Хар гартнуудын “эрлэг”

Монголд хулгайн гэмт хэргийг 1937 онд анх бүртгэсэн түүхтэй. Тухайн үед Гандантэгчэнлин хийдийн өвгөн лам үе дамжсан үнэт хөөргөө өврөөсөө алдан, сэргийлэгч нар эрж хайсаар Ховд аймгаас сургийг нь гаргасан гэдэг.

Гэхдээ тэр үед дээлийн өврөөс хөөрөг, гутлын түрүүнээс гаанс, хэт хутга “дэлсэх” нь өдрийн од шиг цөөн байж. Харин 1950 оноос хойш өвөр, түрүүний хулгай өсөх хандлагатай болж, халаас хөнгөлөх хэрэг гэх нэршилтэй болжээ.

Энэ нь Европын соёл Монголд дэлгэрэн залуус, сэхээтнүүд хүрэм, хослолоор гангарч, хүүхнүүд дээл бус, даашинз өмсөж, цүнх тор барьдаг болсонтой холбоотой.

Бас хот суурин газар хөгжиж, Өндөр хоршоо, Төв цэнгэлдэх, Шар дэлгүүр, Яармагийн худалдаа зэрэг барилгыг олноор сүндэрлүүлж, шугамын автобус явдаг болсон нь хулгайн хэрэг өссөн бас нэг шалтгаан юм.

Халаас хөнгөлөх хэргийн тухай “Улаанбаатарт байгаа миний аав”, “Сэтгэлийн дуудлагаар” зэрэг кинонд тодорхой харуулсан байдаг. 1970-аад оноос халаас хөнгөлөх хэргийг халаасны хулгай гэж нэрлэх болов.

1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээр халаасны хулгай гаарсан байна. Тэр үед хар гартнуудын “эрлэг” байсан Л.Лхагватай уулзлаа. Түүнтэй өдрийн хугас ярилцаж, зартай хулгайч нарын тухай сонирхолтой түүх олныг сонслоо.

Л.Лхагва нийслэлийн 52 дугаар сургуулийн анхны төгсөгч. 1973 онд дунд сургуулиа төгсөөд цэргийн албанд мордож, гурван жилийн дараа халагдсан. 1979 оноос сонирхлынхоо дагуу хуулийн байгууллагад ажиллаж эхэлжээ.

1987-1991 онд Цагдаагийн дээд сургуулийн эчнээ ангид сурч, төгссөн. Тэрбээр НАХЯ (Нийгмийг аюулаас хамгаалах яам)-ны III , IX хэлтэст ажиллаж байжээ.

Л.Лхагва НАХЯ-ны I орлогч сайд, Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Цийрэгзэнгийн туслахаар ажиллаж байв.

Гэтэл нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Жамьяансэнгээ багш нь түүнийг мэргэжлээрээ ажилла хэмээн “лүндэн” буулгасан гэнэ.

Л.Лхагва багшийнхаа зөвлөснөөр 1990 онд хотын Цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгчөөр ажилд орсон нь хулгайч нартай насаараа “хөөцөлдөх” эхлэл нь байжээ.

Өөрөөр хэлбэл, энэ үеэс тэрбээр урт гартнуудыг “уйлуулж” эхэлсэн юм. Ингээд түүний илрүүлсэн хэргүүдийн заримаас сонирхуулъя.

Өдгөө монголчууд гадаад руу явж хулгай хийх нь эрс нэмэгдсэн. 1990-2000 онд ч БНХАУ-ын Бээжин, Эрээн, Гуанжоу хот, Хонконг, Турк, Орос, Чех зэрэг оронд хар гартнууд “ажиллаж, амьдарч” байв.

1990 оны намар ЦЕГ-ын тусгай удирдамжийн дагуу “Гадаад” арга хэмжээ хэрэгжүүлэх хүрээнд цагдаагийн алба хаагч нар хойд хөршийн Москва, Новосибирск, Иркутскт ажиллажээ.

Хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Амарболд ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь төлөөлөгч Л.Лхагва, хотын Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа И.Гүнсэн, ахлах байцаагч, ахмад Э.Баярсайхан, ЭЦГ-ын тасгийн дарга, цагдаагийн хошууч Дэмчигсүрэн, ЦЕГ-ын тусгай тасгийн ажилтан, цагдаагийн дэслэгч Батсайхан нар багтаж, есдүгээр сарын 21-нд Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд суув.

