Баяжуулах үйлдвэр энэ онд “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриан дор олон нийтийн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар тус цехийн Хүний нөөцийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамираас тодрууллаа.

-Олон нийтийн үйл ажиллагааг “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриан дор зохион байгуулах болсон шалтгаан юу байв?

-Баяжуулах үйлдвэрийн ажилчид сүүлийн жилүүдэд эрс шинэчлэгдсэн. Одоо манай ажиллагчдын 60 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна.  Ер нь ажилтны тогтвор суурьшилтай, ажилдаа зөв хандлагатай, бүтээмжтэй ажиллах гол үндэс нь гэр бүлийн аз жаргал юм. Бид 2020 онд “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” гэсэн уриатайгаар олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.

-Сүүлийн үед ажилчдын дунд ямар үйл ажиллагаа явуулав?    

-Гэр бүлийн өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цогц үйл ажиллагаа явуулсан. Энэ үйл ажиллагаа үргэлжилж байна. Манай үйлдвэрийн “Зүрх, тархи” болсон Нунтаглан баяжуулах хэсгийн таван  технологич маань 35 хүртэлх насны залуус байдаг. Хэсгийн удирдлага нь ч залуу хүн. Энэ хүмүүсийг судлахад гэр бүл нь багш, нягтлан, эдийн засагч, хуульч зэрэг мэргэжлийн хүмүүс байдаг. Бид Залуучуудын холбоотойгоо хамтран залуу ажилчдын гэр бүлийг Эрдэнэт үйлдвэртэй танилцуулах аялал хийлгэдэг. Эдгээр хүмүүсийн хувьд энэ ажил орхигдсон байсан. Эд маань шөнө орой дуудагдан ажилладаг, ажлаасаа цагтаа бууж  үзээгүй, хоногийн 24 цагт сэтгэл зүрхээрээ ажлаасаа уяатай байдаг хүмүүс. Тэдний ар гэрийг үйлдвэртэй танилцууллаа. Нөхрөөр нь Баяжуулах үйлдвэрийн даргын урилга, цэцгийн баглаатай,  хүүхдүүдэд нь Баяжуулах үйлдвэрийн лого бүхий  амтат бялуу хүргүүлсэн юм. Баяжуулах үйлдвэрийн дарга хүлээн авч, цехийн үйл ажиллагааны онцлог, түүхэн замналаас ярьж танилцуулж,  оройн зоог  барьсан. Энэ уулзалтад   Төлөвлөлт шинжилгээний албаны дарга, яруу найрагч Н.Болормаа, НБХ-ээс ажлын гараагаа эхэлж, 37 жил ажиллаж буй БТХ-ийн дарга Л.Баяраа нар оролцож, ажил амьдралын халуун дулаан  яриа өрнүүлсэн.  Технологичдын гэр бүлийнхэн өндөр сэтгэгдэлтэй байсан.  Энэ үйл ажиллагааг  бид цуврал хэлбэрээр  явуулна.  Мөн Монгол Түвдийн бясалгалын төвтэй хамтран хэсгийн дарга нараа эрдэмтэн, бясалгагчдын лекцэд хамрууллаа.

-Танай цех Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зарласан. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Баяжуулах үйлдвэрийн даргын тушаал гарч  5-р сарын 15-наас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зургаан сарын  аян зарласан. Залуу ажилтнуудад Хууль эрх зүйн мэдлэг олгох, төлөвшүүлэх, амьдралын зөв дадал  эзэмшүүлэх зорилготой юм. Цех хариуцсан эмч Ц.Батаатай хамтран архи хэтрүүлэн хэрэглэдэг ажилчдын судалгаа гаргасан. Эдгээр ажилчидтай ганцаарчлан уулзаж, зөвлөгөө өгч байна. Мөн Хуулийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтсийн мэргэжилтнүүдээр хууль эрх зүйн сургалт явуулж, ээлжийн мастерууд ажлын даалгавар өгөх, ажил тарах үед архи дарс, хулгайн гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байх талаар яриа таниулга хийж байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.