдөр дараалан 7 үндэслэл онол хуваалцан, өөрийн үзэл бодлоо бичих болно.
Ulzii Fredriksson

+ There are no comments

Add yours