Энэхүү тусгай ажиллагааны зорилго нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд, мөрдөн байцаалтаас оргож, Оросын хотуудад нуугдан амьдарч буй этгээдүүдийг баривчлах.

Бас дээрх хотуудад гэмт хэргийн бүлэг байгуулан, оросууд болон нутаг нэгтнүүдээ дээрэмдэж, эд зүйлийг нь хулгайлан улсынхаа нэрийг сэвтүүлдэг зарим этгээдийг нутагт нь буцаах юм.

Хэд хоногийн аялал шувтарч, галт тэрэг 22.00 цагт Москвагийн Ярославын вокзалд зогсов. Хурандаа Ч.Амарболд Л.Лхагвааг ганцааранг нь үлдээж, хэсэг хугацааны дараа галт тэрэгний эсрэг талын хаалгаар бууж, хар өнгийн “Газ-24”-т суугаад яваарай гэж тушаагаад гарчээ.

Л.Лхагва даргынхаа хэлснээр нөгөөх машинд нь сууж явсаар Оросын Дотоод хэргийн академийн гадна ирлээ. Тэрбээр тус академиас гадагш гаралгүй хэд хонов. Монголын цагдаагийнхан тусгай ажиллагаа зохион байгуулахаар Москвад ирснийг манай хулгайч нар мэдсэн учраас хар гартнуудын “эрлэг” гэгддэг түүнийг ийнхүү нуужээ.

Галт тэрэгнээс буусан цагдаагийнхны дунд өнөөх “эрлэг” нь үгүй байсан тул хулгайч нар тайвширч хэд хоногийн дараа “ажилдаа” орсон гэдэг. Л.Лхагва ч ажилдаа оржээ.

Ингэхдээ тэрбээр Москва дахь Монголын төлөөлөгчийн газрын наймдугаар давхраас тусгай ажиллагаа явуулсан байна. Тус газрын эсрэг талд Америкийн Элчин сайдын яам байрладаг аж.

Уг хоёр барилгын дунд иргэд амарч, зугаалах цэцэрлэг бий. Мөн хүмүүс тэнд цугларч ам.доллар арилждаг, бяцхан зах байдаг.

Л.Лхагва төлөөлөгчийн газрын наймдугаар давхраас дурандаж, эрэн сурвалжлагдаж буй сэжигтнүүдийг бужигнасан олны дундаас төвөггүй таньж бусдадаа хэлсэн гэдэг. Энэ өдөр 10 хүн баривчилжээ.

Дараа өдөр нь Л.Лхагва Москвагийн Цагдаагийн 16 дугаар хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран тус хотын Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан үзэсгэлэн, худалдааны эргэн тойронд ажиллаж, 13 хүнийг саатуулав.

Мэдээлэл авсан хулгайч нар бужигнаж, эрэн сурвалжилж байсан зартай нөхөр “нуувчид” орчихов.

Москвад гүйцэтгэх үүрэг үндсэндээ шувтарч, нутаг буцахын урд орой ажлаа дүгнэж, эрэн сурвалжилж буй оргодол, сэжигтэн нарын жагсаалтыг шүүж суусан хурандаа Ч.Амарболд, ахмад Э.Баярсайхан нар Л.Лхагвааг тавласан маягтайгаар “Чиний нөгөө мундаг хүн таньж, хулгайч барьдаг чинь хаана байна. Халаасны ганц хулгайч барьж чадахгүй хэдэн өдөр боллоо.

У-гаа барьж чадалгүй буцлаа даа” гэжээ. Харин Л.Лхагва “Болох байлгүй дээ. Москвагаас олддоггүй юм бол Ленинградаас шөнөдөө бариад ирнэ” хэмээж хоолоо идэн ажиггүй суусан гэдэг.

Нөгөө хэд нь гайхасхийн чимээгүй болж, унтахаар хэвтэцгээжээ. Харин Л.Лхагва байрандаа ирэхээс өмнө хуучин Арбатын гудамжаар явж, халаасны хулгайч байсан Мөрөнтэй тааралдан, элдэв ярианыхаа хажуугаар У ч өдийд үхээ биз дээ” хэмээхэд цаадах нь “Манай Цэнгэлийнд байгаа, өдөр надаас киноны хэдэн кассет аваад явсан” хэмээн ам алджээ.

