Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл, сургалтын үйл ажиллагааг тусгай горимоор зохион байгуулахаар болсон. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагчдын дунд эргэлзээтэй олон асуулт гарч байгаа юм.

Тухайлбал, энэ долоо хоногт цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоож, 3-5 настай хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэх товтой байв. Гэвч бүртгэх журам гараагүй гэх шалтгаанаар ихэнх цэцэрлэг бүртгэл хийхгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлээд байна.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Бүх шатны сургалтын байгууллагад бүлэг дүүргэлтийг 20-оос дээш байж болохгүй тухай шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангахаар цэцэрлэгүүд анги танхимуудаа шинээр зохион байгуулж, өмнөх бүлгүүдээ хувааж байна. Хүрэлцээ, зай талбайн хэмжээнээс шалтгаалж, нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн 3-4 настай хүүхдүүдээ бүрэн хамруулах боломж дутмаг байгаа тул энэ жил нэмэлт элсэлт авахгүй байгаа” гэв.

Хэдийгээр 2020-2021 оны хичээлийн жилд таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 100 хувь суралцуулахаар тогтоод буй ч бодит байдал дээр шийдвэрлэхэд хүнд болоод байгаа аж. Учир нь зарим хороонд цэцэрлэгийн хүрэлцээ тааруу, ойролцоо нь цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж болох барилга байхгүй тул энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа юм.

Мөн эцэг, эхчүүдийн дунд таван настнуудыг цэцэрлэгт заавал хамруулахын тулд ойролцоох хувийн цэцэрлэгүүдэд үнэгүй сургах шийдвэр гарчээ гэх мэдээлэл ч байна. Гэхдээ энэ нь ташаа бөгөөд хувийн хэвшлийн цэцэрлэгт хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах тухай огт яригдаагүйг нийслэлийн Боловсролын газраас мөн мэдээлэв.

Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн цэцэрлэгийн ажиллах цагийг богиносгох талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас үүрэг чиглэл өгөөгүй бөгөөд БШУ-ын сайдын А/17 тушаалд сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд өдрийн дэглэм, хүүхэд хүлээн авах ба тарах цагаа өөрсдөө уян хатан зохицуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, ажиллах цагаа хэрхэн зохион байгуулах нь тухайн цэцэрлэгийн асуудал юм.

Түүнчлэн энэ хичээлийн жилд эцэг эх, асран хамгаалагчид болзошгүй эрсдлээс сэргийлж, хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүйгээр шийдвэл цэцэрлэгийн удирдлагад хүсэлт гаргаж, теле хичээлээр хүүхдээ сурган хүмүүжүүлэх боломжтой аж. Ингэснээр цэцэрлэгт суралцагчдын нэрсээс тухайн хүүхдийн нэрийг хасахгүй тул ирэх хичээлийн жилд цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах боломжтой юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.