Усан оргилуураа тэврээд ханиалгаад хэвтчихнэ дээ…

Ер нь би хамраа ухаж байгаа, усанд хахаж байгаа гээд халтар хэдэн зурагтай болж авна аа. Тэгээд энэ эрх мэдэлтнүүдийг шүүмжлэх үедээ шургуулчихаж байя. Тэгэхгүй бол дээдсийн троллууд тонтойж орж ирээд л доодос намайгаа намнаад байх юм. Тэд чинь юм уншина гэж гонжийн жоо, зураг хараад л зууралдаж орж ирээд копидсон үгсээ машиндаад сахичихна шүү дээ. За тэгэхээр хотынхоо төвд усан оргилууртай болно, болохгүй гээд бор шувууд үргэж хуйлартал, босон суун маргасаар л байна уу.
Хотын дарга гүрийгээстэй, хотын иргэд талцаастай. Үнэхээр ажиллуулж, арчилж чадвал нийслэлдээ усан оргилууртай байх гоё, таалагдаж байна. Тэр нь хөгжимт усан бүжигтэй байвал бүр сайхан. 20 жилийн дараа өнөөдрийн маргаант усан оргилуур ч бас бидний бүтээсэн түүхийн нэг хэсэг болон хэвийн ажиллаж байвал за бүүр тасарлаа л гэсэн үг. Уулнаас авчирч суулгасан 216 сая төгрөгийн өртөг бүхий 570 нарс, 12 саяын гэрэлтүүлэг, 580 саяын АСЕМ хөшөөг хэрхэн үнэгүйдүүлэхгүй байх ухаанаа Амарсайхан бизнесийн хүний ухаанаар ухаж олсон байх гэж найдаж байна. Тэгж яривал Амарсайхан чинь манай төрийн гурвын нэгд харъяалагддаг UB гээч компани энэ талбайг хувьчилж авчихаад хэдэн жил дараалан арав орчим тэрбумын зээлийн барьцаанд тавьчихаад эргэлдүүлж, элээж байхад нь хотод буцаагаад аваад ирсэн гэдгийг саная. Олоод ирсэн талбайгаа олны хүртээл болгож тохижуулах гээд торойтол зүтгээ л биз. Зүгээр л…цаг үе гэж давагдашгүй хүчин зүйлийг тэр хүн тооцоолоогүй нь миний гайхлыг төрүүлээд байгаа юм. Дэлхий нийтээр бүсээ чангалж, бүлээ тоолж эхэллээ. Бүх мөнгө санхүү, мөч хором бүрийг хүний амь аврахад зориулж байна. Харин бид усан оргилуурт 3,2 тэрбумыг үрэх нь. Тэр тусмаа улсын нийгмийн даатгалын санд 1.0 тэрбум төгрөг үлдчихээд, нөхөөс байхгүй нөмгөдөж л суухад шүү. Уушгины аппарат, хүчилтөрөгч энэ тэрд мөнгө хэрэгтэй болох амь өрссөн үе ирнэ.
Тэгэхээр ингэх юм байна л даа. Монголд Covid-19 жинхэнэ утгаараа гарвал Амарсайхан нөгөө усан оргилуураа спиртээр цацруулаад л, бид гүйж очиж гар хөлөө ариутгана…за эсвэл уушгины аппарат хүрэлцэхгүй үхэлдээд ирэхийн цагт усан оргилуураа тэврээд л аахилаад хэвтчихнэ…манай Амарсайхан чухам мартаар магтуулсан нөгөө мангар гоё хөмсгөө атируулаад л, 3.2 тэрбумын үнэтэй хөгжимт усан оргилуураа эм болгож ууна, агаар болгож амьсгална, амны хаалт болгож зүүнэ, ариутгагч болгож ариулна, эмнэлэг болгоод бараадаж хэвтэнэ…ор болгож хүмүүст үйлчилнэ…бүгдээрээ суралцах л болж дээ. Covid-19 вирусын үед усан оргилуураар хэрхэн эм, эмнэлэг, ор хүрэлцэхгүй байгаа ард түмнийг эмчлэх ухаанд өнөөдрөөс эхлэн өөдрөг суралцах хэрэгтэй. Аа тийм, бас эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг усан оргилуураар төлнө…ингэхэд бидний ч бас бэлчээр дутаад, Амарсайханы 3.2 тэрбумд тээглэж ойчоод байна, ЭМ-ийн салбарт эрсдлийн хөрөнгө оруулалт болгож буй 500 тэрбумаас уушгиа хамгаалах уут сав нэхээд барьцаа лавхан бариад барилдаад давчихмаар байгаа юм. Цаг хугацааны мэдрэмж бол удирдагч, бизнесмэн хүний амин сүнс, арга ухаан. Энэ мэдрэмж л эрхэм хотын даргад дутлаа. Түүнээс биш хотоо сайхан болгоё, дэлхийн хотуудаас дутахгүй усан оргилууртай болгоё гэдэг чинь санадаг л санаа. Харин нөгөө түүх дурсгалын юмсаа оргилуураа бараадуулаад, оновчтой газар түүх болгон үлдээхээ мэдээрэй дээ. Ханиалгаж үхэх гээд байвал хажууд нь очоод хэвтчихээ би мэдье! Covid-19өөр хаа хамаагүй үхэж байхаар 3,2 тэрбумын үнэтэй цэцэрлэгт үхэх чинь гоё шдээ…хойч үеийнхэн цар тахлаар өвдөөд үхэх гэж байхдаа ч өвөг дээдэс минь ийм сайхан оргилуурыг бидэнд үлдээсэн гэж мэгээл…аая, лаг уу? Тэгэнгүүт нэг надархуу нөхөр аминаас ч үнэтэй усан оргилуур гэж шүлэг бичиж эмороод л…Нээрэн, ханиад мууг ялсныхаа дараа яадаг ч байсан усан оргилуурынхаа дэргэд болзоцгооно шүү.

1 Comment

Add yours

+ Leave a Comment