У бол халаасны зартай хулгайч. Монголд хэд хэдэн гэмт хэрэг үйлдээд зугтсан сэжигтэн. Бүтэн нэр нь Уртнасангийн Ганболд гэгч. Цэнгэл нь Мөрөнгийн төрсөн дүү. Улмаар төлөөлөгч “Цэнгэл маань сайн уу, хаана байгаа вэ” хэмээн санаа тавих маягтай асуугаад цааш явжээ.

Цэнгэлийн хаягийг мэдэж авсан Л.Лхагва сэрүүлгээ 05.00 цагт тааруулаад унтав. Өглөө бусдыгаа унтаж байхад нь бүх гар станцыг нь асааж орхиод У-гийн эрэлд гарлаа.

Цэнгэл АНУ-ын ЭСЯ-ны хашаатай залгаа дөрвөн давхар, арктай, шар байранд хажуу өрөө хөлслөн амьдардаг аж. Цэнгэлийн байгаа айлын хаалгыг тогшиж, хонхыг нь хэдэнтээ даржээ. Хэсэг хугацааны дараа Цэнгэл хаалга онгойлгож, нэг орос авгай нохойгоо хөтлөн зөрж гарчээ.

Цэнгэлээс У-гийн байгаа газрыг асуухад “Өчигдөр Ленинград явсан” гэв. Хариултад итгээгүй төлөөлөгч “Чи хаана унтдаг вэ” гэхэд Цэнгэл буйдан руу заав. Харин шалан дээр хураагаагүй гудас, хөнжил байх.

Төлөөлөгчийн нүд түүн дээр тусахыг ажигласан хамсаатан нь “Зүгээр, хүн ирвэл унтуулдаг юм” гэж мэлзэв. Төлөөлөгч хөнжил рүү гараа шургуулахад бүлээхэн байжээ. Ганц том цэлийсэн өрөөнд зурагт, буйдан, хэдэн чемоданаас өөр эд зүйл байсангүй.

Гэхдээ Л.Лхагва сэжигтэн тэнд байсныг баттай мэдэж байлаа. Тиймээс “Алив, ганц кино үзээдэхье” хэмээн “Цагдаагийн академи”-г эхлүүлээд нэг цаг орчим болоход хонх дуугарч нохойтойгоо гарсан авгай ирэв.

Тэгтэл Цэнгэл сандарч, хавчигнан хоол цай, архи бэлтгэж эхэлжээ. Харин хашир төлөөлөгч Цэнгэлийг суусан газартаа хөдөлгөөнгүй байхыг анхааруулж, өөрөө ч чимээ чагнан нам болов. Удалгүй хаалга тогшлоо.

Гэхдээ хонх дарахгүй, нэгэн давтамжтайгаар тогших аж. Цэнгэлд хаалгаа онгойлгох дохио өгч, өөрөө нуугдан зогстол У “Өнөө хог чинь явсан уу” гэсээр орж иржээ. Л.Лхагва харин “Үгүй шүү, хоёулаа явна” хэмээсэн гэдэг.

У хонгил дахь ханын шүүгээн дэх нууц хаалгаар дамжин зугтжээ. Хаант засгийн үеийн нууц хаалга гэгчийг тэр үед анх харсан байна. Орос авгай гэртээ ирэхэд У буцаж орох байж. У.Ганболдыг аваад гарахдаа станцаа асааж, унтаж байгаа хэдийгээ дуудахад 06.30 цаг болж байв.

Монголын төлөөлөгчийн газрын найман давхрын цонхоор нөхөд нь түүн рүү даллан баяр хүргэн угтжээ. Үлдсэн ганц сэжигтнээ ийнхүү баривчилж, дарга нарын “хэл ам”-наас салсан түүхийг ийн өндөрлүүлье.

1990 оноос өмнө зартай хулгайч олон байсан гэх. Гол нь тэдэнд “шавь” байдаггүй. Өөрөө л хулгайч чигээрээ дуусдаг. Ар гэрийнхэн, найз нөхөд нь мэддэггүй. Тэд ахмад хүний эд зүйл хулгайлдаггүй байсан гэх.

Нэг хэсэг нь монголчуудаасаа “дэлсэхгүй”, “Аяны шувууд”, “Ченж”, “Хэрзгэр”, “Шар толгойт”-ууд буюу гадаадын жуулчдыг дээрэмдэнэ хэмээдэг. Харин 1990 оноос хойших хулгайч нар үе удмаараа “урт гартнууд” болжээ.

Жишээ нь, Уламбаяр 68 настай насаараа хулгай хийсэн этгээд. Түүний хүү Анхбаяр есөн настайгаасаа хулгай хийдэг болжээ. Түүнчлэн “Ховдын хар” хочит Амар гэгч хулгайч байжээ. Тэрбээр хотод шилжин ирж, гэр бүл зохиов.

Түүний хүү “Чангын гай” хочит А.Батмөнх орон байрны зартай хулгайч болов. Мөн Амарын охин А.Энхцэцэг, А.Буянцэцэг, А.Буянцэцэгийн охин Б.Уянга нар мөн л хулгай хийж, цагдаагийн байгууллагад хэдэн үеэрээ бүртгэгджээ.

Тэр ч бүү хэл, үе дамжсан хулгайч нар бөөнөөрөө баригдан хэн нь хэнийгээ батлан даах гээд байгаа нь үл ойлгогдох байдал үүссэн тохиолдол ч бий аж.

Зарим нь хулгай хийхгүй бол бүтэн нойртой хонож чадахгүй болтлоо донтсон байдаг гэх. Тухайлбал, 1998 онд “урт гартай” нэг нөхөр Мэргэжилтний-20 дугаар дэргүүрийн ойролцоо автобуснаас буусан эмэгтэйн цүнхийг “дэлссэн” аж.

Гэртээ ирээд өнөөхөө нээтэл шинжилгээнд авч явсан шилтэй өтгөн, шингэн байсан гэдэг. Үүний нэгэн адил донтсон хулгайч өнөө цагт олширсон. Тэд хөгшин, залуу, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг өрөвдөж, энэрэхгүй таарсан болгоноосоо суйлдаг болсон гэнэ.

Алдарт “Смоки” хамтлагийн дуучин К.Норман Монголд ирж, Буян-Ухаад газардаад, гаалийн бүсээс гарч амжаагүй байхад л хулгайч нар түүн дээр “ажиллав”. Улмаар “Онгорхой Оогий” хочит Ч.Отгонжаргалын бүлэг таксинд суух үед ажиглалт хийж явсан Л.Лхагва тэднийг саатуулжээ.

Улмаар К.Норманыг Буянт-Ухаагаас гарч ирэхэд нь Л.Лхагва тосож, 4000 ам.доллар 16 000 төгрөг бүхий хэтэвчийг нь өгөхөд эд зүйлээ алдсан дуучин шоконд орсон гэдэг. Л.Лхагва энэ мэт ноцтой хэрэг олныг илрүүлжээ.

Тухайлбал, 1996 онд ОХУ-ын Эрхүү хотод Монгол Улсын иргэн С.Жанчивдоржийг хөнөөсөн хэргийг Налайх дүүргийн харьяат Ж.Энхсайхан үйлдсэнийг хилийн чанадаас илрүүлсэн юм.

Мөн 2008 онд АСА циркт зохиосон “Монгол башё” тоглолтын үеэр Японы сүмоч Озаки Чёо Таки цүнхтэй 3800 ам.доллар, бичиг баримт, эд зүйл болон Бээжингийн олимпын үеэр манай улсын иргэн Н их хэмжээний мөнгөө хулгайд алдсан хэргийг “Гахайн толгой” хочит Д.Гантөмөр үйлдсэнийг ч илрүүлсэн.

Үүнээс гадна Монголд урилгаар ирсэн, өндөр хамгаалалт бүхий гадаадын төлөөлөгчид ч эд зүйлээ алдаж байв.

Жишээ нь, ЦЕГ-ын даргын урилгаар 2006 онд ирсэн БНХАУ-ын Хөх хотын Цагдаагийн газрын зочид, төлөөлөгчид вокзал дээр буунгуутаа 1400 ам.доллар, 18 000 гаруй юань, бичиг баримтаа алдсан хэргийг Л.Лхагва дор нь илрүүлсэн аж.

2010 онд бас ЦЕГ-ын даргын урилгаар ирсэн ОХУ-ын Дотоод яамны боловсон хүчний газрын олон улсын харилцааны хэлтсийн дарга, хурандаа А.А.Никулин Улсын их дэлгүүрт явж байхдаа “Коника” маркийн зургийн аппаратаа эд зүйлсийн хамт алдсан хэргийг “Долдой” хочит Г.Ууганбаатар үйлдсэнийг Л.Лхагва илрүүлж байж.

Тиймээс хулгайчид битгий хэл гэмт хэргийн ертөнцийнхөн Л.Лхагваг андахгүй. Учир нь эрүүгийн ертөнцийнхний “нэгдүгээр дамжаа” нь хулгай хийх гэдэг. Л.Лхагвааг цагдаагийн төлөөлөгчөөр ажиллаад хэдэн жил болсны дараа Цагаан сараар тэднийхээр танихгүй хүмүүс өдөржин цувах болжээ.

Эхнэр нь гайхаж, нөхрөөсөө учрыг асуухад “Надад баригдаад шоронд орсон хүмүүс байна” гэжээ. Энэ нь дараах шалтгаантай. Дорнодоос ирсэн Ихбаяр гэх залуу Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээр явж, орон байрын хулгай хийж, 12 удаагийн үйлдлээр бусдад 16 сая төгрөгийн хохирол учруулсан аж.

Л.Лхагва хэргийн газрын үзлэг, таниулга хийхээр Ихбаярыг дагуулан явав. Нас залуу хэрэгтнийг өрөвдөн, буцах замдаа аав, ээжтэй нь уулзуулан, гэрт нь хоол идүүлжээ. Тэр үед Ихбаяр асгартал уйлж, “Тан шиг сайхан хүнтэй таарч байсангүй, би заавал засарна” хэмээн ам тангараг өгсөн гэдэг.

Улмаар хоригдох хугацаандаа ерөнхий боловсролын сургууль болон ТМС төгсжээ. Суллагдаад их сургуульд элссэн байна. Ингээд ажил хөдөлмөр эрхэлж, гэрлэснийхээ дараа Цагаан сараар эхнэр, хүүхдээ дагуулан, ач санаж ирсэн нь тэр байжээ.

Нэг удаа Л.Лхагва орой болтол харилгүй ажлынхаа өрөөнд сууж байтал цагдаад бүртгэлтэй Ч.Ганхүү гэгч түүнийг сурагласаар иржээ.

Тэрбээр “Бөмбөгөр”-т явж байгаад хэт хутга, цахиур суйлсан аж. Ч.Ганхүү дахин хоригдохоос айсан уу, настай хүний юм авсандаа гэмшсэн үү, засаръя гэж бодсон уу, ямартай ч Л.Лхагвад үнэнээ хэлж, эзнийг нь олж өгөхийг хүссэн байна.

Л.Лхагва түүнийг явуулжээ. Маргааш нь Төв аймгаас ирсэн гэх нэг өвгөн үе дамжсан үнэтэй хөрөнгөө алдлаа хэмээн цагдаад өргөдөл гаргав. Улмаар Л.Лхагвагийн өрөөнд иржээ.

Л.Лхагва алдсан зүйлийг нь тэмдэглэж аваад “Энэ таны зүйл мөн үү” хэмээн өмнөө байгаа хэт хутга руу заахад өвгөн ухасхийж “Мөн” хэмээн уулга алдаж, жигтэйхэн баярлажээ. Энэ мэтээр олон залууст итгэл үзүүлж, сайн хандсан гэдэг.

Тэдний дундаас зохиолч, IT инженер, барилгачин, нийгмийн ажилтан, нэртэй бизнесмен болсон нь цөөнгүй. Тиймээс Цагаан сараар ийнхүү золгодог гэнэ. Түүний үед интернэт хөгжөөгүй, тусгай багаж хэрэгсэл ховор байсан тул төлөөлөгчид хэргийг ур чадвар, хурц хараа, ухаанаараа илрүүлдэг байж.

Тэдний нэг нь урт гартнуудын “эрлэг” Л.Лхагва юм. Цагдаагийн байгууллагын удирдлага чадвартай, мэдлэгтэй боловсон хүчнээ дэвшүүлэн ажиллуулахыг хүсэвч, цадигаа алдсан урт гартнуудаас болоод түүнийг хулгайтай тэмцэх албанаас нь хөндийрүүлдэггүй байсан гэдэг.

Л.Лхагва ч цагдаад ажилласан жилүүддээ гэртээ ховорхон үзэгддэг, өдөр шөнөгүй, хулгайч нартай хөөцөлдөж, үнэнчээр ажиллажээ.

Цагдаагийн байгууллагад нэг хэлтэстээ 30 гаруй жил “мөнхөрсөн” Л.Лхагва дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарчээ.

Unuudur.mn

+ There are no comments

Add yours